АНУ-ын Колорадо муж улсад түймрийн улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Гал түймэрт 600 орчим айлын байшин, зочид буудал, худалдааны төв өртжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус муж улсын захирагч Жаред Полис онц байдал зарлахад хүрсэн байна.
АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээллээс үзвэл салхины хурд цагт 160 км хүрч байгаагаас түймэр хурдан тархаж буй. 30 мянга гаруй хүн амтай Колорадогийн Супериор, Луисвилл гэсэн хоёр хотод нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хэдийн эхэлжээ. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцсон долоон аврагч түлэгдсэн гэнэ.