“Домино” гэдэг кино 2005 оны аравдугаар сард дэлгэцэд гарсан даруйдаа алга болжээ. Гол дүрд нь тоглсон Кира Найтли, Люси Лью, Микки Рурк нар ч түүнийг аварч чадсангүй. Киноны гол баатарт эх дүр болгон сонгож авсан Домино Харви харин ийм юм үзэлгүй мөн оны зургадугаар сард 35 настайдаа нас барсан аж. Уг нь 2005 он Харвийн хувьд шинэ амьдралын эхлэл болох ёстой байв. Тэр эмэгтэй өнгөрсөн шуугиант амьдралаа бүрмөсөн орхиж, Британийн нэрд гарсан жүжигчин эцэг Лоуренс Харвийн замаар явахаар шийдсэн байлаа. Тэрбээр 2004 онд “Константин: Харанхуйн эзэн” кинонд Киана Ривзийн хамт тоглож, найз нөхдийнх нь хүлээн зөвшөөрснөөр гайхалтай болоогүй ч радиогоор гонгинож байдгаас дор орохооргүй хэд хэдэн дуу бичсэн байв.
Домино Харви 1969 онд Лондонд төржээ. Ээж, загвар өмсөгч Паулина Стоун нь 1960-аад оны бэлгэ тэмдэг, “Vogue” сэтгүүлийн нүүрнээс зураг нь салдаггүй, “эрх чөлөөт арван жилийн” загварын бурхан болсон бүсгүй байв. Эцэг нь литва гаралтай, Британийн алдартай жүжигчин Лоуренс Харви. Эхийнх нь хэлснээр охин нь эцгийнхээ хатуу ааш араншинг авч төрсөн байлаа. Лоуренс удаан хугацаанд олигтой дүрд тоглох боломж олдохгүй, сонгож авсан төслүүд нь ихэнхдээ ажил хэрэг болж чадахгүй байжээ. Гэлээ ч тийм ч авьяасгүй жүжигчин биш гэдгээ нотолж түүний тоглосон “Өгссөн зам” кино 1959 онд “Оскар”-т нэр дэвшсэн байна. Хэрэв нэг бүтэлгүй явдал тохиолдоогүй бол Домино Харви алдар цуутай эцэг, эхийнхээ араас замнах байсан нь эргэлзээгүй. Энэ охин бусдаас нэг л өөр, этгээд нэгэн байсан аж. “Домино” гэх хачирхалтай нэртэй болсон нь эхтэй нь холбоотой юм. 1960-аад оны дундуур Паулина Стоун Берлин хотноо нэрт гэрэл зурагчин Хельмут Ньютонтой хамтран ажиллаж байжээ. Түүнтэй цуг энд ажилладаг байсан загвар өмсөгч бүсгүйчүүдийн нэг нь Доминик Сандо гэх нэртэй, хүмүүс түүнийг ердөө л “Домино” гэж дуудна. Энэ нэр Паулинад их таалагдаж, өөрөөс нь охин төрвөл заавал ийм нэр өгнө гэж бодох болжээ. Охин нь эцэг, эхээ дуурайн царайлаг төрсөн байна. Харин эмэгтэй хүний шинжгүй, эршүүд нэгэн байв. Өөрийнх нь ярьснаар 10 нас хүрмэгцээ эрэгтэй хүүхдүүдтэй зодолдох болж. Нэг үгээр танхайдуу байж. Гол баатрууд нь хорон санаатнуудыг ялж шударга ёсны төлөө тэмцдэг ном, кино санаанд нь нийцнэ. Ер нь аливааг хүч хэрэглэж шийдэхийг таална.
Лоуренс Харви 1973 онд өөд болж Паулина Стоун 1978 онд “Hard rock cafe” сүлжээг үүсгэн бий болгогчдын нэг Питер Мортонтой сууж, Лос-Анжелест нүүж очив.
