Арабын орнууд Сирийн эсрэг хоригоосоо татгалзаж, тус улсыг Арабын холбоонд эгүүлэн нэгтгэх асуудал нээлттэй болов. Үүнийг эсэргүүцэгч нь Катар. Тус улсын ард Турк бий. Гэсэн ч 2024 онд Дамаск хотод Арабын нефть экспортлогч орнуудын байгууллагын эрчим хүчний бага хурал зохион байгуулах, Сири улс тус байгууллагыг нэг жил даргалахыг Доха эсэргүүцсэнгүй.
Сири улс 2022 оны нэгдүгээр сараас нэг жилийн хугацаанд Арабын нефть экспортлогч орнуудын байгууллагын (АНЭОБ) Сайд нарын зөвлөлийг даргалах юм. Мөн 2024 онд Дамаск хотод АНЭОБ-аас зохион байгуулдаг Арабын эрчим хүчний долоо хоног болно. Эдгээр шийдвэрийг өнгөрсөн өдрүүдэд болсон, тус байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчдийн цахим уулзалтаар санал нэгтэй баталжээ. АНЭОБ нь 1968 онд байгуулагдсан бөгөөд Алжир, Бахрейн, Египет, Ирак, Кувейт, Ливи, Катар, Саудын Араб, Сири, Тунис, Арабын Нэгдсэн Эмират Улс гээд Арабын орнуудын тэн хагас нь багтдаг. Дамаскийн хувьд газрын тос экспортлогч болох боломжийнхоо талаар ярих боломж нь улс төрийн хувьд туйлын чухал юм. Дайны өмнө Сири хоногт 350 мянга орчим баррель газрын тос олборлосны талаас илүү хувийг экспортолж байжээ. Өдгөө хоногт 24 мянган баррель олборлож байгаа нь дотоодын хэрэгцээний багахан хэсгийг л хангаж байна. Нефтийн ордуудын ихэнх нь АНУ-ын дэмжлэгтэй курдийн хүчнийхний мэдэлд байдаг. Мөн Ираны газрын тосны хууль бус нийлүүлэлтэд Дамаск гол найдлагаа тавьдаг. Сиритэй нефтийн худалдаа хийхэд АНУ хэдийн хориг тавьсан билээ.
Ийм үед АНЭОБ-ын тухай мэдээ гарсан нь Сирийг Арабын улсуудын холбоонд эгүүлэг нэгтгэх, тус орны Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг хууль ёсны гэдгийг хүлээн зөвшөөрөх тухай яриа хэлэлцээ хийх шалтгаан болж байна. Сирийн гишүүнчлэлийг 2011 оны арваннэгдүгээр сард тус улсад эмх замбараагүй байдал үүсэж, иргэний дайн болж даамжирсны улмаас түдгэлзүүлсэн юм. Гэвч сүүлийн хэдэн жил Сирид Ираны нөлөө эрчимтэй газар авсан нь Арабын зарим орныг гаргасан шийдвэртээ харамсахад хүргэжээ.
Өнгөрсөн сард Алжирын Гадаад хэргийн сайд Рамтан Ламамра “Дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүйгээр Сирийн Арабын холбоон дахь гишүүнчлэлийг сэргээх болсон” гэж мэдэгдсэн. Сирийн гишүүнчлэлийг цуцлахыг Алжир эсэргүүцэж байсан бөгөөд энэ алхам нь тус улсын болон бүс нутгийн байдал сайжруулахад нөлөөлсөн гэж үзэхгүй байгаагаа тэрбээр хэлсэн аж. Ирэх жилийн гуравдугаар сард Алжир Арабын холбооны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Абделмажид Тэббун Сирийг оролцуулахаа онцлон тэмдэглэжээ. Гэхдээ Сири Арабын холбоонд эргэн орохын тулд зөвшилцөлд хүрэх шаардлагатай.
Сирийн Ерөнхийлөгчид урилга илгээхийн өмнө тус улсын мөргөлдөөнийг шийдвэрлэх улс төрийн арга зам олох ёстой хэмээн өнгөрсөн долоо хоногт Катар, Туркийн Гадаад хэргийн сайд нар мэдэгдсэн. Үүнээс гадна Арабын орнууд Дамасктай ойртох үйл явц эхэлсэнд түгшиж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен илэрхийлэв. “Харилцаагаа хэвийн болгохыг бид дэмжихгүй. Анд нөхөд, түншүүдээс ямар дохио өгч байгаад анхаарлаа хандуулах ёстойг онцлон хэлмээр байна” гэж тэрбээр өгүүлсэн нь юуны түрүүнд Абу-Дабид хандсан үг байлаа. Өнгөрсөн сарын 9-нд АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Абдулла бин Заед Аль Нахаян сүүлийн арван жилд анх удаа Дамаскт айлчилсан. Үүнээс гурван долоо хоногийн өмнө Башар аль-Асад Абу-Дабигийн угсаа залгамжлах ханхүү, үнэн хэрэгтээ АНЭУ-ын захирагч Мохаммад бин Зайед нартай утсаар ярьжээ.
Ташрамд дурдахад, Башар аль-Асадтай яриа хэлэлцээ хийсэн нь цорын ганц АНЭУ биш юм. Өнгөрсөн аравдугаар сарын эхээр Иорданы хаан II Абдулла мөн Сирийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ. Үүний өмнө хоёр чухал үйл явдал болсон. Есдүгээр сард Сирийн Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Али Абдулла Айюб сүүлийн арван жилд анх удаа Амманд айлчилсан. Тэрбээр Хаант улсын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, хошууч генерал Юсеф Ахмед аль-Хунеититэй хэлэлцээ хийсэн байна. Үүнээс өмнө Амманд мөн Йордан, Сири, Ливан, Египетийн Эрчим хүчний сайд нарын уулзалт болжээ. Тэд Египетийн байгалийн хий, Йорданы цахилгаан эрчим хүчийг Сириэр дамжуулан Ливанд нийлүүлэхээр тохиролцсон билээ. Энэ төслийг АНУ дэмжсэн. Дамасктай хийсэн эл хамтын ажиллагаа нь АНУ-ын хориг арга хэмжээнд хамаарахгүй гэсэн баталгааг Вашингтон гаргажээ.
Сирийн дэглэмийг хууль ёсны болгохыг эрс эсэргүүцдэг Вашингтоны зөвшөөрөлгүйгээр II Абдулла Башар аль-Асадтай ярилцахгүй байсныг тус бүс нутгийн олон шинжээч тэмдэглэж байна. “АНУ Дамасктай ярилцахгүй. Гэхдээ АНУ-ын “ногоон гэрэлгүйгээр” Йорданы хаан Асад руу хэзээ ч залгахгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр бусад орны төлөөлөгчидтэй 30 орчим удаа уулзсаныг бид харсан. Өмнө нь ийм зүйлийг төсөөлөх аргагүй байсан” гэж Курдийн үндэсний зөвлөлийн Олон улсын харилцааны хэлтсийн дарга Камиран Хажо хэлжээ. Ф.Микдадтай уулзсан хүмүүсийн дунд Тунис, Египетийн Гадаад хэргийн сайд нар байсан аж. Тиймээс Арабын орнуудын хоригийг цуцалж, холбоонд нь эргэн нэгдэхэд ердөө ганц алхам л Сирид үлдсэн аж.