“Үхэл наймаалагч” нэрээр дэлхий даяар алдаршсан Виктор Бутын хэргийг АНУ-ын Нью-Йорк хотын шүүх хэлэлцэж буй. Алан хядах байгууллагуудыг зэвсгээр хангасан хэрэгт буруутгаж буй түүнийг 1990-ээд оноос Америкийн хууль сахиулагчид мөрдөж эхэлжээ.
Тус улсын Аюулгүйн албаныхан Виктор Бутыг хамгийн ноцтой гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад оруулсан байсан юм. Виктор Анатольевич Бут 1967 онд Тажикистаны нийслэл Душанбед төрсөн. Казанийн Суворовын сургуульд суралцаж байсан тэрбээр цэргийн алба хаасныхаа дараа Москвагийн цэргийн орчуулагчийн дээд сургууль төгсчээ. Ангол болон Африкийн зарим оронд үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр 1995 онд Афганистанд барьцаалагдсан “Ил-76” онгоцыг суллах хэлэлцээрт ЗХУ-ын талаас оролцож байв.
1992 оноос тэрбээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад амьдрах болж, агаараар ачаа тээвэрлэдэг бизнес эрхлэх болов. Энэ үеэс л түүнийг зэвсгийн наймаатай холбогдсон хэмээн хэвлэлүүдэд бичиж байсан юм. Албан бус эх сурвалжуудад тэмдэглэснээр В.Бут Афганистан, Ангол, Руанда, Либери, Сьерра Леоны зэвсэгт бүлэглэл болон “Аль-Каида”, “Талибан” бүлэглэлд хууль бусаар зэвсэг нийлүүлдэг байсан гэнэ.
1995- 1998 онд Бельгийн хууль сахиулагчид түүний үйл ажиллагааг мөрдөж эхэлснээр тэрбээр Арабын нэгдсэн Эмират улс руу гарсан байна. Виктор Бут “Халуун цэгүүд рүү зэвсэг хүргэх үйлчилгээ үзүүлдэг байсан нь үнэн. Гэхдээ хууль бус наймаанд холбогдоогүй” хэмээн мэдэгдэж байгаа юм. 2006 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш банкууд дахь түүний дансыг хаахыг уриалж байсан билээ.
Бангкок дахь “ӨгӨӨш” 2008 онд Хар тамхитай тэмцэх АНУ-ын тусгай албаныхан В.Бутад өөрсдийгөө Колумбын босогчид хэмээн танилцуулж, хэлэлцээр хийхийг хүссэн байна. 2008 оны гуравдугаар сарын 6-нд Бангкокт ирсэн В.Бутыг “Sofitel Silom Road” зочид буудалд Тайландын цагдаа нар баривчилж, шоронд хорьжээ.
Түүнийг Колумбын террористуудад зэвсэг нийлүүлэх гэсэн хэмээн буруутгалаа. 2009 оны наймдугаар сарын 11-нд Тайландын шүүх В.Бутыг АНУ-ын талд шилжүүлэхээс татгалзсан бөгөөд Колумбын FARC бүлэглэлийг алан хядах бус улс төрийн бүлэглэл хэмээн тайлбарласан аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Виктор Бутыг Америкийн НьюЙорк хотын шүүхэд шилжүүлж өгсөн юм.
В.Бутад холбогдох хэргийн шүүх хурлыг энэ оны аравдугаар сарын 11 хүртэл хойшлуулаад байна. В.Бутаас хэн айж байна вэ 43 настай, эрэгтэй. 91641-054 дугаартай хоригдол. Нью-Йоркийн “Metropolitan Correctional Center” шоронд хоригдож буй Виктор Бутыг АНУ-ын иргэнийг хөнөөх нууц хуйвалдаанд оролцсон, террорист бүлэглэлүүдэд хууль бусаар зэвсэг нийлүүлсэн зэрэг долоон зүйл ангиар буруутгаад байгаа.
Хэрэв түүний буруутай нь нотлогдвол 25 жил, эсвэл бүх насаар нь ч хорих ял оноож магадгүй. Хэрэв В.Бут ОХУ-ын тусгай албаныхантай холбоо сүлбээгүй нэгэн байсан бол түүний хэргийг ийн сүр болгохгүй ч байсан байж магад. 1980- аад онд ЗХУ-ын тусгай албанд ажиллаж байсан тэрбээр хаана, ямар зэвсгийн агуулах байдаг, зэвсгийн хууль бус наймааны сүлжээ, цаашлаад үүнд ОХУ, АНУ болон Ойрхи Дорнодын нөлөө бүхий наймаачдын талаар нэгд нэгэнгүй мэдэх аж.
В.Бутын хэрэг даамжирвал зэвсгийн наймааны ард байгаа нууц ноёнтнууд ч илчлэгдэнэ хэмээн ажиглагчид үзэж байгаа. АНУ-ын тал ч магадгүй ийм л зорилгоор В.Бутыг байцааж, элдэв дарамт учруулж байна гэх таамаглал бий.
Х.Одончимэг