Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг сэргээх тухай найм дахь хэлэлцээ Австрийн Вена хотод эхлэв. Энэ удаагийн хэлэлцээ Ираны хамтарсан комисс болон олон улсын зуучлагч тав буюу ОХУ, Британи, Герман, Францын хурлаар эхэлж, дээрх төлөвлөгөөг анхны хэлбэрээр нь хэрэгжүүлэх, АНУ-ыг уг баримт бичигт эгүүлэн нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ.
Найм дахь хэлэлцээ сүүлчийнх байж болох ч маш их ажил хийх ёстой тул хамгийн урт хугацаанд үргэлжилнэ гэж хэлэлцээнд оролцож буй ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Михаил Ульянов мэдэгджээ. Түүний хэлснээр, талууд хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сарын эцэс, хоёрдугаар сарын эхээр дуусгахыг зорих гэнэ. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг сэргээх хэлэлцээ Австрийн нийслэлд өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Хэлэлцээний долдугаар үе энэ сарын 17-нд дууссан бөгөөд зургадугаар сар хүртэл үргэлжилсэн зургаан үед боловсруулсан баримт бичгүүдийг үндэслэн ажлаа үргэлжлүүлэх аж. Хэлэлцээрийг анхны хэлбэрээр нь сэргээхээр талууд хичээн ажиллаж байгаа. Үүний хүрээнд Ираны эсрэг авсан АНУ-ын ямар хориг арга хэмжээг цуцлах ёстойг тодорхойлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тус улс цөмийн салбартаа хийх ёстой алхмуудын жагсаалт гаргажээ.