Японд амьдарч буй гадаадын иргэдээс хууль бусаар хандив авсан хэрэгт буруутгагдаад буй Гадаад хэргийн сайд Сэйжи Махаэра огцрох өргөдлөө өгсөн тухай АР агентлаг мэдээлжээ. Тус улсын хуульд зааснаар аливаа улс төрийн нам, эвсэл, улстөрч гадаадын иргэнээс хандив авах эрхгүй байдаг аж.
Сүүлийн хэдэн жилийн турш Сэйжи Махаэрагийн сан Японд олон жил амьдарч буй БНСУ-ын иргэнээс 3000 орчим доллар авч байснаа хүлээн зөвшөөрсөн юм. 48 настай, тууштай, шударга улстөрч гэгддэг тэрбээр Ерөнхий сайд Наото Канын халааг авах магадлал тун өндөр байсан гэж ажиглагчид онцолж байжээ.
“Хууль зөрчиж, буруу зүйл хийсэндээ ард түмнээсээ хүлцэл өчье” гэж тэрбээр мэдэгдлээ. “Киото” агентлагийн мэдээлснээр Гадаад хэргийн сайдаар Төрийн нарийн бичгийн дарга Юкио Эданог томилж магадгүй аж.