Олон улсын байгууллагууд, томоохон банкууд, технологийн компаниуд, дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд болон янз бүрийн мэргэжилтнүүд ирэх 12 сарын урьдчилсан таамгийг дэвшүүлдэг. Тэдний үзэж буйгаар шинэ онд цар тахал шувтарч, дайн дэгдэж болзошгүй.
ДАЙН ДЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ
Жил бүр цочирмоор таамаг дэвшүүлдэг Данийн хөрөнгө оруулалтын “Saxo” банк хүйтэн дайн дахин дэгдэхийг үгүйсгэсэнгүй. “Сүүлийн үед дуунаас хэт хурдан пуужин туршиж байгаа нь улам айдас төрүүлэх боллоо. Энэ технологи нь цэргийн цөмийн техник хэрэгслийг ч ердийн, бүр хуучирсан болгож байна. 2022 онд цэргийн хүчээр тэргүүлэгч орнуудын дунд дуунаас хэт хурдан өрсөлдөөн эхэлж, үүнээс ямар ч улс хоцрогдохыг хүсэхгүй” гэж тус банкны тайланд дурджээ.
Үүнээс ч дор таамгийг дэлхийн хөрөнгө оруулалтын хамгийн том “Bridgewater associates” сан үүсгэн байгуулагч Рэй Далио дэвшүүлж, АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа эрчимжиж, түүгээр ч зогсохгүй бүрэн хэмжээний дайн болно гэв. Түүнийхээр бол ямар ч байсан дэлхийн эдийн засагт нөлөөлөх ноцтой гамшиг болох аж. Тэрбээр 2008 оны хямралыг урьдчилан таамагласан юм.
АНУ, БНХАУ-ын хооронд цэргийн бүрэн хэмжээний мөргөлдөөн гарна гэдгийг “Bloomberg” агентлаг онцолжээ. Ийм байдалд хүрэхгүй ч тус хоёр улс хоорондын хурцадмал байдал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө.
Шинжээчид шинэ дайны тухай ярихад Украины асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, Америкийн Бүгд найрамдах намын тал баримталдаг “Bangor daily news” сонины тоймч Мэттью Гагнон Оростой холбоотой олон улсын томоохон үйл явдал болно гэжээ. Энэ нь мэдээжийн хэрэг Украинтай хийж буй дайн хурцадсан тухай аж. Мөн Хятад, Тайванийн хооронд дайн гарч болзошгүй хэмээн тэрбээр үзэж байна.
Хятадад болох өвлийн олимпын үеэр ОХУ Украины зүүн нутаг руу халдаж болзошгүй гэж Японы “Japan forward” сэтгүүлийн тоймч Нанаэ Хасэгава таамаглажээ. Түүний бодлоор энэ нь 50 хувийн магадлалтай гэнэ. Оросын эрх баригчид олимпын үеэр нэг бус удаа (2008 онд Гүрж, 2014 онд Украинтай) дайн эхлүүлсэн гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Үүний сацуу АНУ, Европт тахлын нөхцөл байдал хурцадвал олон улсын хамтын нийгэмлэг мөргөлдөөн хурцдахад оролцохгүй байж магадгүй. Харин нефть, байгалийн хийн үнийн өсөлтийг харгалзан үзвэл ОХУ бүрэн итгэлтэйгээр Өрнөдийн орнуудтай хэлэлцээ хийх болно гэж Нанаэ Хасэгава хэлжээ.
ЯДУУРАЛ НҮҮРЛЭНЭ
Коронавирусийн шинэ хэлбэрийн улмаас дэлхийн эдийн засаг төсөөлж байснаас удаан сэргэж магадгүй гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдэв. Тус сангийн ахлах эдийн засагч Гита Гопинат ч ингэж таамаглажээ. Түүний үзэж буйгаар дэлхий дахин коронавирусийн халдварын эрсдэл өндөр, ноцтой хохирол учруулах хэлбэртэй тулгарч болзошгүй.
“Bloomberg”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар хөл хорио, цэргийн мөргөлдөөн, хэд хэдэн орон бизнест үзүүлэх төрийн дэмжлэгээ хумих (энэ нь Швейцарын UBS банкны тооцоогоор дэлхийн ДНБ-ий 2.5 орчим хувьтай тэнцэнэ), хөгжиж буй орнуудын эдийн засгийн уналт, Европын Холбооны өндөр хөгжилтэй орнуудад тус холбоонд үл итгэгчид засгийн эрхэнд гарсан, Хятадын эдийн засгийн уналт, Украин, ОХУ хооронд дайн дэгдэж болзошгүй байдлын улмаас байгалийн хийн үнийн өсөлт зэрэг асуудал эдийн засагт таатай нөлөө үзүүлэхгүй.
“Economist” сэтгүүлийн сурвалжлагч Том Стэндэжийн таамагласнаар инфляц олон улсын оршин суугчдыг түгшээнэ. Өнгөрсөн онд нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, цахилгаан эрчим хүчний эрэлт ихэссэн нь үнийг хэдийн өсгөсөн. Энэ нь түр зуурынх хэмээн ажиглагчид таамагладаг ч үүнд итгэх хүн ховор. АНУ-ын Баруун хойд их сургуулийн Келлогийн удирдлагын сургуулийн эдийн засагч Тарек Абдалла нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг 2022 онд ч үргэлжлэхийг хүлээн зөвшөөрөв. Түүний хамтран зүтгэгч Филип Браун дэлхийн эдийн засгийн өсөлт уруудаж болзошгүй хэмээн үзэж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн тухайд гэвэл Зүүн Европ цар тахлын үр дагавраас хамгийн их хохирол амсахыг “Forrester” агентлаг мэдээлэв. Энэ бүс нутагт дархлаажуулалтын хувь бага байгаа учир эдийн засгийн үзүүлэлт муу, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Тэрчлэн дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшиндээ өдгөө хүрчихээд байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага холбогдох статистик мэдээллийг эш татан уламжилсан байна. Нидерландын “Rabobank”-ны таамагласнаар бол нөхцөл байдал сайжирна гэж найдалтгүй. Үүнийг тус банкны шинжээчид ам.долларын ханш өндөр, эрчим хүчний нөөц, тээврийн зардал нэмэгдсэн, цаг агаарын таагүй нөхцөлтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь нийгэмд ноцтой үймээн самуун үүсгэж болзошгүй гэнэ. “Францын хувьсгал, Арабын хавар зэрэг үйл явдал хүнсний үнэ өндөр байсантай холбоотой” гэж банкны шинжээч Карлос Мера үзэж байна.