Нүүрсний эрэлт сэргэж байна. Дэлхийн бүх улс дулааралтай тэмцэхээр утаагаа багасгана хэмээн амласан ч эрчим хүчний салбарын хамгийн бохир түлш, хүлэмжийн хийн гол эх үүсвэр дахин эрэлттэй болжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн таамагласнаар улирч буй 2021 онд нүүрсний хэрэглээ дээд үзүүлэлтэд хүрч, ойрын гурван жилд буурахгүй бололтой. Коронавирусийн цар тахлын дараах сэргэлт эрчим хүч их шаардах аж. Хий, салхи, нар эрчим хүчний хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байна. Тиймээс байгаль орчны төлөө тэмцэгчид эсэргүүцэж байгаа ч нүүрс дахин түлэхэд хүрчээ.
“2018 онд оргил үе нь дууссан гэж байсан нүүрсний эрчим хүчний уналт 2019, 2020 онд үргэлжилсэн. 2021 онд ч найдвар тасрав. Энэ онд байгалийн хийн үнэ түргэн өссөний улмаас нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл есөн хувиар нэмэгдэнэ” гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) тооцоолжээ. Эл үнэлгээг хөгжингүй орнууд эрчим хүчний бодлогоо тодорхойлохдоо ашигладаг.
Сүүлийн саруудад салхигүй, хүйтэн байсан Европт цаг агаар, байгалийн хийн (гуравны нэгийг ОХУ-аас нийлүүлдэг) хомсдол, Францын атомын цахилгаан станцуудын засвар удааширсан зэрэг нь байдлыг улам хүндрүүлжээ. Дипломат зөрчилдөөний улмаас Австралиас нүүрс худалдан авахаа БНХАУ зогсоож, дэлхийн зах зээлийн өндөр үнэ, тээвэрлэлт тасалдсан зэрэг нь алдагдсан нийлүүлэлтээ хурдан нөхөх боломж олгохгүй байсан тул тус улс уурхайнуудаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн. Үүнийг түр зуурын саатал биш, цоо шинэ чиг хандлага гэж ажиглагчид үзэж байна. Нүүрснээс тийм ч хурдан татгалзахгүй. Ирэх онд дэлхий нийтээр уг түүхий эдийг өмнөх жилийнхээс 1.5 хувиар илүү шатаана. Энэ байдал 2024 он дуустал үргэлжилнэ гэж ОУЭА таамаглаж байна. Мөн онд нүүрс олборлолт 2.8 хувиар нэмэгдэнэ гэж тус байгууллага тооцоолжээ.
Дэлхийн нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь уур амьсгалын хувьд муу мэдээ юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш улс орнуудыг нүүрс түлэхээ зогсоох талаар тодорхой амлалт өгөхийг хэдэн жилийн турш уриалж байгаа ч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Өнгөрсөн сард Шотландын Глазго хотод болсон уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар тохиролцоонд хүрнэ гэсэн итгэл найдвар ковидын бодит байдлын улмаас тасарсан.
Хятад болон Энэтхэг дэлхийн нүүрсний нийт эрэлтийн гуравны хоёрыг бүрдүүлдэг. ОУЭА-ийн тооцоолсноор дэлхийн эл түүхий эдийн тэн хагасыг хэрэглэдэг Хятад улсын эрэлт ирэх гурван жилд жилийн нэг, Энэтхэгийнх дөрвөн хувиар өснө. “Гурван тэрбум шахам хүн амтай энэ хоёр улс нүүрсний эрчим хүчний ирээдүйг тодорхойлно. Нүүрсний хувь заяа нь эдгээр улс утааг бууруулах зорилтоо хэр хурдан, үр ашигтай хэрэгжүүлэхээс хамаарна” гэж ОУЭА тайландаа тэмдэглэжээ.
Хятад, Энэтхэг хоёулаа утааг бууруулна гэж амлаж, ирээдүйд нүүрснээс бүрэн татгалзахаар төлөвлөж буй. Гэвч тодорхой хугацаа заагаагүй, ямар ч үнээр хамаагүй эл зорилгоо биелүүлнэ гэсэн баталгаа байхгүй юм.
Хөгжиж буй орнууд ногоон хувьсгалынх нь төлбөрийг өндөр хөгжилтэй орнууд төлөх ёстой гэж үздэг. Учир нь өнөөгийн дулаарал, хуримтлагдсан утаанд хөгжингүй орнууд буруутай бөгөөд тэдгээр улсын аж үйлдвэрийн хувьсгалд хязгаар үгүй байсан бөгөөд үүнийхээ ачаар хөлжсөн аж.
ОУЭА-ийн үзэж буйгаар ирэх жил Европ, АНУ-д нүүрс моодноос гарна. Олон нийт, хууль тогтоомж, зохицуулах байгууллагуудын дарамт шахалтаар тийм үр дүнд хүрэх гэнэ. Гэсэн ч ковидын дараах сэргэлт эрчим хүчний салбарын ногоон технологийн зардлыг эрс бууруулах боломж олгож магадгүй. Хэрэв ийм зүйл тохиолдвол хямд, цэвэр технологи дэлхий даяар хурдан тархаж, нүүрс шатаах хэрэгцээнээс үүрд чөлөөлөгдөх аж.