Якутын Верхоянск хотод өнгөрсөн оны зун 38 градус хүрч халсан нь Арктикийн буюу Умард мөсөн далайн бүс нутгийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг цаг уур судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрөв. Ингэж халсныг тэд ойн түймэртэй холбоотой гэжээ. Үүний сацуу ОХУ цаг уурын талаар өөр нэг асуудалд орсон нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн уур амьсгалын асуудлаарх анхны тусдаа тогтоолд хориг тавьсан явдал байв.
Арктик дахь халалтын өндөр үзүүлэлтийг Дэлхийн цаг уурын байгууллага бүртгэжээ. Сибирь, Умард мөсөн далайн бүс нутаг манай гаргийн бусад газраас илүү хурдацтай дулаарч байгааг эрдэмтэд тэмдэглэв. “Арктикт бүртгэгдсэн шинэ дээд үзүүлэлт нь Дэлхийн цаг уурын байгууллагын Цаг агаар, эрс тэс уур амьсгалын архивт нэмэгдсэн ажиглалтын цувралын нэг хэсэг юм. Эдгээр нь цаг уурын өөрчлөлтийн талаар шинэ дохиог бидэнд өгч байна” гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Петтери Таалас тайлбарлав.
Арктик нь дэлхийн хамгийн хурдан дулаарч буй бүс нутгийн нэг юм. Тэнд агаарын температур олон улсын дунджаас хоёр дахин хурдан нэмэгдэж байгааг Дэлхийн цаг уурын байгууллага тэмдэглэжээ.
Верхоянск нь туйлын тойргийн шугамаас 115 км зайтай оршдог. Тус хотод долдугаар сард дунджаар 16 градус дулаан байдаг аж. ОХУ-ын цаг уурын байгууллага 2020 оны зургадугаар сарын 20-нд Верхоянск хотод хэт халсныг бүртгэсэн. Гэсэн ч энэ бүртгэлийг албан ёсоор баталгаажуулах шаардлагатай байжээ. Эрдэмтэд хэмжилт үнэн зөв, эсэхийг шалгахын тулд өөр өөр станцын мэдээллийг харьцуулан шалгав. Мөн тэд үүнээс өмнө тус бүс нутаг, тэр дундаа бөмбөрцгийн баруун хагаст ийм эрс тэс үзэгдэл болж байсан, эсэхийг шалгасаар одоо л температурын дээд үзүүлэлт бүртгэгдсэнийг албан ёсоор зарлаж буй аж.
Өнгөрсөн онд ОХУ-д өргөн газар нутгийг хамарсан ойн түймэр эрт гарсан. Үүнд хамгийн их хэлмэгдсэн бүс нутаг нь Якут. 2011-2020 он ажиглалт явуулсан түүхэн дэх хамгийн дулаан 10 жил болсныг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Энэ чиг хандлага 2021 оны зун үргэлжилсэн. Өнгөрсөн долдугаар сар сүүлийн 30 жилийн дунджаас гуравны нэг градусаар дулаарсан гэж Европын дунд хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний төвийн эрдэмтэд мэдэгдэв. Байгаль орчныг хамгаалах олон улсын бие даасан төрийн бус “Greenpeace” байгууллагын тооцоолсноор наймдугаар сарын эхээр ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэр 13.4 сая га талбайг хамарчээ. Хамгийн ноцтой нөхцөл байдал Якутад өнгөрсөн наймдугаар сарын эхээр бүртгэгдэж, Онцгой байдлын яамнаас нь мэдээлснээр энэ бүс нутагт тус улсад гарсан нийт түймрийн 78 хувь ногдож байв.
Илүү хүчтэй шуурга, далайн усны түвшин, үер, ган гачиг болон дулаарлын бусад үр дагавар нийгмийн түгшүүртэй байдал, мөргөлдөөнийг улам хурцатгаж, дэлхийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдалд гол эрсдэл учруулж болзошгүй тухай заасан тогтоолыг Ирланд, Нигерээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьжээ. Үүнийг НҮБ-ын гишүүн 193 орны 113, тэдгээрийн дотор Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний 12 нь дэмжиж, хориг тавих эрхтэй Энэтхэг болон ОХУ эсэргүүцэж, БНХАУ түдгэлзсэн аж. Эл тогтоол нь уур амьсгалд учирч болзошгүй аюулыг тусдаа асуудал болгон авч үзсэн анхны шийдвэр болох байсан юм. “Уг баримт бичиг нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй мөргөлдөөнд хандах нэг талын хандлагыг цаг уурын асуудлаар дамжуулжээ” гэж НҮБ дэх Оросын төлөөлөгчийн газар мэдэгдэв.
“Үүний бурууг хөгжиж буй орнууд руу чихэх гэсэн оролдлого гэж үзэж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. “Уур амьсгалын асуудал Москвагийн хувьд онцгой чухал бөгөөд ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг” гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдлээ. Өрнөдийн орнууд Оросын шийдвэрт дургүйцэж буйгаа ч илэрхийлсэн байна. НҮБ дэх АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд твиттер хуудсандаа “Орос улс НҮБ-ын гишүүдийн олонхын дэмжсэн тогтоолд хориг тавьснаар дэлхий нийтийн итгэлийг хөсөрдүүллээ” гэж бичжээ.