Кот-д’Ивуар улсын эрх баригчид НҮБ болон Францын энхийг сахиулагчдын үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа зарлалаа. Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд тус улсын нутаг дэвсгэрт онгоц буух, агаарын замаар нисэх зэргийг хориглосон шийдвэрийг Засгийн газар авсан тухайгаа мэдэгдэв.
“Онгоцноос бусад тээврийн хэрэгсэл манай улсаар дайран өнгөрөх бол эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах ёстой” хэмээн Ерөнхийлөгч Лоран Гбагбо өгүүлжээ. Тус улсад одоогийн байдлаар есөн мянган цэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдсэн маргаан даамжирч, зэвсэгт мөргөлдөөн гарч байсан. НҮБ сөрөг хүчнээс нэр дэвшсэн Алласан Уаттараг сонгуульд ялсан гэж үзэн, Лоран Гбагбог албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа юм.