Домино дунд сургууль төгсөж чадсангүй. Түүний сургуулийн үеийн ганц найз нь болох Аннабел Нильсений дурссанаар Домино 11 настай байхдаа охидын сургуулийн дотуур байранд байхдаа хамтдаа жүдогийн секцэнд бүртгүүлэхийг хүсэж байжээ. Нэг сургуулиас хөөгдсөнийхөө дараа Домино ээжийнхээ замаар явахаар шийдэв. Түүний сэтгэл татам гадаад төрх, нэр алдартай эцэг, эхийнх нь нөлөө охин руу нь хүмүүсийн сонирхлыг татаж байлаа. 1980-аад онд газар авч байсан, өөрт нь ч ойр дэггүй охины дүр төрхийг харуулсан зураг авхуулж байснаа удалгүй түүнээсээ уйдав. Хувцасны загвар үзүүлэх, дээдсийн арга хэмжээнд оролцох, охидын хов жив сонсож байх нь Доминод огт таалагдахгүй байлаа. Тэгээд дууны найруулагч болж, хэд хэдэн клубт ажиллаж, сүүлдээ нэгнийх нь менежер болов. Гэвч бас л энэ ажил залхуутай санагдаад байх боллоо. Хэний ч тусламжгүйгээр бүхнийг өөрөө хийж байхыг хүсэх болжээ. Бүтээлч ажил үйлсэд өөрийгөө хэн болохыг харуулах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хөдөө гарч, мал аж ахуй эрхлэх гэж оролдов. Дараа нь Лос-Анжелесийн сайн дурын гал түймэр унтраах ангид бүртгүүлж, жинхэнэ мэргэжилтэн нь болохоор зориглосон ч шалгалт, сорилтыг нь давсангүй. Нөгөө л ярдаг, хэгжүүн зан нь гай болов. Цол ахиу хүнд үг дуугүй захирагдаж байхыг шаарддаг ажилд ийм ааш араншин тун ч нийцдэггүй аж. Ингээд 1992 онд 22 настай Харви гуяа ганзагалаад ээжийндээ буцаж ирлээ. Паулина бүсгүй охиноо хөөлтэй биш, гэхдээ л өөртөө таарч тохирсон ямар нэг ажил хийхийг шаардахаас яалтай. Харви “Los Angeles times” сонины гартаа тааралдсан дугаарыг гарчиглаж суутал анчдын агентлагт сайн дураар ажиллахыг хүсэгчдийг элсүүлж авах тухай зарласан байлаа.
Домино Харви гэх хүн рүү олны анхаарлыг хандуулсан өгүүлэл 1994 онд Британийн хэвлэлд гарав. 1960-аад оны домог болсон жүжигчин, шүтээн болсон загвар өмсөгч хоёрын охин чинь Лос-Анжелест дээрэмчин, тонуулчдын араас хөөцөлдөж явах болсон тухай тэнд бичсэн байсан нь уншигчдад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. Домино ч ингэж явахдаа л өөрийгөө тохирсон ажлаа хийж байна гэж бодох болжээ. Зодоон нүдээн, буудалцаан, гэмт хэрэгтнүүдийг мөрдөн мөшгих гээд хүүхэд насных нь мөрөөдлүүд бодит үйл хэрэг болж байх мэт. Тэгэхдээ Домино жижиг “гарын” залилан мэхлэгчидтэй төдийлөн орооцолддоггүй байв. Домино болон түүний нөхдийн анхаарлыг хар тамхи наймаалагчид, томоохон дээрэм хийдэг бүлгүүд татна. Тэд ийм юмтай хөөцөлдөж явахдаа чухам нэг “жаргалаа эдэлж байх” аятай. Амь дүйсэн ажил нь Доминод тийм ч их орлого оруулахгүй, жилд 30-40 мянган ам.долларын цалин авна. Ийм мөнгийг уг нь ямар нэг шалдар булдар сэтгүүлд тавих зургийг нэг улирал авахуулахад л олж болох байв.
