Аймшигтай, эмгэнэлтэй хэрэг явдалтай бид нүүр тулж байна. Дэлхийн бөмбөрцгийн 70 шахам хувийг бүрхэн цэлэлзэж, харлах учир битүүлэг ертөнцийн өчүүхэн хэсэг давалгаалан хуйлрах төдий ямар гээч аюул тарьж байгааг харлаа. Өчигдрийн байдлаар Японы эдийн засагт 60 гаруй тэрбум ам.долларын хохирол учирч, олон мянган хүн сураггүй болж, 10.000 гаруй хүн амь насаа ал даад байна. Энэ тоо цаашдаа хэд хүрэхийг бүү мэд. Хэний ч сэтгэл түгшүүрлэн, өвдөхгүй байхын аргагүй мэдээ хөвөрсөөр...
Японы Хоншю арлын зүүн эргээс 100 км-ийн алс зайд, Номхон далайн гүнд (10 м) болсон газар хөдлөлт, түүнээс үүссэн цунами хүн төрөлхтөнд нэг амь, нэг сэтгэл зүрхтэй байхын утга учрыг санууллаа. Энэ бол зөвхөн япончуудад хамаарах гамшиг биш ээ. Нэлийсэн усан ертөнцийн дунд даанч өчүүхэн, өвчүү завь шиг газар дээр амьдран суугаа хүн төрөлхтөнд тохиолдсон гамшиг. Хэзээ ч, хэдийд ч, хэнд маань ч, байгалийн давагдашгүй сүр хүчинтэй ийн нүүр тулгаран, хүчин мөхөстөх цаг ирж мэднэ.
Тэр үед хар, шар, цагаан гэлтгүй хүмүүсийн бие биенээ гэсэн халуун сэтгэл, өчүүхэн ч атугай дэмнэсэн дэм л тухайлсан зовлонг сөрөх, даван туулах итгэл найдлага, урам зоригийг өгөх буюу. Японы ард түмэнд, яг одоо тийм дэм хэрэгтэй байгаа. Тэвчээртэй, ухаалаг, туйлын бүтээлч энэ ард түмэн гамшиг зовлонд жинхэнэ хатуужсан үндэстэн. Тийм болохоор энэ удаа ч гэсэн даван туулаад л гарна. Яг үнэндээ Японы түүх өөрөө хүн-байгалийн хүч тэнцвэргүй тулааны түүх.
Бүр нарийсгавал МЭӨ 1300-300 оны Жомоны үед үүсэж бүрэлдсэн гэгдэх цагаасаа япон хүн газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, далай тэнгис, цунамитай тулалдсаар өнөө хүрсэн байдаг юм. Өөр аль ч үндэстэнд байдаггүй нэгдмэл, бие биенээ хүндэтгэдэг, хөдөлмөрч атлаа зоригтой, тэвчээртэй чанар тэдэнд суусны учир үүнд оршдог биз ээ. Байгалийн энэ их гамшиг дунд, байнга заналхийлэн уулга лах аюулыг ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ сөрөх биш, улс үндэстнээрээ нэгдмэл байж, бие биендээ чин сэтгэлээсээ тусалдаг дэмждэг, ёстой л “Нэг нь нийтийнхээ, нийт нь нэгийнхээ төлөө“ байж, ялан дийлэхийн учир шалтгааныг яс махандаа шингэтэл ойлгож ухаарсан ард түмэн.
Далай тэнгис тэдэнд аюул ч учруулж, бас амьдралд тэсэж үлдэх ухаанд ч сургаж, турш лагажуулж ирсэн хэрэг. Тэд бие биеэ маш сайн мэднэ. Япончууд нягт нямбай, “за” гэвэл “ёо”-гүй, бусдад худал ярихыг гүнээ цээрлэдэг ард түмэн учраас үүссэн нөхцөл байдлаа ямагт зөв цэгнэж, найдвартай шийдвэр гаргаж чаддаг. Тэгээд түүнийгээ оромдож, додомдохгүйгээр гүйцэтгэж бас чаддаг болохоор дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч, хүчирхэг баян гүрний нэг болж чадсан юм. Тус улсын хойд, зүүн хойд бүсийн хэд хэдэн аймагт цунами сэтгэл өвтгөсөн гамшгийн ул мөрийг татууллаа.
