“Исламын улс” бүлэглэлийн эсрэг кампанит ажлын үеэр амь үрэгдсэн жирийн иргэдийн тоог АНУ-ын цэргийн удирдлага дутуу тооцсоныг “New York times” сонин эрэн сурвалжилгаараа тогтоожээ. Пентагоны 1300 гаруй баримт бичгийг тус сонин олж авсан бөгөөд хүмүүс шархадсан 100 гаруй газарт сэтгүүлчид очсон байна.
Албан ёсны мэдээллээр бол тус бүлэглэлийн эсрэг кампанит ажлын үеэр 2014 оноос хойш Сири, Иракт 1400, 2018 оноос Афганистанд 200 орчим хүний амь үрэгдсэн. Тэгвэл дээрх сонины тодруулснаар 1300 гаруй тайланд ердөө ганц л зөрчлийг дэлгээд, олон зуун хохирогчийг тооцоогүй аж. Тухайлбал, террористуудын нэг түшиц газарт цохилт өгөхөд 7-24 иргэн амь үрэгдсэн тухай албан ёсоор мэдээлсэн бол “New York times” сонин тодруулснаар уг үзүүлэлт 120 давжээ.