Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад үүссэн нөхцөл байдалд Засгийн газраа буруутгав. Алматы хот болон Мангистау мужид онц байдал зарласны дараа байдал аажмаар намжжээ. Автомашины хий, бензин, дизелийн түлшний үнийн 180 хоногийн түр зохицуулалт хийх үүргийг тэрбээр өгсөн байна.
Байдлыг тогтворжуулахын тулд Казахстаны Засгийн газрыг огцруулах зарлигт тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зурж, Сайд нарын танхимын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Алихан Смаиловыг томилов. Шинэ танхимыг батлах хүртэл Засгийн газрын гишүүдэд бүрэн эрхээ үргэлжлүүлэхийг даалгажээ. 2019 оны хоёрдугаар сарын 25-наас хойш Казахстаны Засгийн газрыг Аскар Мамин тэргүүлж байв.
Үүний сацуу Казахстаны Ерөнхийлөгч өөрийн туслах Ерлан Кариныг Төрийн нарийн бичгийн даргаар томилж, уг албан тушаалыг 2019 оны есдүгээр сараас хойш хашсан Крымбек Кушербаевыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тус улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн нарийн бичгийн дарга нь дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийн талаар санал боловсруулж, Ерөнхийлөгчид танилцуулж, парламент болон түүний танхим, төрийн бусад байгууллага, олон нийтийн холбоо, олон улсын харилцаанд Төрийн тэргүүний ашиг сонирхлыг төлөөлдөг. Мөн нийгэм, хүмүүнлэгийн салбарын асуудал, Төрийн тэргүүний дэргэдэх зөвлөлдөх, зөвлөх байгууллагууд болох Авлигатай тэмцэх, Төрийн шагналын, Иргэний харьяаллын комиссын үйл ажиллагааг зохицуулдаг аж. Түүнчлэн Казахстанд итгэмжлэгдсэн гадаад улсын Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авдаг байна.
Шинэ он гарсны дараа Жанаозена, Актау хотын оршин суугчид автомашины хийн үнэ хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцэн жагссан юм. Тэд шатахууны үнийг бууруулж, Засгийн газраа огцрохыг шаарджээ. Казахстаны Эрчим хүчний яамнаас тайлбарласнаар энэ сарын 1-нээс эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан цахим биржийн арилжаагаар үнэ тогтоож эхэлсэн гэнэ. Мягмар гарагт Казахстаны эрх баригчид жагсагчдад буулт хийж, Засгийн газрын комиссын гишүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, Мангистау мужид хийн үнийг литр тутамд 50 тенге (0.11 орчим ам.доллар) болгож бууруулсан ч эсэргүүцлийн ажиллагаа намжаагүй аж.
Касым-Жомарт Токаев иргэддээ хандаж үг хэлэхдээ хянамгай байж, дотоод, гадаадын өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалжээ. Хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болсон хамгийн том хот болох Алматы хот болон Мангистау мужид тэрбээр энэ сарын 19-нийг хүртэл онц байдал зарласан. Мөн 23.00-07.00 цаг хүртэл хөл хорио тогтоож, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, буу, согтууруулах ундаа худалдаалахыг хориглож, иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав.
Эсэргүүцлийн жагсаал Казахстаны бараг бүх томоохон хотыг хамарч, жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Алматыгийн цагдаагийнхан тус хотын захиргаа руу дайран орохыг оролдсон хэдэн зуун жагсагчийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, дуут болон гэрэл гаргадаг тэсрэх бөмбөг, резинэн сум ашигласан байна. Энэ үеэр хэд хэдэн жагсагч, цагдаагийн ажилтан шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Үймээн дэгдээгчдийг баривчилсан гэнэ. Жагсагчдыг Бүгд найрамдах улсын талбайгаас холдуулж чадсан ч үймээний үеэр цагдаагийн хэд хэдэн машиныг шатаажээ.