Түүхэнд гурван их наяд доллар давсан хөрөнгөтэй болсон анхны компаниар “Apple” тодров. Үүнийг Нью-Йоркийн хөрөнгийн биржийн даваа гаргийн арилжааны мэдээлэл нотоллоо. Уг арилжааны үеэр тус компанийн нэгж хувьцааны үнэ 182.85 доллароос давж, гурав орчим хувиар өссөний үр дүнд хөрөнгийн хэмжээ нь гурван их наяд доллароос давжээ.
1976 онд байгуулагдсан “Apple” компани “iPhone” гар утас , “iPad” таблет, “iMac” компьютер, “MacBook” зөөврийн компьютер, “iPod” хөгжим тоглуулагч болон бусад өндөр технологийн техник үйлдвэрлэдэг. Цар тахлын улмаас зайнаас сурах, ажиллах шаардлага өсөн нэмэгдсэнээр гар утас, зөөврийн компьютеруудынх нь борлуулалт сайжирчээ. Ингэснээр “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 2018 оны наймдугаар сард нэг их наяд долларт хүрснээсээ хойш гурав дахин нэмэгдсэн аж. 2020 оны наймдугаар сард тус компанийн зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум долларын босго давсан билээ.
Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ Японы хамгийн том компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог “Toyota мotor”-ынхоос ойролцоогоор 10 дахин их байгаагийн сацуу Токиогийн хөрөнгийн биржийн эхэн хэсэгт бүртгэлтэй бүх компанийн хөрөнгийг нийлүүлсний тэн хагастай тэнцэж байна.
“Apple” компанийн хурдацтай өсөлтөд дуу, хөгжмийн үйлчилгээ зэрэг бусад салбарын бизнес ч үр нөлөө үзүүлжээ. Мөн АНУ-ын Төвбанк мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримталж байгаа нь Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлийн хэтийн төлөвийг өөдрөг байлгаж, улмаар тус компанийн зах зээлийн үнэлгээ өсөхөд нөлөөлсөн гэнэ. Тус улсын зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч гурван компани нь бүгд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Apple”-ийн араас “Microsoft” болон “Google” компанийн эцэг “Alphabet” компани жагсжээ. “Microsoft”-ын хөрөнгийн хэмжээ өдгөө 2.5, “Alphabet”, “Amazon” компанийнх нэг их наяд доллар давсан байна.