2021 он түүхэнд хамгийн муугийн тоонд орж ч мэдэхээр байсан өмнөх жил шигээ “салхи шуургатай” байсангүй. Өнгөрсөн зуны эхээр “Ковид-19” ард үлдсэн мэт болсон ч байдал түгшүүртэй хэвээр үргэлжилж буй. Энэ болон бусад сорилт тулгарч, амжилт буухиалсан, улирч буй онд олон улсад хамгийн их анхаарал татсан үйл явдлуудыг нэрлэж байна. Эдгээр үйл явдлын зарим нь шинэ онд ч үргэлжлэх бололтой.
“КОВИД-19”-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНУУД БҮТЭЭЛЭЭ
Коронавирустэй тэмцэх зорилгоор бүтээсэн вакцинууд нь салхин цэцэг, халдварт саа, улаан бурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг тарилгын адил хүний амь аврах, өвчлөлийг бууруулахад чухал ахиц дэвшил гаргах боломжтой юм. “Ковид-19”-ийн эсрэг вакциныг бүтээсэн хурд үнэхээр гайхалтай байсан. Түүхэн туршлагаас харахад вакциныг боловсруулахад 10-15 жил зарцуулдаг. Хамгийн хурдан бүтээсэн, гахайн хавдрын эсрэг вакцинд дөрвөн жил зарцуулж байжээ. “Ковид-19”-ийн эсрэг вакциныг нэг жил хүрэхгүй хугацаанд бүтээлээ. Үүний нэгэн адил чухал зүйл бол коронавирусийн эсрэг вакцинууд үүргээ сайн гүйцэтгэж байна. Улирч буй оны эхний 11 сарын байдлаар 184 оронд 7.4 тэрбум гаруй тун вакцин хийж, 70 улс бусдад хандивласан байна. Харамсалтай нь, дархлаажих боломжтой маш олон хүн вакцинд хамрагдахгүй гэсэн сонголт хийж, тарилга хийлгэх гэсэн дэндүү олон иргэн хүссэндээ хүрч чадаагүй байна. Дасан зохицох ер бусын чадвартай учраас “Ковид-19” нь үхлийн аюул дагуулдаг. Энэтхэгт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх илэрсэн дельта нь өмнөхөөсөө илүү халдвартай бөгөөд удалгүй дэлхийд давамгайлсан хэлбэр болсон. Өнгөрсөн сард Өмнөд Африкийн эрдэмтэд омикрон хэлбэрийн халдварыг тогтоов. Хэдхэн долоо хоногийн дотор энэ нь дэлхийн өнцөг булан бүрт бүртгэгджээ. Оны эцэс гэхэд омикрон эрүүл мэндэд томоохон аюул учруулах уу, эсвэл дэлхийн эдийн засгийг дахин хямралд оруулах нь тодорхойгүй. Одоогийн байдлаар дэлхий даяар таван сая гаруй хүн “Ковид-19”-ийн улмаас нас бараад байна.
