Арабын орнуудыг хамарсан хямрал Ливийн босогчдын тэмцлээр үргэлжилж байна. Йеменийн нийслэл Сана болон өөр гурван хотод эсэргүүцлийн жагсаалыг цагдаагийнхан дарахаар тэмцэж байгаа аж. Бахрейнд ч байдал хурцадмал хэвээр байгааг ажиглагчид онцолжээ. Умард Африк, Ойрхи Дорнодыг хамарсан улс төрийн тогтворгүй байдал хэдэн сар үргэлжилж байгаа ч намжих янзгүй.
Алжир, Ирак, Иордан, Мароккод эсэргүүцлийн жагсаал байн байн болж, хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн Ливийн тэмцэл иргэний дайн болон хувирлаа.
Ливан жагсагчдын эгнээнд
Сөрөг хүчнийхний идэвхтэй тэмцэл өрнөж буй Арабын орны тоо нэгээр нэмэгдлээ. Ливаны сөрөг хүчний “Гуравдугаар сарын 14” нам Бейрут хотын төвд томоохон жагсаал хийсэн тухай АР агентлаг мэдээллээ. “Хусны хувьсгал”-ын зургаан жилийн ойд зориулсан энэ цуглааныг цагдаагийнхан хүчээр тараах гэснээс үймээн үүсчээ.
Жагсагчид “Ливаны тусгаар тогтнолын төлөөх” тэмцлээ үргэлжл үүлнэ хэмээн мэдэгдлээ. “Хезболлах” бүлэглэлийн зэвсгийг хураахыг сөрөг хүчнийхэн шаардаж байгаа юм. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд “Хезболлах” бүлэглэлийн гиш үүд Парламентаас гарсан нь сөрөг хүчнийхэн болон эрх баригчдын хоорондын тэмцлийг хурцатгасан аж.
Ливид тэмцэл үргэлжилсээр
М.Каддафигийн цэргүүд болон босогчдын хоорондын тулаан Ливийн Ажабия хотод үргэлжилсээр байна. Бенгазигаас 170 км зайд орших энэ хотыг босогчид эзэлсэн, эсвэл М.Каддафигийн армийн мэдэлд байгаа гэхчилэн олон мэдээлэл цацагдах болов. Мөргөлдөөн болж буй газарт гадаадын нэг ч сурвалжлагч, хэвлэлийн ажилтан байхгүй бөгөөд хоёр тал өөрсдийгөө ялсан хэмээн мэдэгдэж байгаа аж. Үүний хажуугаар Бенгази хотод байрлаж буй босогчдын армид залуус сайн дураараа элсэн орж байгаа гэнэ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр Ливийн зүүн хэсгийн гол хот болох Тобрук руу босогчид довтолжээ.
Босогчдыг удирдаж байгаа генерал Абдул Фаттах Юнис “Тобрук хотыг эзлэх нь бидний хувьд маш чухал. Зорилгынхоо төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ” хэмээн мэдэгдсэнийг “Аль-Жазира” дамжуулав. Өнгөрсөн ням гаригт босогчид Брега хотыг эзэлсэн байна. Дашрамд өгүүлэхэд, тус улсын Расэль- Ануф хотод орших газрын тос хадгалах байгууламжид гал гарсан бөгөөд ливичүүд Испанийн “Eni SpA” компаниас түймрийг унтраахад туслахыг хүссэн байна.
Йемен, Бахрейн
Йеменийн Сана, Аден хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүс рүү цагдаагийнхан гал нээжээ. Энэ явдлын улмаас нэг хүн нас барсан байна. Сана хотод жагсаалын үеэр 100 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан аж. Түүнчлэн нулимс асгаруулагчид хордсон 20 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн байна. 1978 оноос Төрийн тэргүүнээр ажиллаж буй Али Абдалла Салех парламентын сонгууль явуулж, шинэ Засгийн газар байгуулна хэмээн мэдэгдэж байсан юм.
Бахрейны нийслэл Манамад Вангийн эрх мэдлийг хязгаарлахыг хүссэн хүмүүс Сувдан талбайд жагсчээ. Үүний өмнөхөн Пентагоны тэргүүн Роберт Гейтс тус улсын эрх баригчидтай уулзан ард түмнийхээ хүсэлтийг харгалзаж үзэхийг уриалжээ. Өнгөрсөн ням гаригийн орой Персийн булангийн улсуудын холбооноос илгээсэн 1000 цэрэг Бахрейнд иржээ.
Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсаас 500 гаруй цэрэг тус оронд энхийг сахиулахаар ирсэн тухай АР агентлаг мэдээллээ. Эсэргүүцэгчид Засгийн газар огцрохгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ.
Х.ОДОНЧИМЭГ