Эндээс хүн төрөлхтөн, тэр тусмаа монголчууд их зүйлийг сурч, туршлагажиж, сургамж авах буй за. ...NHK-ийн мэдээг харж байхад япончуудаар бахархах сэтгэл эрхгүй төрж, дотор огшино. Орон гэр, эд хогшил, идэх хоол, өмсөх дулаан хувцасгүй үлдсэн тэр олон хүний хэн нь ч амиа хичээн, хувийн зовлон тоочиж нус нулимсандаа хутгалдахгүй байгааг анзаараарай. Бэртэж шархадсан хэрнээ “...Би яах вэ? Манай хөршийнх олон хүүхэдтэй. Энд тэднээс нэг нь ч харагдахгүй байна. Буцаж очоод хайя...” гэх залуухан эмэгтэй, ...Бүтэн хоног хоолойгоо чийглээгүй атлаа өөрсдөд нь ногдсон цэвэр усыг уухаасаа татгалзан, “Аюултай бүсэд үлдсэн хүмүүст хүргэ” гэж ярьж байгаа бага сургуулийн хүүхдүүдийн ухамсар, тэвчээр, хатан зориг энэ өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт үлгэр дуурайл болон хүрч байгаа нь дамжиггүй.
Японы төр, засаг, мэргэжлийн албад, ямар чадварлаг, шуурхай ажиллаж, арга хэмжээ авч байгаагаас манайхан их зүйлд суралцан, бас ихийг цэгнэж буй гэдэгт итгэж байна. Энд нэг зүйлийг зориуд онцгойлон сануулахад 2010 оны арванхоёрдугаар сарын 22-ны өд рийн “Өнөөдөр” сонины дугаарт Б.Амарбатын “Болзошгүй аюулаас иргэдээ аврахад Монголын төр бэлэн үү” гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм. Холбогдох нөхөд уншсан бол санаж байгаа байх. Хоёр Солонгос хоорондоо буудалцсантай холбоотойгоор гадаадын улс орнуудад албан болон албан бусаар зорчин амьдарч, ажиллаж сурч байгаа иргэдээ дайн байлдаан, цунами, хар салхи, газар хөдлөх гэх мэтийн аюул, гамшиг болох үед аврах, нүүлгэн шилжүүлэхэд Монголын төр одооноос ан хаарч, гадаад улс орнуудад байгаа ЭСЯ-ны ажилтнуудыг энэ чиглэлээр дадлагажуулах тусгай бодлоготой болох ёстой хэмээн уг нийтлэлд асуудал хөндсөн байсан.
Энэ үйл явдлын үеэр манайхан харин боломжийн ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байгаад талархах ёстой. Тэр тусмаа ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаар ахлуулсан Засгийн газрын тусгай комисст. Харин Гадаад харилцааны яамны үйл ажиллагаанд үнэхээр өөрчлөлт хийх цаг болсныг энэ өдрүүдэд олон хүн ярьж, шүүмжилж байгааг Г.Занданшатар сайд сонссон буй за. Гадаадад амьдардаг иргэдийнхээ талаар яам тань эрхбиш энэ өдрүүдээс хойш ядаж эргэцүүлдэг болсон байгаасай. Монгол Улсаа төлөөлөн харьд суудаг ЭСЯ-ныхан иргэд дээ ямар хүйтэн, хөндий, тоом жиргүй ханддаг билээ. Үүнийг Японы үйл явдал нотоллоо шүү дээ.
Хэрвээ тус улс дахь манай ЭСЯныхан иргэдээ анхаардаг, хэн нь хаана, хэрхэн амьдарч байгааг ядаж мэддэггүй юм аа гэхэд, ямар нэгэн хэрэг явдал тохиолдоход яамтайгаа шууд, чөлөөтэй харилцах боломжийг тэдэнд олгодог байсан бол, энд ингэж олон хүний элэг эгшиж, бухимдаж шаналахгүй байсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Японд ажиллаж амьдардаг иргэдийнхээ тоог мэдэхгүй, ядаж л барагцаалаад тоймлож чадахгүй будилж байж манай дипломатууд юун ч худлаа ярих юм.
Энэ өдрүүдэд ЭСЯ-ныхантай холбоо барих гээд чадаа гүйгээ олон хүн өгүүлж байсан. Яг ийм зовлон эдэлсэн хүнийхээ хувьд үйл ажил лагаагаа өөрчлөөсэй хэмээн бичиж байгаа юм. Аль ч улсад байгаа манай ЭСЯ-ныхан үсрээд л хэдэн оюутан хаана байгааг мэддэг байхад болно гэж үздэг юм биш үү. Япон дахь ЭСЯ-ны утас ажлын өдөр тун ховор залгагдаж, амралтын өдрүүдэд бол яагаад ч нэмэргүйг би мэдэх юм. Холбогдоно гэдэг баршгүй даваа. Иргэддээ туслах, дэм өгөх, зөвлөх талаасаа бол найгүй хүнд сурталтай газар байдаг, байсан юм даа. Газар хөдөлж, цунами болж байхад Элчин сайд Р.Жигжид энд байсан.
Өчигдөр харин Япон руу ниссэн байна билээ. Манай ГХЯ-ныхны ажил маш муу (иргэддээ анхаарал, халамж тавих талдаа шүү дээ) гэдгийг олон үйл явдал гэрчилдэг болохоор ингээд орхиё. Энэ удаа МИАТ ХК, Х.Баттулга сайдын хүчин зүтгэл тэдний сул дорой үйл ажил лагааг халхлаад өнгөрлөө дөө. Бичиж эхэлсэн үйл явдлын шугамаас хазайн ийн тэрлэх зуурт Японы ард түмэн улам эрчтэй шаргуу ажиллацгааж, гамшгийн нөх цөл байд лыг хянаж, аль болох хурдан хугацаанд сүйрсэн бүс нутгаа сэргээн босгохоор “язганаж” буйг Токиогоос найз нөхөд дуулгаж байна. Тус улсын нийслэл болон өмнөдийн нутгуудад ийм аймшигт газар хөдлөлт, цунами огт болоогүй мэт уур амьсгалтай байгааг ярихдаа ердийнхөөрөө инээж хөхөрч, тайван байна.
Япончууд ийм л ард түмэн. Тэд худлаа ярьдаггүй юм. ...Даваа! Чи мэднэ шүү дээ. Манай гэрийн ойролцоох цахилгааны хоёр дэд станц газар хөдлөх үед бөөн гал, утаа болон дэлбэрчихсэн. Гэтэл тавхан цагийн дараа ямар ч хүн дэлбэрсэн гэж мэдэхээргүй сэргээн босгочихож байна” хэмээн Батнасан (боксын олон улсын хэмжээний мастер) гэдэг найз минь над руу залгалаа. Япончуудын нэг онцлог эндээс мэдрэгдэж байгаа юм. Тийм ээ, тэд аливааг бусдад аль болох хүнд рэлгүйгээр маш хурдан, тэгсэн атлаа чанарын дээд төвшинд гүйцэтгэхийг бүр ясны зарчим болгосон үндэстэн.
Мэдээж гамшиг болсон мужуудад маш хэцүү байгаа. Тэнд сая сая хү н голдоо ортол даарч, өлсөж ундаасаж, үхэл ха гацалтай улаан нүүр тулсан өдрүүд өнгөрч байна. Бидний илгээсэн хөнжил, гудас, монгол хүүхд үүдийн цуглуулсан дэв тэр, харандаа, чин сэтгэлийн бүлээн дулаан үг тэдэнд ямар их тус дэм болохыг төсөөлөхүйд монголчууддаа баярланам. “Аль ч улс оронд хүнд хэцүү цаг тохиох дор япончууд шиг хамгийн түрүүнд гар сунган, хандив тусламж үзүүлсэн шиг үзүүлдэг ард түмэн үгүй” гэдэг үгийг НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун энэ өдрүүдэд зүгээр ч нэг хэлээгүй ээ.
Зовлон үзсэн нэгэн бусдын зовлонг ойлгодог гэдэг. Монголчууд бидэнд Японы ард түмний үзүүлсэн халуун сэтгэл, хандив тусламжийг хэмжээлэн тоочих утгагүй. Тэвдэж явах хүнд цаг үед тэмээ тэмээгээр нь тус үзүүлсэн анд минь та нар гэдгийг бид мартаагүй ээ.