Францын өмнөд нутагт коронавирусийн шинэ хэлбэрийн халдвар илэрсэн тухай Австрийн “Heute” сонин мэдээллээ. Тодруулбал, Камерунд аялаад ирсэн хүнээс “Ковид-19”-ийн үл мэдэх хэлбэр илэрсэн аж. Африкийн эл улсад вирусийн энэ хэлбэрийг үүсгэгч тархсан байхыг шинжээчид үгүйсгэхгүй байна.
“B.1.640.2” гэж тэмдэглэсэн, коронавирсийн шинэ хэлбэрийг Марсель хотын эмч нар илрүүлжээ. Францын эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзвэл шинэ хэлбэрээс 46 мутац илэрсэн гэнэ. Үүний аюул, халдварын түвшин одоогоор тодорхойгүй байна.
Олон улсын байгууллагууд, томоохон банкууд, технологийн компаниуд, дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд болон янз бүрийн мэргэжилтнүүд ирэх 12 сарын урьдчилсан таамгийг дэвшүүлэхдээ шинэ онд цар тахал шувтарч магадгүй хэмээсэн. Дэлхийн томоохон банкуудын нэг “JPMorgan chase”-ийн шинжээчид цар тахал төгсөж, дэлхийн эдийн засаг бүрэн сэргэнэ хэмээн таамагласан. Тэдний бодлоор шинэ вакцин, эм тийм үр дүнд хүргэнэ. Британийн “Economist” сэтгүүлийн орлогч редактор Том Стендеж ч мөн анагаах ухаан вирусийг ялж чадна гэдэгт итгэлтэй байна. Түүний үзэж буйгаар “Ковид-19” нь дархлаажуулалтын үзүүлэлт тааруу, хөгжиж буй орнуудын өвчин болох магадгүй. Дэлхийд тэргүүлэгч орнуудын оршин суугчдын хувьд коронавирус цаашид аюул учруулахгүй гэж тэрбээр хэлжээ. Байдал цар тахлын өмнөх шигээ болно гэж “Bloomberg” агентлагийн шинжээчид таамаглаж байна. Учир нь шинэ төрлийн коронавирусийн омикрон хэлбэр өмнөхүүд шигээ аюултай биш, хүндрэл бага аж.
АНУ-ын Баруун хойд их сургуулийн Файнбергийн анагаах ухааны сургуулийн Генийн анагаах ухааны төвийн захирал Элизабет МакНалли “Энэ вирустэй зохицон амьдрах болно” гэв. Түүний хэлснээр шинэ хэлбэрүүд нь вакцин хийлгэж, нэмэлт тун авсан хүмүүст аюултай биш. Харин вакцинаас татгалзсан хүмүүсийн амьдрал амар, хялбар болохгүй гэнэ. “Вакцин хийлгэж, нэмэлт тун авсан хүмүүс олон дахин шинжилгээ хийлгэхээ больж, дархлаажаагүй хэсгийг хамгаалахад нөөцөө төвлөрүүлнэ” гэж тэрбээр тэмдэглэв.
Тэгвэл АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн вакцины мэргэжилтэн, нэмэлт тунгийн туршилтуудын удирдагч Кирстен Лайк хүн төрөлхтнийг коронавирусийн шинэ хэлбэрийн халдвараас хамгаалахад дархлаажуулалтын гурван тун хангалтгүй гэж үзэж байна. Халдвар судлаач Сира Мадад “Ковид-19”-ийн шинэ хэлбэрүүдийг нэрлэхийн тулд грек цагаан толгойг бүрэн ашиглах хэрэгтэй болно” гэв. Дэлхийд вакцинд хамрагдаагүй хүн амтай газрууд байгаа цагт халдвар тархах явц үргэлжилнэ гэдэгт Хьюстон дахь анагаах ухааны Бэйлор коллежийн Халуун орны анагаах ухааны үндэсний сургуулийн декан Питер Хотес итгэлтэй байна. Урьд нь тэрбээр 2026, 2032 онд шинэ тахал дэгдэж болзошгүй хэмээн мэдэгдсэн юм.