Коронавирусийн цар тахал дууссаны дараа хүн төрөлхтөн ядуурал, өлсгөлөн, тэгш бус байдал, өвчин эмгэг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өмнөхөөсөө илүү ноцтой сорилтуудтай тулгарна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус мэдэгдэв. Тэрбээр Швейцарын Женев хотод болж буй, Дэлхийн эрүүл мэндийг дэмжих 10 дахь удаагийн бага хурлын үеэр үг хэлэхдээ хүмүүс болон дэлхийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд тулгуурлан эдийн засгийн өсөлтийг дэмжихийг Засгийн газруудад уриаллаа.
Түүний хэлснээр эрүүл мэндээ дагаад хүн эрсдэлд ордгийг цар тахал харуулсан. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн үнэ цэнийн талаарх ойлголтод үндсээр нь өөрчлөлт хийх шаардлагатай байна. Улс орнуудын үйлдвэрлэл, хэрэглээний салбарт урьдын “мөлжлөг” байх ёсгүй. “Дэлхийг үл тоомсорлож”, “тахал өвчнийг өдөөсөн” хуваагдсан бодлого явуулах ёсгүй гэж ДЭМБ-ын гүйцэтгэх захирал үзэж байна. Эрүүл мэндийг зардал биш, харин ирээдүйн хөрөнгө оруулалт гэж үзэхийг тэрбээр уриалав. Тэгэхдээ улс орнуудын хүчин чармайлтын гол зорилго нь нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлын үндэс болсон хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээнд бүхэлд нь хамруулах явдал байх ёстой.
Дэлхийн эрүүл мэндийг дэмжих 10 дахь удаагийн бага хурлыг ДЭМБ Арабын Нэгдсэн Эмират Улсын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Засгийн газар, НҮБ-ын агентлагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөгчид хүний сайн сайхны төлөө эрүүл мэндийг дэмжих асуудлыг хэлэлцэж буй. Тус уулзалтад оролцогчид улс төрийн мэдэгдэл гаргах бөгөөд энэ нь Засгийн газруудад өгөх зөвлөмж болох аж.