Нөхдийнх нь ярьснаар бол Домино аливаа аюулын өмнө барьц алддаггүй нэгэн байжээ. Өөдөөс нь шагайсан бууны ам түүний уур зэвүүг хүргэнэ үү гэхээс айлгадаггүй байв.
Өөрийн англи гарал үүсэл, гадаад аятайхан байдал төрхөө Домино зэвсэг болгож ашиглах боллоо. Өөдгүй амьтан руу анзаарагдахгүй ойртож очихын тулд тэрбээр хувцсаа сольж, нүүр амаа будаад Калифорнид төөрч будилсан британи жуулчин эмэгтэйн дүрд тоглож орхино. Тэгснээ нүд булаам цүхнээсээ гар буу гаргаж ирээд нөгөө этгээдийн духанд бууныхаа бөгсөөр дэлсээд авах нь тэр. Домино буу зэвсэгт жинхэнэ шүтээн сахиус мэт хандана. Өрөөнд нь Калашниковын автомат, тулаанд хэрэглэдэг бууны цуглуулга бэлэн байна. “Хэрэв би мөнгө сонирхсон бол өөр ямар нэг ажил хийх л байсан. Өөдгүй новшнуудыг торны цаана суулгах нь миний хувьд чухам нэг таашаал” гэж тэр ярьдаг байж.
1990-ээд оны эхээр гэмт хэрэгтнүүдтэй хөөцөлддөг хүмүүс өнөөг бодвол ихээхэн зоргоороо авирладаг байсныг Доминотой хамтран ажиллаж байсан Эд Мартинез хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэд зэрлэг Барууны алуурчдаас төдийлөн ялгаатай байсангүй. Гагцхүү хуулийн талд байснаараа л тэднээс ялгардаг байж. Үүнээс гадна дээрэмчнийг илрүүлж баривчилсны төлөө өгөх хөлс мөнгө өндөр биш, албан ёсны хүчний байгууллагын ажилтнууд болохоор цагдаагийн хэсэг дээр авчирсан гэмт хэрэгтнээс аль болох бага “цагаан нунтаг” гарч ирээсэй л гэж ханцуйдаа залбирна.
Доминогийн хувьд бүр бага залуудаа, загвар өмсөж, клубуудэд ажиллаж байхдаа л хар тамхи гээчтэй “учирсан” юм. Паулина Стоун охиноо хар тамхины хамаарлаас салгах эмчилгээний төлбөрийг хэд хэдэн удаа өгч байжээ. Сүүлдээ эрх чөлөөтэй болж, янз бүрийн бодистой ойр байх болсноос Домино жолоо алдсан байна. 1997 оны эцсээр хар тамхины “явдал” хэрээс хэтэрч Доминог эмчлүүлэхээр ээж нь Хавайн арал руу явуулахад хүрчээ. Тэнд хоёр жил болохдоо Домино тэр гайт юмнаас ангижирсан гэлтэй.
2001 он болоход Доминогийн бие сайжирч, эрүүл, саруул болоод дуртай ажилдаа эргэн орохоор шийдэв. Гэтэл ажил өгдөг байсан хүн нь түүнийг буцааж авахаас татгалзсан нь хүнд цохилт боллоо. Тэрбээр Доминог хар тамхинаас хамааралгүй болсон гэдэгт тэгтлээ итгээгүй аж. Үүний зэрэгцээ цаг үе ч өөрчлөгдөж, гэмт хэрэгтнийг ангуучлагчид журам үл сахигч хүмүүсийг мөрдөх, эрж хайх ажил хийдэг өнөө цагийн хувийн мөрдөгчидтэй улам бүр төстэй болж ирэв. Домино шиг дайчин тэмцэгчдийн хэрэгцээ шаардлага багасжээ. Өөртөө заяагдсан алба гэж үзэж амиа ч зориулахад бэлэн явсан ажил нь хэнд ч хэрэггүй болохын цагт Домино сэтгэл санаагаар унаж эхлэв. Мансууруулах үйлчилгээтэй бодис хадгалж байсан хэмээн түүнийг 2003 онд баривчиллаа. Хар тамхины зүйл хэрэглэснээ ч Домино хүлээж, дахиад л эмчилгээ хийлгэв.
“Шилдэг буудагч”, “Беверли-Хиллз 2-ын цагдаа”, “Сүүлчийн тагнуул” зэрэг кино бүтээсэн нэрт найруулагч Тони Скотт явж явж Доминогийн тухай кино хийх мөнгө олсон гэдэг. 1994 онд “The Mail on Sunday” сонинд нийтлэгдсэн өгүүллийг уншаад, Домино Харвийн намтрыг сонирхох болсон ч загвар өмсөгч байгаад гэмт хэрэгтнүүдийн ангуучлагч болсон хүний талаар кино хийлцэх хүн олдохгүй байжээ. Гэхдээ Доминогийн намтрыг өөр шиг нь сонирхдог найруулагч олдов. Олон киноны ажилд оролцсон Сэмюэл Хадида гэгч продюсерээр ажиллах боллоо. Түүний бүтээл 2004 оны эцсээс эрэлхэг зоригтой ажилтан гэгдэн Доминогийн алдаршиж байсан Калифорнид дэлгэцнээ гарч эхэлжээ. Домино өөрөө киноны зураг авч байх үед хэд хэд ирж, гол дүрд тоглосон Кира Найтлид зөвлөгөө өгч, үүндээ сэтгэл хангалуун байв. Түүгээр ч барахгүй өөрийн тухай уг кинонд туслах дүрд тоглосон байна. Ингээд түүний амьдрал нэг зөв голдиролдоо оров уу гэлтэй болж байлаа. Гэтэл өнгөрсөн амьдралынх нь сүүдэр хамгийн тохиромжгүй үедээ түүн дээр тусдаг байгаа. “Домино” киноны үзвэр үйлчилгээ ид байсан 2005 оны тавдугаар сард гол баатрыг нь хориотой бодис худалдсан хэргээр баривчлав. Түүнд олон жилийн ял заналхийлж байлаа. Бүх хэргийг Домино үгүйсгэж, гэмт хэрэгтнүүдийн зүрхэнд шар ус хуруулж явах үедээ шоронд суулгасан дээрэмчдийн нэг нь л энэ явдлыг зориуд зохион байгуулсан гэж үзэж байв. Эцэст нь Домино шоронд долоо хоноод нэг сая ам.долларын барьцаагаар суллагдав.
Зургадугаар сарын 26-нд тэднийд хэдэн найз нь хүрч иржээ. Тэднийг явсны дараа Домино угаалгын өрөөндөө оров. Түүнийг суллахдаа цахилгаан бугуйвч зүүлгээд, байнга тусгай харгалзагчийн хяналтад байлгах болсон аж. Тэгтэл угаалгын өрөөн дотроос харгалзагчийн асуултад хариулж байсан Домино чимээгүй болчихов. Өрөөнд орвол Домино усан дотор ухаангүй болчихсон хэвтэж байх нь тэр. Түргэн тусламж ирж эмнэлэгт хүргэсэн ч тус болсонгүй, амьсгал хураажээ. Гэмтэл авснаас эмчийн бичиж өгсөн өвчин намдаах эмийн тунг нь хэтрүүлж хэрэглэснээс амиа алдлаа гэсэн дүгнэлт гарав. Амиа хорлов уу, эмийн тунг хэтрүүлэв үү гэдгийг одоо хэлэх аргагүй. Дээд хүрээллээс гаралтай, түүхэнд тод мөр үлдээсэн нэгэн эмэгтэй ийнхүү учир битүүлгээр хорвоог орхижээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант