Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакийг албан тушаалаа ашиглан улсын хөрөнгөнөөс завшсан хэргээр шүүх хурал өчигдөр Парист эхэллээ. Өдгөө 78 настай түүнийг 1990-ээд оны Парис Хотын захиргаанд өөрийн намын гишүүдийг ажилд авч, сонгуулийн кампанит ажилд дайчилж байсан хэмээн буруутгаж байгаа юм. Энэ тухай тэрбээр няцааж байгаа бөгөөд “Хууль завхруулж эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглаж байсан удаагүй” хэмээн мэдэгдсэн билээ.
Хэрэв төрийн албан хаагч улсын хөрөнгөнөөс завшсан, эрх мэдлээ ашигласан тохиолдолд 150 мянган еврогийн торгууль ногдуулах, эсвэл шоронд хорих ял оноодог аж. Жак Ширакаас гадна түүний удирдлага дор ажиллаж байсан Мишель Руссен, Реми Шардон нарын есөн хүнийг энэ хэрэгт хамаатуулан шалгаж байгаа юм.
Парис хотын захиргаа Жак Ширакийн өмгөөлөгчтэй уулзсаныхаа дараа түүнийг буруутгахаа больж, гомдлоо татсан ч тус хотын Засан хүмүүжүүлэх шүүхийн 11 дүгээр танхимын тэргүүн Доминик Пот хэргийг шалгаж, шүүх хурлыг эхлэх тухай тогтоол гаргасан байна.
Х.ОДНОО