НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ливид тавьсан хориг арга хэмээнд ОХУ албан ёсоор нэгдсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгджээ. Энэ нь Орос улс одоо Ливид зэвсэг нийлүүлэхээ зогсоож, ямарваа нэгэн тусламж үзүүлэхээ больж байгаа гэсэн үг юм. Мөн Ливиэс ирж буй болон тус улс руу явуулах ачаа бараа, тээшийг нарийвчлан шалгаж эхэлж байна. НҮБаас авсан эл хориг арга хэмжээний дагуу Муаммар Каддафи болон түүний гэр бүлийнхний дансны гүйлгээг зогсоох шийдвэр гарсан билээ. Одоогийн байдлаар 15 улс энэ хоригт нэгдээд байгаа юм.
НҮБ дахь Тусгай төлөөлөгч Виталий Чуркин “Ливид болж буй үйл явдал ОХУын эрх баригчдыг түгшээж байна” хэмээн онцолсон аж. ОХУ-аас зэвсэг худалдаж авдаг улсын нэг бол Ливи. ЗХУ-ын үеэс улбаатай энэ худалдааны дүнд 2010 оны байдлаар Москва 1.5 тэрбум еврогийн ашиг олсон. Харин Европын холбооны улсууд Ливид 344 сая еврогийн зэвсэг нийлүүлжээ.
Зарим шинжээчийн үзэж буйгаар Муаммар Кадаффигийн армид 216 харвагч пуужин бий гэнэ. Сүүлийн жилүүдэд Ливи ОХУ-аас цэргийн 420 онгоц, 52 нисдэг тэрэг худалдаж авсан гэдэг тоо ч байдаг. Босогчдыг дарахын тулд ашиглаж буй зэр зэвсгийн дийлэнх хэсгийг М.Каддафид хойд хөрш нийлүүлсэн аж.
Хориг арга хэмээнд нэгдсэнээр Оросын зэвсгийн экспортод ноцтой хохирол учирна хэмээн ажиглагчид үзэж байна. Ойрхи Дорнод, Хойд Африкийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх өөс өмнө хоёр тал хоёр тэрбум долларын зэвсэг худалдах тухай гэрээ байгуулахаар төлөвлөж байсан юм.
Дашрамд, Европын холбооны улсууд руу дүрвэж ирсэн ливичүүдийг хэрхэх талаар улс орнууд хэлэлцэж эхэллээ. Их Британи, ХБНГУ зэрэг 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар ирэх долоо хоногт Брюссельд уулзаж энэ асуудлыг хэлэлцэхээр шийдсэн тухай АР агентлаг мэдээлэв.
Х.Одончимэг