ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хэлэлцээ хийлээ. Тэд Европ дахь Москвагийн аюулгүй байдлын баталгаанаас эхлээд Ази, Номхон далайн бүс нутагт шинэ эвслүүд байгуулагдаж буй, хоёр талын харилцаанаас эхлээд хэтийн уулзалтуудын талаар гээд тулгамдсан чухал бүх асуудлыг хэлэлцлээ гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэв.
ОЛОН УЛСЫН БОДЛОГО
В.Путин саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай ерөнхийдөө өргөн агуулгатай, үр дүнтэй ярилцсанаа Си Зиньпинд мэдээлжээ. Ж.Байдентай ярилцахдаа хөндсөн гол сэдвүүдийн нэг болсон аюулгүй байдлын баталгааны асуудлаар Өрнөдийн орнуудтай нэн даруй хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч хэлээд, явцынх нь талаар Бээжинд уламжлахаа мэдэгдэв. Энэ сэдвээр Москвагийн саналыг лхагва гарагт АНУ-ын төлөөлөгчдөд хүргүүлсэн бөгөөд хэлэлцээнд Оросыг төлөөлөн Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков оролцоно. БНХАУ-ын дарга Оросын санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа байна.
Мөн Орос, Хятадын удирдагчид энэ сарын 9-10-нд АНУ-ын эрх баригчдын зохион байгуулсан “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-ыг сөрөг үр дагавартай гэдэгт санал нэгджээ. Үүнд тус хоёр улсын аль аль нь оролцоогүй.
Тэрчлэн Ази, Номхон далайн бүс нутагт AUKUS (Австрали, Британи, АНУ-ын цэргийн эвсэл), Quad (АНУ, Австрали, Япон, Энэтхэгийн оролцоотой дөрвөн талын аюулгүй байдлын яриа хэлэлцээ) зэрэг эвсэл байгуулсныг тэд буруушаажээ. AUKUS эвслийн хүрээнд цөмийн шумбагч онгоц бүтээх технологийг Австралийн талд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байгаа нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний үндэс суурийг алдагдуулж байна гэж удирдагчид үзлээ.
Үүний сацуу ирэх онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тэд тохиролцжээ. Ийм уулзалтыг зохион байгуулахыг өнгөрсөн оны нэгдүгээр сард В.Путин санал болгосон юм. Түүнчлэн Орос, Хятад, Энэтхэгийн дээд хэмжээний уулзалт удахгүй болж магадгүй.
ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА
ОХУ-ын Төрийн тэргүүн ирэх оны хоёрдугаар сард Бээжинд болох өвлийн олимпын нээлтэд оролцохоо мэдэгдэв. Үүний хариуд Си Зиньпин “олимпын уулзалтыг” тэсэн ядан хүлээж буйгаа уламжилсан байна.
БНХАУ-ын дарга Оросын удирдагчийг эртний анд хэмээгээд, энэ удаагийн цахим уулзалт нь Си Зиньпин одоогийн албан тушаал авсан 2013 оноос хойш цахимаар хийсэн 37 дахь нь гэдгийг сануулав. Харин энэ он гарснаас хойш хоёр дахь удаагаа цахим уулзалт хийсэн нь энэ юм. Үүний өмнө өнгөрсөн зургадугаар сарын 28-нд, “Сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсны 20 жилийн ойг тохиолдуулан уулзалт зохион байгуулжээ.
Тус хоёр орны харилцааг “XXI зууны улс хоорондын хамтын ажиллагааны жинхэнэ үлгэр жишээ” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч тодорхойлсон байна. БНХАУ-ын дарга хариуд нь хоёр улсын харилцаа бат бөх гэдгээ харуулж, шинэ уур амьсгалтай болсныг онцлон тэмдэглэжээ. Олон улсын асуудлаарх Москва, Бээжингийн хамтын ажиллагаа нь дэлхий дахины байдлыг тогтворжуулдаг гэдэгт удирдагчид санал нэгдсэнийг Ю.Ушаков уламжилсан байна.
Үүний сацуу В.Путин, Си Зиньпин нар мөн эдийн засгийн асуудлуудаа хэлэлцэв. Тодруулбал, Оросын үр тариаг Хятадад нийлүүлэх, “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төсөл, Орос, Хятадын худалдаанд зориулан санхүүгийн бие даасан дэд бүтэц бий болгох, Евразийн эдийн засгийн холбоо болон “Бүс ба зам” интеграцын санаачилгуудыг уялдуулах талаар хэлэлцжээ. Бараа эргэлтийг өргөжүүлэх талаар 2019 оны дээд үзүүлэлтээс хэдийн давсан, 2021 оны эхнээс хойших амжилтыг ОХУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэв. Удирдагчид мөн хоёр улсын хилийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өндөр үнэлсэн байна.