ДЭЛХИЙ ДАЯАР АРДЧИЛАЛ ЭЛЭГДЭЖ МОХСООР БАЙНА
2006 оноос эхтэй, дэлхийн хэмжээний ардчилсан засаглалын элэгдэл 2021 онд ч үргэлжлэв. Ардчиллын төлөө удаан хугацаанд тэмцэж байсан АНУ түүхэндээ анх удаа өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны бослогын дараа засгийн эрхийг тайван замаар шилжүүлэх үйл явц тасалдсан юм. Энэ үйл явдал нь улаан мужуудын олонход санал өгөх эрхийг хязгаарлаж, хууль тогтоох байгууллагуудад сонгуулийн үр дүнг хүчингүй болгох эрх мэдэл олгох оролдлоготой хослон АНУ-ыг “ардчиллаас ухарч буй улс” гэж нэрлэж, урьд төсөөлж ч байгаагүй зүйлд хүргэв. Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар шүүмжлэгчидтэй хатуу тэмцэж, “Freedom house” Энэтхэгийн зэрэглэлийг “чөлөөт”-өөс “зарим талаар чөлөөт” болгон ухрааж, “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага тус орныг “Ажил үүргээ гүйцэтгэх гэсэн сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай улсуудын нэг” гэж зарлав. “Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро улсынхаа сонгуулийг хуулийн дагуу болдоггүй хэмээн шүүмжилж, “Бразилд ардчилал мөхөж байна” гэсэн таамаглал төрүүлэв. Мьянмар, Чад, Мали, Гвиней, Суданы залуу ардчилагчид төрийн эргэлтээр унасан. Үүний зэрэгцээ дарангуйлагч Засгийн газрууд тэрс үзлэтнүүдээ хавчин дарсаар байна. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германаас эх орондоо буцаж ирээд шоронд хоригдов. Хөрш Беларусь улс нэрт шүүмжлэгчийг баривчлахын тулд зорчигч тээврийн онгоц буулгаж, БНХАУ Хонконгт тавих хяналтаа чангатгажээ. Түүхэнд хамгийн том эсэргүүцлийн жагсаал болсны дараа Куба олон мянган шүүмжлэгчийг баривчилжээ. Арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Жозеф Байден “Ардчилалд тулгарч буй сорилт, боломжуудад анхаарлаа төвлөрүүлэхийн тулд” ардчиллын талаар цахим дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэ үйл явдал дэлхий нийтийн түгшүүртэй чиг хандлагыг өөрчлөхөд их зүйлийг хийж чадах, эсэх нь тодорхойгүй байна.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛД УЛС ОРНУУД ДАХИН БҮТЭЛГҮЙТЭВ
Ялгаруулдаг хорт хийгээ бууруулахгүй бол хүн төрөлхтөнд тулгарах уур амьсгалын гамшигт өөрчлөлтийг “Хүн төрөлхтөнд зориулсан улаан код” гэж НҮБ-ын тайланд тодорхойлжээ. 4000 хуудастай эл баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өнгөрсөн наймдугаар сард нийтэлсэн. Нарийн учрыг мэдэхийн тулд энэ олон хуудсыг унших шаардлага байсангүй. Сүүлийн арван жилийн ихэнх цаг үеийнх шиг 2021 оны мэдээнд цаг агаарын эрс тэс нөхцөл байдал давамгайлсан. Америкийн баруун өмнөд нутагт шинэ дээд үзүүлэлтээр бүртгэгдсэн ган гачиг болов. Бельги болон Германд түүхэнд тэмдэглэх хэмжээний үер буужээ. Грек ой, хээрийн түймэрт автаж, Энэтхэг, Балбыг хожуу золгосон борооны улирал сүйрүүлсэн. Уур амьсгалын өөдрөг үзэлтнүүдийн хувьд ч таатай зарим нэг үйл явдал ч болов. Ерөнхийлөгч Жозеф Байден албан тушаалдаа орсон эхний өдрөө АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрт нэгдэх үүрэг өгсөн. Есдүгээр сард Хятад улс хилийн чанад дахь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ зогсоохоор тохиролцож, Исланд агаараас нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулах байгууламж нээжээ. Өнгөрсөн сард Шотландын Глазго хотод болсон уур амьсгалын уулзалтын үеэр улс орнууд метаны хийг бууруулах зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ авахаа амласан. Гэхдээ амлалт бол амжилт биш. 2021 онд дэлхийн эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд нүүрстөрөгчийн ялгаралт огцом өссөн. Ерөнхийлөгч Ж.Байден дэд бүтцийн томоохон хуулийн төсөлд тусгасан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийг Конгрессоос шаардсан хэрнээ Нефть экспортлогч орнуудын байгууллагаас шатахууны үнийг буулгахын тулд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэж байв.
ЧИНЭЭЛЭГ ОРНУУД ЦАГААЧЛАЛЫН ХЯМРАЛД ӨРТСӨӨР БАЙНА
Цар тахлын улмаас 2020 онд олон улсын шилжилт хөдөлгөөн буурсан явдал 2021 онд ч үргэлжилсэн. Гэсэн ч энэ нь цагаачлалын хямралыг зогсоосонгүй. Үүний нэг жишээ бол АНУ-ын өмнөд хил юм. Аравдугаар сард гэхэд АНУ-д хууль бусаар нэвтэрсэн хүний тоо 1.7 саяд хүрсэн нь 1960 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болов. “Ковид-19”, эдийн засгийн хүндрэл, улс төр, байгалийн гамшгууд буюу Хаитигийн Ерөнхийлөгчийн аминд халдсан, дараалсан газар хөдлөлт нь тус улсын олон мянган иргэн хилийн чанадыг чиглэсэн цувааг ихэсгэсэн. Ж.Байдены засаг захиргаа Д.Трампынхаас илүү найрсаг байх төлөвтэй байсан. Гэвч цагаачдын урсгалыг зогсоохын тулд Ж.Байдены багийнхан өмнөх засаг захиргааны цагаачлалын эсрэг хатуу бодлогыг үргэлжлүүлэв. Европын Холбоо хууль бусаар нэвтэрсэн хүний тоо 2020 онтой харьцуулахад 70 хувиар нэмэгдсэн байхад тус холбоог цагаачдад туслах үүргээ биелүүлэхгүй байна гэсэн шүүмжлэлд өртжээ. Францаас Ла-Маншийн хоолойг гаталсан цагаачдын урсгал Парис, Лондон хооронд дипломат дуулиан дэгдээв. Үүний сацуу 2020 онд Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсныг эсэргүүцэн авсан хориг арга хэмжээг цуцлуулахын тулд Европын Холбоонд шахалт үзүүлэхээр цагаачдыг нутаг дэвсгэрээр нь дамжин Латви, Литва, Польш руу нэвтрэхийг Беларусь улс дэмжив. Эдгээр хямрал ойрын жилүүдэд ч дуусахгүй л болов уу. Дэлхий даяар 84 сая орчим хүн аргагүйн улмаас орон гэрээсээ дүрвэсэн байна. Мөргөлдөөн, эдийн засгийн уналт, уур амьсгалын өөрчлөлт энэ тоог нэмэгдүүлэх бололтой.
“ТАЛИБАН” ТӨРИЙН ЭРХЭНД ЭРГЭН ГАРЛАА
Афганистанд АНУ-ын өдүүлсэн дайн 20 жилийн өмнө эхэлсэн шигээ буюу талибууд төрийн эрхэнд гарснаар дуусав. Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Талибан” хөдөлгөөнийхөнтэй 2020 онд хэлэлцээ хийж, 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд Америкийн бүх цэргийг гаргах болсон. Энэ хугацаа дуусахаас хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Жозеф Байден АНУ-ын цэргийг 2021 оны есдүгээр сарын 11-ээс хэтрүүлэлгүй бүрэн гаргахыг үүрэг болгожээ. Мөн өдөр террорист халдлагын 20 жилийн ой тохиосон юм. Цэргээ гаргаснаар Афганистаны үндэсний арми задарч, талибууд улс орныг эзэгнэв. Наймдугаар сарын 15-нд Кабул сүйрч, гадаадын олон мянган иргэн нийслэлд гацсан. Талибуудын тогтоосон хугацаа болох наймдугаар сарын 31-ний дотор гацсан америкчуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг АНУ эхлүүлсэн. Мөн сарын 30-нд АНУ-ын цэргийг гаргаж дууссан ч тус улсын зуу гаруй иргэн, түргэвчилсэн визэнд хамрагдах боломжтой 300 мянга орчим афган үлдсэн. Афганистанаас гарах шийдвэрээ Ж.Байден “онцгой амжилт” гэж нэрлэжээ. Америкчуудын олонх нь үүнтэй санал нийлээгүй бөгөөд түүний нэр хүнд хамгийн доод түвшинд хүртэл буурсан. Холбоотны өндөр албан тушаалтнууд цэргээ эргүүлэн татсаныг “тэнэглэл”, “сүйрэл” гэж нэрлэжээ. АНУ 20 жилийн хугацаанд Афганистанд 2.3 их наяд гаруй доллар буюу өдөрт ойролцоогоор 300 сая доллар зарцуулсан байна. Афганистанд АНУ-ын 2500 гаруй цэргийн алба хаагч, 4000 иргэний гэрээт ажилтан амиа алджээ. Афганистаны амь үрэгдэгсдийн тоо 170 мянга давсан байх магадлалтай. Талибуудын шинэ Засгийн газар 20 жилийн өмнө дэлхийг түгшээж байсантай яг адил дүр төрхтэй, үйл ажиллагаа явуулж, хүмүүнлэгийн асар том хямрал нүүрлэж байна.
НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ ТАСАЛДАВ
Нийлүүлэлт 2021 онд нэр төдий болсон. Хэдэн арван жилийн турш компаниуд аутсорсинг хийх нь тэдний ажилтын үндэс гэдэгт итгэж, энэ стратеги нь ч үр дүнд хүрсэн. Нийлүүлэлтийн сүлжээгээ сайжруулсан компаниуд зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлсэн. “Ковид-19” гарснаар нийлүүлэлтийн сүлжээний сул тал ил болов. Хөл хорио дотоодод хомсдол, сул зогсолт үүсгэсэн. Цар тахал дэгдэхэд үйлдвэрүүд хаагдаж, олон компани борлогдоогүй бараа бүтээгдэхүүнтэй гацахаас зайлсхийхийн тулд нөөцөө танах болов. Гэвч 2021 онд хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж, вакцин гарах үед олон компани сэлбэг хэрэгсэл, хангамжийн хомсдолд орсон. Дэлхий даяар боомтуудад тээврийн чингэлэг, нөөцийн хомсдол байдлыг улам хүндрүүлж байна. Гуравдугаар сард “Ever given” чингэлэг тээврийн хөлөг онгоц Суэцийн сувагт хайргадаж, дэлхийн томоохон усан замын нэгийг долоо хоног хааж, хоногт 9.6 тэрбум долларын хохирол учруулсан. Компьютерын чип, ялангуяа тоглоом, автомашины үйлдвэрлэлд ашигладаг бичил схемийн хомсдол олны анхаарлыг татсан. Ажиллах хүч ч дутмаг болсон. АНУ-д гэхэд цар тахал эхэлснээс хойш ажиллах хүч таван саяар цөөрчээ. Дэлхий даяар инфляц өсөхөд хүргэсэн “Ковид-19”-ийн улмаас нийлүүлэлтийн сүлжээний тасалдал олон жил үргэлжилж болзошгүй.
“АМЕРИК ЭРГЭЖ ИРЛЭЭ”
АНУ-ын Ерөнхийлөгч болсон Жозеф Байден улирч буй онд ингэж удаа дараа мэдэгдсэн. Албан тушаалд орсныхоо дараа тэрбээр Америкийн холбоотон орнуудтай харилцаагаа бэхжүүлэх амлалтаа биелүүлэхээр яаравчлав. Тэрбээр АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад эгүүлэн нэгтгэж, Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулж, хязгаарлах талаар авах арга хэмжээний тухай Орос, Америк хоорондын гэрээг таван жилээр сунгаж, Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээхийг оролдсоны сацуу Йеменд явуулдаг цэргийн ажиллагааг АНУ дэмждэгийг зогсоов. Ерөнхийлөгч асан Дональд Трампын “Америк нэгдүгээрт” бодлогоос ийнхүү татгалзсаныг хилийн чанадад талархлаа. Гадаадад АНУ-ын нэр хүнд эрс сайжирсныг эхний санал асуулга харуулсан. Гэсэн ч жилийн турш Ж.Байдены гадаад бодлого хэр олон талтай, тогтвортой байсан бэ гэдэгт гадаадын олон нийслэл эргэлзэж байсан. Хятад, худалдаа зэрэг эгзэгтэй асуудлаар түүний бодлого агуулгын бус, өнгө аясаараа өмнөх үеийнхээс ялгаатай байв. Олон холбоотнуудаа, ялангуяа Европынхныг нэг талыг баримталсан үйл ажиллагаа явуулах хандлагатай байгаагаараа түгшээв. Тэрбээр Канад, Америкийн хооронд нефть дамжуулах хоолой тавих “Keystone XL” төслийг цуцалж, Афганистанаас гарч, вакцины оюуны өмчийн эрхээс татгалзахыг дэмжиж, чухал түншүүдтэйгээ дорвитой зөвшилцөлгүйгээр Австрали, Британи, АНУ-ын батлан хамгаалахын эвсэл (AUKUS) байгуулсан. Афганистанаас цэргээ амжилттай гаргаж чадаагүй, Элчин сайд нараа зарлалгүй удсан нь Ж.Байдены засаг захиргааны чадамжид эргэлзээ төрүүлэв. Түүний нэр хүнд эх орондоо унаж, бүгд найрамдахчууд 2022 оны завсрын сонгуулиар Конгрессын нэг, эсвэл хоёр танхимыг дахин эзлэх магадлал буурч байгаа нь АНУ-ын холбоотнууд Д.Трамп болон Америк юуны түрүүнд бодлого 2025 онд Цагаан ордонд буцаж ирж магадгүй гэж бодоход хүргэж байна.
САНСАР ЭЗЭМШИХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨВ
Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмшихийн төлөөх шинэ судалгаа, туршилт хийж байна. Анх удаа Арабын Нэгдсэн Эмират Улс гараг хоорондын станцаа Ангараг гаргийн тойрог замд амжилттай орууллаа. Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА агентлаг төхөөрөмж долоон сар үргэлжилсэн аяллын дараа Ангараг гаргийн Жезеро галт уулын тогоонд газарджээ. Мөн Хятадын олон удаа ашиглах сансрын хөлөг анхны нислэгээ үйлдэв. Үүний сацуу сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө өрсөлдөөн болж, Британийн тэрбумтан Ричард Брэнсон, АНУ-ын тэрбумтан Жэф Безос нар өөрсдийн үүсгэн байгуулсан “Virgin”, “Blue origin” компанийн бүтээсэн хөлгөөр сансарт нислээ. Үүний дараа “Space X” компани дэлхийн анхны, дан жуулчдаас бүрдсэн багийг сансарт хөөргөсөн нь бөмбөрцгийг бүтэн тойрчээ. Хөлөгт тус нислэгийг АНУ-ын тэрбумтан Жаред Исаакман санхүүжүүлсэн байна. Саяхан Японы тэрбумтан Юсакү Маэзава ОХУ-ын “Союз МС-20” хөлгөөр сансарт нисэж, 12 жилийн дараа тус хөлгөөр Олон улсын сансрын станц руу ниссэн анхны сансрын жуулчид болжээ.
БҮТЭН ЖИЛ ХОЙШИЛСОН “ТОКИО-2020” ОЛИМП БОЛЛОО
Цар тахлын улмаас бүтэн жил хойшилсон, зуны олимпын 32 дахь наадам Японы нийслэл Токиод амжилттай болж өндөрлөлөө. Эл наадам онцгой нөхцөл байдлын улмаас анх удаа цуцлагдалгүй хойшилсон, олимпын түүхэнд сондгой жил, үзэгчгүй болсон онцлогтой. Маркетингийн зорилгоор тус наадам “2020” гэсэн огноогоо хэвээр хадгалжээ. Дотоод, гадаадын үзэгчгүй болсон олимпын нээлтийн ёслолд оролцох эрхийг 950 тусгай төлөөлөгч, тэдний дотор 15 орон, олон улсын байгууллагын тэргүүнд олгосон байна. Тэмцээнд нь 205 үндэсний олимпын хороо, Олон улсын олимпын хорооны дүрвэгсдийн баг оролцлоо. 11 270 тамирчин 339 багц медалийн төлөө хурд, хүч, цэц мэргэнээ сорив.