Гар утасны 5G сүлжээний нөлөөллөөс хамгаална гэсэн квантын болон ион зүүлт, бусад бараа нь цацраг туяа ялгаруулдаг, эрүүл мэндэд аюултай гэж Нидерландын Цөмийн аюулгүй байдал, цацрагийн ANVS агентлаг анхааруулав. Судалгааны үр дүнд цацраг идэвхэт бодис болох нь тогтоогдсон 10 дагалдах хэрэгслийн жагсаалтыг тус агентлаг нийтэлсэн байна. Эдгээрээс ялгарах цацрагийн түвшин бага хэдий ч хүн удаан хугацаагаар хэрэглэснээр хордож болзошгүй гэнэ. Тиймээс “Energy armor”, “Magnetix” зэрэг брэндийн квантын зүүлт, эрүүл мэндийн бугуйвч, сөрөг цэнэгтэй ион бүхий нойрны маск зэргийг хэрэглэхээ нэн даруй зогсоож, аюулгүй газар хадгалахыг тус агентлагаас уриалав. Удахгүй цацраг идэвхт бодис бүхий эд зүйлсийг аюулгүй буцаах зааварчилгаа гаргах гэж байна.