АНУ-ын Нью-Йоркийн шүүх Бронкс амьтны хүрээлэнд амьдардаг Хаппи нэртэй, эмэгчин зааны нэрийн өмнөөс бичсэн нэгэн нэхэмжлэлийг хүлээн авчээ. Энэхүү нэхэмжлэлийг “Хүний бус эрхийн төсөл” санаачилсан амьтны эрхийн төлөө тэмцэгчид гаргажээ. Энэ нь англи хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг шүүхийн байгууллагуудын түүхэнд амьтны нэрийн өмнөөс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хэлэлцэх болсон анхны тохиолдол гэдгийг тэмдэглэжээ. Уг төслийнхөн 2018 оноос хойш хэд хэдэн удаа Хаппигийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байсан ч татгалзсан хариулт авсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны наймдугаар сард шүүхэд дахин хандсан нь ийнхүү эерэгээр шийдэгдсэн байна. Зааны түүхийг “Curbed” сайтад гуравдугаар сард өгүүлсэн. Хаппийг 1970-аад онд амьтны хүрээлэнд авчирсан бөгөөд өдгөө 49 настай. Түүнийг умгар хашаанд ганцааранг нь хорьж байсан нь ийм зарга үүсгэхэд хүргэсэн юм байна. Учир нь Пегги нэртэй заан түүнтэй байнга зөрчилддөг учраас ийнхүү тусад нь байлгах болжээ. Амьтны эрх хамгаалагчид Хаппи зааны эрхийг зөрчиж байна гэж үзэж түүнийг тусгай зориулалтын газар луу шилжүүлэх асуудлыг шүүхээр шийдүүлэхийг хүссэн юм.
Хаппи бол эрх чөлөөний эрхтэй хуулийн этгээд гэдгийг төслийнхөн онцолж, шүүхэд түүний өмнөөс нэхэмжлэл гаргасан. Нью-Йорк мужийн Дээд шүүхийн давж заалдах шатны шүүхээс уг амьтныг Теннесси мужийн Хохенвальд дахь зааны дархан цаазат газарт илгээхээр шийдвэрлэсэн байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант