Дэлхийн 15 улс нэгдсэн, худалдааны хамгийн том хэлэлцээр хэрэгжиж эхлэв. Энэ нь манай гаргийн гурван хүн тутмын нэгийнх нь орлогыг өсгөж, коронавирусийн цар тахал болон АНУ, БНХАУ-ын сөргөлдөөн хурцадсан баргар жилүүдийн дараа дэлхийн худалдаа, хамтын ажиллагаа сэргэх итгэл найдварыг даяаршлыг дэмжигчдэд өгч байна. Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншлэл (RCEP) гэж нэрлэсэн хэлэлцээр нь Хятад болон Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг нэгтгэсэн юм. АНУ, Европын Холбооны дараа ордог, дэлхийн гурав дахь том эдийн засагтай Хятад улс урьд өмнө хэзээ ч олон талт худалдааны гэрээг заналт дайсан Японтой байгуулж байгаагүй.
2020 оны арваннэгдүгээр сард энэ гэрээнд гарын үсэг зурсан нь Хятад улс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болохоос өмнө Австралитай маргалдахаас сэргийлж чадаагүй юм. Австрали улс “Ковид-19”-ийн гарал үүслийг судлах шаардлагыг дэмжсэнд Хятад гоморхож, өнөөг хүртэл нүүрс, үр тариа, үхрийн мах, дарс авахгүй байгаа билээ.
Гэсэн ч худалдааны шинэ эвсэл нь Хятад улсын байр суурийг дэлхийд бэхжүүлэх аж. Тус улс гол өрсөлдөгч АНУ-ын бодлого, тухайлбал, Ерөнхийлөгч асан Дональд Трампын шийдвэрийн улмаас хамгийн том хэлэлцээрийн төв болжээ. RCEP хэлэлцээрийн талаар хэлэлцээ хийсэн найман жилийн хугацаанд гол оролцогчид болох Япон, Австрали, Шинэ Зеланд нь Номхон далайн нөгөө эрэгт орших Канад, АНУ зэрэг улстай нэг зэрэг илүү дэвшилтэт худалдааны эвсэл байгуулсан юм. Гэвч Д.Трамп энэ санаагаа орхиж, Америкийг хэлэлцээрээс гаргасан. Энэ нь RCEP-ийг байгуулах үйл явцыг хурдасгасан аж.
Шинэ хэлэлцээр нь Ази дахь худалдааны түншүүдэд бие биенийхээ зах зээлд нэвтэрч, бараа, бүтээгдэхүүний татварыг бууруулах боломж олгож, ялангуяа бүс нутгийн нэн ядуу орнуудын эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Өргөжихөд нээлттэй уг баримт бичигт Энэтхэг түрүүлж нэгдэх төлөвтэй байна.
Уг хэлэлцээр нь том цар хүрээтэй бөгөөд ядуу Лаос, баян Шинэ Зеланд, коммунист Хятад, постимпериалист Японы тэс өөр эдийн засгийг нэгтгэх эхний алхам гэнэ. Үүнд тухайлбал, ажилтнуудын эрхийг хөндөөгүй бөгөөд байгаль орчныг хамгаалах, оюуны өмчийн эрхийн асуудлаар заавал нэг байр суурьтай байхыг шаардахгүй. Тэрчлэн энэ баримт бичиг худалдааны бодлогын нэг хэсгийг оролцогч орнуудын эрх баригчдын үзэмжид үлдээсэн, өөрөөр хэлбэл, Хятад, эсвэл Япон зах зээлээ хориотой татвараар хамгаалж, шинэ хэлэлцээрт тусгасан худалдааны эрх чөлөөг хязгаарлах боломжтой байна. Мөн маргаанаа шийдвэрлэх ерөнхий механизмгүй байх аж.