Дэлхийд алдартай уран зураг, шижир алт хулгайлсан хүмүүсийг бодвол ховор, сайн чанартай дарс буруу аргаар авагсдын тухай мэдээлэл харьцангуй ховор байдаг юм. Тэгвэл цуглуулагчид лонх шилдэг дарсыг олон мянган еврогоор авдаг, хэрэв өөрийн зорилгод хууль ёсоор хүрч эс чадвал гэмт хэрэгтнүүдээс тусламж хүсэхээс буцдаггүй гэдэг.
Британийн Бейзингсток гэдэг жижиг хотын харуул хамгаалалт бүхий нэгэн агуулах руу хулгайчид өглөө эрт дөхөж очсон байна. Агуулахын хамгаалалт банкныхаас дутах юм үгүй, гадуураа 2.5 метр өндөр хашаатай, олон тооны ажиглалтын камертай, хөдөлгөөн мэдрэгч, лазер туяаг нь цахилгаан, дохио өгөгчийг унтраалгүйгээр нэвтрэх арга үгүй. Хулгай хийхээр зоригсод харин энэ мэт саадыг давах бэлтгэлтэй байв. Явах замаа сонгохдоо камерт өртөхгүй байхыг тооцоолжээ. Хулгайчид цахилгаан багаж ашиглан хананд метр гаруй өргөнтэй нүх гаргаж түүгээрээ дотогш нэвтрэв. Энэ нүх нь лазерын туяанаас ердөө хэдхэн см доор байж. Ийм айхавтар нарийн тооцоолж чадсан байна. Нууц камерыг ч унтрааж орхиж. Тэдний өмнө хамгийн ховор дарс өрсөн том модон хайрцгууд байлаа. Энэ дарсыг Британийн хатан хааны гэр бүлийнхэн хийгээд тэр зиндааны худалдан авагчдад зориулж бэлтгэсэн байв. Нэг лонх бүр нь 1000 фунт стерлингийн үнэтэй. Агуулахад олон мянган шил дарс хадгалсан ч хулгайчид хаана, ямар нь байгaaг сайн мэдэж байлаа.
Агуулах Лондоны “Berry bros and Rudd” фирмийнх байв. Энэ фирм 300 гаруй фил дарс наймаалж буй юм. Оросын Пушкин, Лермонтов нарт ихэд нөлөөлсөн гэж үздэг XIX зууны эхэн үеийн Английн яруу найрагч лорд Жорж Байрон эдний дэлгүүрээр орж, гарч явсан гэдэг. Дээрх фирмийн бүтээгдэхүүнийг захиалагчдын тоонд Ватерлоогийн тулалдаанд Наполеоныг ялсан III Георгоос эхлээд Британийн язгууртан дээдэс орж байсан аж. Үнэлж баршгүй дарстай лонхнуудын дэргэд очсон хулгайчид нэлээд хэдийг задалж, амжилтаа тэмдэглэжээ. Дараа нь хайрцагтай дарснуудыг зөөн машиндаа ачив. Тэд хамгаалагчдад огт мэдэгдээгүйг бодоход их чадварлаг ажилласан хэрэг. Хулгайчид мөрөө баллаад арилж өгснөөс хойш нэлээд хэдэн цагийн дараа дарс алдагдсаныг мэдсэн байна. 1.38 сая фунт стерлингийн хохирол учирсан байлаа. Үүнээс хойш зургаан жил өнгөрөхөд гэмт хэрэгтнүүд хэн болохыг тогтоогоогүй л байв.
