Японы TEPCO компанийн эзэмшдэг “Фүкүшима-1” АЦС-ын гуравдугаар блокт өчигдөр 11.04 цагт дэлбэрэлт болж, 11 хүн бэртсэн тухай АР агентлаг мэдээллээ. Энэ дэлбэрэлтийн дараа байгууламжаас цагаан утаа манарч байсан бөгөөд хэдэн минут өнгөрөхөд гуравдугаар блокны гаднах бортого дэлбэрсэн байна. Мөн “Tohoku Electric Power Co” компанийн УЦС-ын шатахуун хадгалдаг савнаас тос гоожсон аж.
Энэ сарын 11-нд болсон цунамигийн улмаас хөргөх төхөөрөмж нь ажиллахгүй болсон тус станцын нэгдүгээр блокны гаднах бортого өнгөрсөн бямба гаригт дэлбэрсэн билээ. Тус улсын Ерөнхий сайд Наото Кан нөхцөл байдал хурцадмал хэвээр хэмээн онцолж буй. Ослын улмаас цацраг идэвхт бодис тархсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч тус бүсэд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Цөмийн станцын мэргэжилтнүүд шатахуун хайлах, хорт бодис тархахаас сэргийлэх бүх арга хэмжээг авч байгаа бөгөөд реакторыг далайн усаар хөргөж байгаа аж.
Цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг дэлбэрэлт Чернобылийн осол шиг гамшиг дагуулах магадлал бага гэнэ. Учир нь Японы АСЦ-уудыг газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшгийг тэсвэрлэх бат бөх материалаар барьсан, дээр нь тус улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ өндөр түвшинд байгаа юм. АЦС-ын эргэн тойрны 20 км газар нутгаас нийт 170 мянга гаруй хүнийг одоогоор нүүлгэн шилжүүлээд байна. “Агаар, усан дахь цацраг идэвхт бодисын хэмжээг тогтоохоор ажиллаж байна” хэмээн Японы Төрийн нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгджээ.
Олон улсын цөмийн эрчим хүчний төвөөс мэдээлснээр Японы 55 АЦС-ын 11 нь цунами, газар хөдлөлтийн улмаас их бага хэмжээгээр гэмтэл авч, доголдсон байна. Ибараки мужид орших “Токай” АЦСын хөргөх төхөөрөмж доголдож байгаа аж. Түүнчлэн “Онагава” АЦС-ын орчимд цацраг идэвхт бодис тархсан гэх мэдээлэл ч байна. Ойрын өдрүүдэд Хоншю мужид салхи ихтэй байна хэмээн цаг уурчид мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь хорт бодис нэг газар төвлөрч, эсвэл үүл болон хуралдахаас сэргийлнэ гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Олон улсын цөмийн Аюулгүй байдлын төвийн мэргэжилтэн Жан-Матьё Рамбаш “ “Онагава” станцын нэг хэсэгт гал гарсан. Гэхдээ АЦС-ын реактор дэлбэрсэн ч Чернобылийн осол шиг зүйл болохгүй. Харин цацраг идэвхт бодис, цөмийн хорт хаягдал хадгалдаг агуулах дэлбэрвэл байдал ноцтойгоор эргэнэ. Хорт бодис далай руу асгарч, бусад мужид тархаж болзошгүй” хэмээжээ.
Х.ОДОНЧИМЭГ