Хүчтэй хар салхи дайрсан Кентукки муж улсдаа АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден онц байдал зарлаж, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд тусалж, уршгийг арилгахыг үүрэг болгов. Одоогийн байдлаар зөвхөн тус муж улсад амиа алдсан хүний тоо 70 даваад байгаа бөгөөд эл үзүүлэлт 100 хүрч болзошгүй гэнэ. “Энэ удаа дайрсан хар салхи замаасаа улсын түүхэнд томоохонд тооцогдоно. Хүмүүс орон гэр, бизнесээ алдсан эмгэнэлт явдал боллоо” гэж Ж.Байден хэллээ.
Хар салхинд Кентуккигаас гадна Арканзас, Иллинойс, Миссури, Теннесси муж улс өртжээ. Кентуккид лааны үйлдвэрийн дээвэр нурж, олон ажилтных нь аминд хүрсэн аж. Иллинойс мужид 12 хүн амиа алдсаны зургаа нь “Amazon” компанийн нурсан агуулахад байжээ. Арканзас, Теннессид тус бүр гурав, Миссуригийн нэг оршин суугч амьсгал хураасан байна. Кентуккигийн Хопкинс тойрогт хүчтэй салхины улмаас галт тэрэг замаасаа гарч, унажээ. Тус муж улсыг дайрсан хар салхинд 10 мянган оршин суугчтай Мэйфилд хот хамгийн их нэрвэгдсэн гэнэ. Тус хотын цагдаагийн хэсэг сүйдэж, гал түймэртэй тэмцэх газрын тоног төхөөрөмж эвдэрч хэмхэрсэн байна. Олон мянган хүн гэрэл цахилгаан болон усгүй болжээ. “Төмөр багануудын зарим нь хугарч, нэг хэсэг нь дундуураа нугарч. Ачааны олон машин салхинд хийсэж, шидэгдсэн байна. Эзэд нь дотроо байсан маш олон байшин газрын хөрснөөс арчигдчихлаа” гэж Кентукки муж улсын захирагч хар салхи дайрсны дараа байдлыг дүрсэлжээ.