Өндөр үнэтэй л бол архи, дарс ч бай, урлагийн бүтээл ч бай тэдний хооронд адил төстэй юм байдаг аж. Аль ч тохиолдолд ховордсон байдал, олон түмэнд нэр алдартай болсон, ялангуяа гарал үүслээс нь үнэ цэн нь хамаардаг юм байна. Алдар цуутай зураачдын чадал зааж хийсэн бүтээлийн адил өндөр үнэтэй, тансаг хэрэглээний дарс бас өөрийн гэсэн түүх намтартай байдаг гэнэ. Тухайлбал, 250 настай, 2021 оны долдугаар сард савласан “Old ingledew” гэдэг дарс 137.5 мянган ам.долларын үнэтэй байх жишээтэй. ХХ зууны эхээр ийм нэг лонх дарсыг өөр хоёр шилийн хамт Америкийн нэрд гарсан санхүүч, “General electric” компанийг үүсгэн байгуулагч, эцэг Жон Морган худалдаж авсан байна. Олон жилийн дараа түүний хүү нь тэдгээр дарсны нэгийг АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд бэлэглэж байжээ. Өөр нэг лонх нь хожим Ерөнхийлөгч болсон, тухайн үедээ Сенатын гишүүн байсан Гарри Трумэнд очсон гэдэг. Олон жилийн хойно гурав дахь лонх дарсыг улстөрч Жеймс Бирнс дуудлага худалдаанаас авчээ. Өндөр үнэтэй согтууруулах ундааны хар зах хулгайлж авсан зургаа худалддагтай төстэй байдаг нь гайхах юм биш. Хулгайчид ихэнхдээ дарсны зоорио хууль бус аргаар дүүргэж буйдаа сэтгэл огт зовдоггүй, хөрөнгөлөг цуглуулагчдын гар хөл болдог. Өөр тохиолдолд захиалагчдыг чухам юу түрийвчээ тэмтрэхэд хүргэдгийг сайн мэддэг намбалаг дилерүүд гэмт хэрэгтнүүдтэй хамтарч ажиллана. Сайн чанартай дарс хийгээд түүнийг сонирхогчдын талаар бусдын сонсоогүй мэдээллийг мэддэг хүмүүс ийм хулгайн хэрэгт оролцсон байх нь олонтоо. Яагаад банк дээрэмдээд байдгийг нь домогт гэмт хэрэгтэн Вилли Саттоноос асуухад “Тэнд мөнгө байдаг учраас” гэж хариулсан юм гэнэ лээ. Дарсанд ч бас мөнгө байдаг учраас гэмт хэрэгтнүүд дарсны ертөнцийн салшгүй нэг хэсэг болдог нь гайхах юм биш. Дарсны үйлдвэрлэлд хөрөнгө оруулагчдын хувьд харуул хамгаалалттай дарс хадгалах газар нь банкнаас ялгарах юм үгүй аж.
Уг бүтээл олны танил байх тусмаа түүнийг худалдахад төвөгтэй байдаг нь зураг хулгайлсан хүний зовлон юм. Худалдаж авсан хүнд элдэв хэл ам хэрэггүй байдаг бол зураг олны танил байх тусмаа хэл ам зайлшгүй дагуулдаг. Харин дарс наймаалагчдад ийм төвөг учирдаггүй. Зургаас ялгаатай нь дарсыг үзүүлдэггүй, уудаг. Олны анхаарал татахгүйгээр уучихаж болдог. Түүнээс гадна ховор дарсыг анх хараад л ялгачихдаг чадвартай хүмүүс тун ховор байдаг. Өөр нэг давуу тал нь түүний харуул хамгаалалт харьцангуй муу. Харин хааны ундааг бэлтгэдэг, лазерын туяа, хөдөлгөөн мэдрэгчээр хангагдсан “Berrey bros and Rudd”-ийн агуулах энэ дүрмийг зөрчдөг. Ер нь бол асар үнэтэй дарснуудыг агуулахын цоож цуурга л хамгаалдаг юм. “Энэ бол тун гэнэн, хоцрогдсон загварын, итгэлцэл дээр тогтдог өөрчлөлтөд маш алгуур дасдаг бизнес” гэж Британийн дарс наймаалагч Тагги Мейер хэлсэн нь бий.
