Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Афганистанд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсын битүүмжилсэн хөрөнгөөс 280 сая долларыг хүмүүнлэгийн тусламжийн хоёр байгууллагад оны эцсээр шилжүүлэх болжээ. Энэ мөнгийг Дэлхийн хүнсний хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-д шилжүүлэх аж.
НҮБ-ын Хүүхдийн сан 100 сая доллар авч, 12.5 сая хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, нэг сая хүнийг вакцинд хамруулна. Дэлхийн хүнсний хөтөлбөр 2.7 сая хүнийг хоол хүнсээр хангахад зориулж 180 сая доллар авахаар болжээ.
Үүний сацуу Британийн Засгийн газар Афганистаны хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 75 сая фунт стерлинг (одоогийн ханшаар бараг 100 сая доллар) хуваарилна. Британийн ГХЯ-наас ийнхүү мэдэгджээ. Энэ өвөл Британи Афганистаны 1.8 сая оршин суугчийг хоол хүнс, эм тариагаар хангахаар төлөвлөсөн юм. Английн Ливерпүүл хотод болсон “Их-7”-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ Британи зарласан аж. Энэ үеэр Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бислигийн тэмдэглэснээр Афганистанд 23 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ.