Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн долоо дахь удаагийн сонгууль болов. Сонгох эрхтэй 4.47 сая оршин суугчид зориулан нийтийн тээвэр нь анх удаа үнэ төлбөргүй үйлчиллээ. 2020 оны есдүгээр сард товлосон энэ сонгууль цар тахлын улмаас хойшлогдсон нь ардчиллын тал баримтлагч сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртсөн юм. Анх товлосноор сонгууль болсон бол тус хүчин парламентын суудлын талаас илүү хувийг эзэлж, үйл ажиллагааг нь хяналтдаа авах байсан аж.
Эх газрын эсрэг үзэлтнүүдийн боломжийг хаахын тулд өнгөрсөн оны гуравдугаар сард Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар Хонконгийн сонгуулийн системийг шинэчилсэн билээ. Үүний дагуу тус бүс нутгийн парламент 70 бус, 90 гишүүнтэй болсон. Энэ удаагийн сонгуульд 153 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Тэдний 40-ийг анх удаа төлөөлөн сонгогчид сонголоо. Урьд нь төлөөлөн сонгогчид зөвхөн Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг л сонгодог байжээ. 30 гишүүнийг аялал жуулчлал, тээвэр, даатгал, санхүү, эрүүл мэнд, боловсролын зэрэг мэргэжлийн холбооноос нэр дэвшүүллээ. Ердөө 20 гишүүнийг бүх нийтийн санал хураалтаар сонгов. Сонгуулийн дүнг өнөөдөр зарлана. Шинэ парламентын эхний хуралдаан ирэх нэгдүгээр сарын 12-нд товложээ.