Нэрд гарсан тогооч Мишель Ростаны дарсаар алдаршсан “Maison Rostang” зоогийн газар 1978 оноос Парисын Ялалтын хаалганы хажууд ажиллаж байна. Энд 50 мянган лонх ховор дарс хадгалагдаж байсны хамгийн эртнийх нь 1893 оных. Ростаны цуглуулга Парисын хамгийн арвин дарстай нь, ундааг нь Францын дарсны урлагийн ховор нандин бүтээл гэж үзнэ. “Мai¬son Rostang”-ийн агуулахад 2019 оны долдугаар сард хулгайчид орж, багаар бодоход 150 лонх дарс, түүний дотор нэг зуун жил исгэснийг нь аваад алга болж. Үнэ нь нийтдээ 600 мянган евро хүрсэн байна. “Бид тэдгээр дарсыг 40 жил цуглуулсан болохоор учирсан хохирол асар их” гэж Ростан хэлсэн байдаг. Хулгайчид их сонин арга хэрэглэсэн аж. Тэд олон сая хүний шарил байдаг эртний хонгилын сүлжээг ашиглажээ. Энэ хонгилын ихэнх хэсэг нь хаалттай, гэхдээ түүнийг бараг хэн ч хайхардаггүй байв. Дээр нь байгаа гудамжны нэрийг хонгилын ханан дээр бичсэн байх тул хэрэгтэй газраа олоход хялбар. Зоогийн газарт засвар хийж, хонгилын хананд 50 см хэмжээтэй нүх гаргасан байх үеийг хулгайчид сонгож авчээ. Энэ давчуу нүхээр бодвол хулгайчдын хамгийн жижиг биетэй нь дотогш орсон биз. Энэ нүхээр л дарсыг зөөсөн байж таарна. Ийм аргаар дарс хулгайлсан тохиолдол 2017 онд гарч 250 мянган еврогоор үнэлэгдэх 300 гаруй лонх дарс авсан байна. Дөрвөн жил өнгөрсөн ч Ростанд тохиолдсоны адилаар хулгайчдыг олоогүй байгаа. 2020 оны эцсээр Францын цагдаа нар зоогийн газраас ховор дарс хулгайлахаар төлөвлөж байсан бүхэл бүтэн бүлгийг илрүүлж, 25 хүн баривчилсны дотор хамгаалах дохиоллын төхөөрөмжид өртөхгүйгээр дотогш нэвтэрдэг, бичлэг хийдэг аппаратыг цахилгаанаас салгахад мэргэшсэн хүмүүс ч байжээ. Тэднээс зургаан сая орчим ам.доллароор үнэлэгдэх 900 лонх дарс хурааж авсан байна. Толгойлогч нь дарсны бизнес хийж явсан 55 настай хүн байсан аж. Өндөр үнэтэй дарсны хулгай гэмт хэрэгтнүүдийн хорхойг хүргээд байдаг нь хурдан борлогддог, хүсвэл нэг нэг лонхоор нь ч үнэ хүргэж зарж болдогтой холбоотой аж.
2014 онд дарсны хулгайчдын бас нэг томоохон бүлгийг илрүүлжээ. Есөн сарын хугацаанд тэд 18 удаагийн үйлдлээр 4000 шахам лонх өндөр үнэтэй дарс хулгайлжээ. Хулгайчид спортын машинтай нэг хүний гэрт баг өмсөн дайрч ороод машиныг нь хүчээр авав. Нэг агуулах руу давхиж очоод хамгаалагчийг төвөггүй мэхлээд нэлээд хэдэн хайрцаг дарс аваад эзгүй газар очоод машиныг шатааж орхиж. Тэр машинд гарын хээ, ДНХ ер юу ч үлдээсэнгүй. Мөрдөн шалгах ажил зургаан сар үргэлжлэв. “Францад үүн шиг чадварлаг аргаар дарс хэзээ ч хулгайлж байгаагүй” гэж цагдаагийн хурандаа Гислен Рети хүлээсэн аж. Хулгайлсан дарсыг ихэд хямд үнээр зарснаас хүмүүст сэжиг төрүүлээгүй байх гэж таамаглав. Парис, Бордо хот болон Францын зүүн өмнөд нутагт нуугдаж байсан 20 сэжигтнийг 2014 оны хоёрдугаар сард баривчиллаа. Тэдний тав нь мэргэшсэн хулгайч, бусад нь борлуулагч байв. Тэдний толгойлогч 52 настай эр урьд нь үнэт зүйлс хулгайлж, 15 жил шоронд сууж байжээ. Энэ удаад түүнд дөрвөн жил хорих ял өгөв. Хулгайчидтай хамт шүүгдэгчийн сандалд суусан захиалагчдын дотор Парисын их сургуулийн улс төрийн ухааны профессор, Биарри хотын компанийн захирал, Бордо хотын ойролцоох зоогийн газрын эзэн, хоёр ч багш байж.
2014 оны зургадугаар сард дарс цуглуулагч хижээл насны Мишель-Жак Шассейн хаалгыг хүн цохив. “Ноён Шассей танд ирүүлсэн илгээмж авчирлаа” гэж хаалганы цаанаас хэлэхэд нь янз бүрийн орноос ховор дарс байсхийгээд ирүүлдэг болохоор гэрийн эзэн ер гайхалгүй хаалгаа онгойлгоод өгтөл баг өмсөж, Калашниковын автомат буу барьсан зургаан хүн зогсож байх нь тэр. Тэд Шассейг түлхэж гэрт нь оруулаад өөрсдөө ч дотогш орж, хаалгыг нь түгжиж орхив. Зэвсэглэсэн зургаан эрийн өөдөөс 72 настай өвгөн эсэргүүцэх ямар ч арга байсангүй. Үр дүн ч гарахгүй нь мэдээж. Дээрэмчдийг Шассейн бүх насаараа цуглуулсан дарс л энд авчирсан нь ойлгомжтой. Дарс сонирхогч олон хүнээс ялгаатай нь Шассей хэзээ ч баян байсангүй. Тэрбээр шуудан зөөгчийн гэрт төрсөн, амьдралынхаа ихэнх хугацаанд нисэх онгоцны үйлдвэрт ажилласан нэгэн байв. Дарснаас өмнө Шассей марк, зоос, эрдэс сонирхдог байжээ. 1960-1970-аад онд Франц орноороо хөндлөн гулд явж хөдөө нутгаас хямд олддог ховор дарс цуглуулдаг байв. Сүүлдээ дарс үнэд орж, 1945 оны ургацаар хийсэн “Романи-Конти” гэхэд л 1000 хүрэхгүй евро байснаа хэдэн зуу дахин их үнэтэй болжээ. Энэ байдлыг Шассей ашиглан наймаа хийж, нэг мэдэхэд 500 мянга шахам евротой болсон байв. Цуглуулгаа арвижуулж, агуулахтай болоход тэр мөнгийг зарцуулав. Өөрийнх нь тооцоолсноор түүний цуглуулга 40 мянга гаруй лонх дарстай болжээ. Тэд нь 1900, 1904, 1914 оны ургацаар хийсэн хамгийн өндөр үнэтэй дарс байв. Тухайн үедээ Наполеонд, түүгээр ч барахгүй Оросын эзэн хааны ордонд байсан дарс ч Шассейд байжээ. Түүний цуглуулгыг олон сая еврогоор үнэлэгдэнэ гэдэг ч чухам хэд гэх тоог хэн ч хэлж үл чадна. Хятадын нэг тэрбумтан цуглуулгыг нь 60 сая ам.доллароор авъя гэхэд Шассей зөвшөөрсөнгүй. Тэрбээр өөрийгөө эх оронч гэж үздэг, дарснууд нь Францдаа байхыг хүсдэг аж. Тэгтэл тэр бүхнийг нь дээрэмчид булаах гэж байдаг. Дээрэмчид Шассейн гар, хөлийг хүлээд шалан дээр хаяж, шуугиан дэгдээвэл ална гэж заналхийлэв. Агуулах руу нь орох хаалганы түлхүүрийг хайж дээрэмчид гэр орныг нь орвонгоор нь эргүүлж орхилоо, юу ч олсонгүй. Тэдний нэг нь том балиус барин агуулахын хаалгыг онгойлгох түлхүүрийг олж өгөхгүй бол хурууг чинь тайрна гэхэд Шассей хожим дурссанаар бол түлхүүр надад байхгүй, түүнийг банканд хадгалуулдаг гэж хэлжээ. Хоёр цаг болоод дээрэмчид явахдаа Шассейн машиныг авч, гэрт нь байсан тааруухан чанарын 15 хайрцаг дарс ачаад хөдөлсөн байна. Удалгүй цагдаа нар түүний машиныг олоход шатаачихсан байжээ. Шассейн гэрээс дээрэмчдийн гарын хээг олж, гар утасны операторуудын тусламжтайгаар тэдний араас мөрдсөнөөр нэгээс бусдыг нь баривчилж, 18 сараас таван жил хорих ял өгчээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант