Түүний нэрийг бүрэн бүтэн бичвэл Муаммар бен Мухаммед Абу Меньяр Абдель Салям бен Халид альКаддафи юм билээ. Тэрбээр Ливи улсын төр, цэргийн зүтгэлтэн, Ливийн хувьсгалт командлалын зөвлөлийн дарга, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, Бүх нийтийн ардын конгрессийн ерөнхий нарийн бичгийн дарга юм. Бас хурандаа цолтой. Муаммар Каддафи 1942 онд нүүдэлчин араб айлд төржээ. Каддафи хүүхэд насаа дурсаж “Манай нүүдэлчин арабууд байгальд эрх дураараа жаргадагсан.
Тэнгэр хийгээд бидний дунд ямар ч саад байхгүй...” гэсэн байдаг. Залуудаа Египетийн Ерөнхийлөгч Насерыг биширдэг байжээ. 1956 онд болсон Суэцийн хямралын үеэр эсэргүүцлийн тэмцэлд оролцож, 1959 онд Себхад байгуулагдсан нууц байгууллагын идэвхтэй гишүүн нь байв.
Бүр сурагч байхдаа л улс төрийн нууц байгууллагын үйл ажиллагаанд оролцож, Италийн колоничлолыг эсэргүүцсэн ажил зохион байгуулж байлаа. Хөрш Египет дэх хаант засгийг унагах зорилготой нууц байгууллагыг Каддафи 1961 онд бий болгов. Алжирт гарсан хувьсгалыг дэмжиж зохион байгуулсан залуучуудын жагсаал нь яваандаа олон нийтийн тэмцэл болсноос Каддафиг баривчилж Себха хотоос хөөсөн аж. Каддафи 1965 онд Бенгази дахь цэргийн сургуулийг дэслэгч цолтой төгсөв.
Дараа жил нь Англид мэргэжлээ дээшлүүлж ахмад болов. 1967 онд болсон зургаан өдрийн дайнд Насерт туслахаар улсынхаа хаан Идрист хэлэлгүйгээр өөрийн удирдлагад байсан цэргүүдийг Египет рүү явуулснаар түүний нэр алдар түгсэн байна.
...Офицерууд 1969 оны нэгдүгээр сард тэмцэлээ эхлэхээр төлөвлөсөн ч “Иерусалим” нэртэй ажиллагаа нь янз бүрийн шалтгаанаар гурван ч удаа хойшлогдов. Ахмад Каддафи тэргүүтэй 12 офицер Бенгази, Триполи болон бусад хотод тэмцлээ есдүгээр сарын нэгний өглөө эрт зэрэг эхлүүлэв. Тэд төр засгийн хийгээд цэргийн гол объектуудад хяналтаа тэр дор нь тогтоолоо.
Америкийн цэргийн баазууд руу нэвтрэх хаалгыг урьдчилан бүсэлчихсэн ч байв. Цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийхэд I Идрис хаан Туркэд эмчлүүлж байлаа. Хаант засаг унав. Хувьсгалт командлалын зөвлөл гэдэг төрийн эрх барих дээд байгууллага бий болсон тухай мэдээ олны сонорт хүрлээ. Улсдаа Арабын БН Ливи гэсэн шинэ нэр өглөө. 27 настай ахмад Каддафид хурандаа цол олгож Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчаар томилох шийдвэрийг Хувьсгалт командлалын зөвлөл есдүгээр сарын 8-нд гаргав.
Каддафи өнөө хэр нь энэ цолтойгоо явна. 1970 оны нэгдүгээр сарын 16-нд Каддафи Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд боллоо. Ливийн шинэ удирдлага юуны урьд гадаадын цэргийн баазуудыг нутаг дэвсгэрээсээ гаргав. Англи, Америкийн цэргийн баазуудаас гадна аравдугаар сарын 7-нд Италийн 20 мянган цэргийг “үдэв”. Тэгээд энэ өдрийг “өшөө авах өдөр” хэмээн зарлалаа.
Тэр үед Ливигээс хөөгдсөн итали цэргийн нэг нь “Ливийн ард түмэн та нарыг алахыг хүсээд байгаа учраас ийн явуулж амийг чинь аврахаас өөр аргагүй боллоо гэж тэгэхэд Каддафи бидэнд хэлсэн. Гэхдээ биднийг аврахын тулд тэрбээр бүх хөрөнгө хогшлыг минь хурааж авсан” гэж ярьсан байдаг. 2004 оны аравдугаар сард Каддафи Италийн Ерөнхий сайд Берлусконитой уулзаад “өшөө авах өдөр”-ийг “найрамдлынх” болгохоор амласан ч түүнийгээ хэрэгжүүлээгүй гэдэг. Ливид байсан гадаадын банкууд, италичуудад эзэмш үүлж байсан бүх газрыг 1969-1971 онд улсын болгов. Мөн гадаадын нефтийн компаниудын хөрөнгийг төрийн мэдэлд авлаа. Каддафи 1973 оны дөрөвдүгээр сарын 15-нд Зуар хотод үг хэлэхдээ өмнөө тавьж буй зорилгоо тунхаглав.
Хаант засаглалын бий болгосон бүх хуулийг хүчингүй болгож оронд нь шариатын ёс дэглэм дээр суурилсан хууль хэрэглэнэ. Улс төрийн бүх сөрөг хүчийг цэвэрлэнэ. Олон нийтийн эсэргүүцэл хувьсгалыг хамгаалж байхаар хүмүүстээ зэвсэг хуваарилна. Хэрээс хэтэрсэн хүнд суртлыг хална. Исламын үзэл санааг сайшаана, түүнд үл нийцэх аливаа үзэл, тэр дундаа гадаадын соёлыг үл ойшооно.
Тэрбээр ийм зорилт тавив. Өөрийнх нь хэлснээр бол Ливийн соёлын хувьсгал нь ямар нэг шинэ юм нэвтрүүлэхгүй, арабын болоод исламын өв санг эргүүлэн авчирахаараа Хятадын соёлын хувьсгалаас өөр аж. Каддафи, Насер хоёр тун ойр холбоотой байсан юм.
Энэ хоёр хүн исламын ёс заншил, ёс суртахуун, эх оронч үзэл дээр суурилсан социалист нийгэм байгуулахыг хичээж байлаа. Гэтэл Насерыг нас барсны дараа Египеттэй харилцаа муудаж, түүнийг залгамжилсан Анвар Садат Америк хийгээд Израильтай ойртох бодлого баримтлах болсноос 1970- аад оны эхнээс өөрийн гэсэн үзэл суртлыг бий болгох бодол Каддафид төрсөн байна.
Үүнийгээ “Ногоон ном” гэгчдээ өгүүлжээ. Нийгмийг хөгжүүлэх Каддафигийн үзэл баримтлал нь Оросын анархи Кропоткин, Бакунин нарын онолтой холилдсон исламын үзэл байв. 1977 оны гуравдугаар сарын 2-нд Ливийн Ардын бүх нийтийн Конгрессийн онц чуулган Себха хотод болж улс орныг жолоодох Жамахири (“олон түмэн” гэсэн үг аж) хэмээх шинэ байгууллага бий болсныг зарлалаа. Улсынхаа нэрийг ч өөрчлөв. Хувьсгалт командлалын зөвлөл болон Засгийн газрыг тараав.
Ардын бүх нийтийн Конгрессийн ерөнхий нарийн бичгийн даргаар Каддафиг сонголоо. Америк, Английн эсрэг тэмцэхийг Каддафи 1972 оны зургадугаар сарын 11- нд нийт лалын ертөнцөд уриалав. Наймдугаар сарын 2-нд Анвар Садаттай уулзаж 1973 оны есдүгээр сарын 1-нд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Ливи, Египет хоёрыг нэгтгэх ажлыг үе шаттай хийхээр тохиролцлоо. Энэ зорилгоо яаравчуулахын тулд Египетэд шахалт үзүүлэхээр Каддафи дараа оны долдугаар сард Каир хот руу 40 мянган хүний марш зохион байгуулсан ч амжилт олоогүй.
Ийн Ливи, Египет хоёр нэгдэж чадаагүйгээр барахгүй цааших үйл явдал тэдний харилцааг улам муудуулсаар зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн юм. ... Баруун Германд байсан Америкийн цэргийнхэн их очдог La Belle гэдэг дискотект 1986 оны дөрөвдүгээр сарын 5-нд дэлбэрэлт болж гурван хүн алагдаж, 200 хүн шархдав.
Энэ хэрэгт Ливи улс гар дүрсэн болж таарав. Ийн хардах шалтгаан нь Ливийн удирдагч Каддафи өөрийн талынхандаа явуулсан илгээлт байлаа. Замаас нь олзолж авсан уг илгээлтэд америкчуудад аль болох их хохирол учруулахыг уриалсан байв. Тухайн үед Америкийн Ерөнхийлөгч байсан Рональд Рейган “Ойрхи Дорнодын галзуу нохой” гэж Каддафиг нэрлэсэн удаатай. Каддафиг олон улсын алан хядах ажиллагаанд оролцдог гэж Америк үзэж байжээ.
Тэгээд ч Ерөнхийлөгчийнхөө шийдвэрээр Америкийн нисэх хүчин 1986 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнө Ливийн хотуудыг бөмбөгдсөн юм. Үүний уршгаар хэдэн арван хүн амь үрэгдсэний дотор Каддафигийн өргөмөл охин орсон. Тэр охин дөрвөн настай байж.
2004 оны зургадугаар сарын 6-нд Рейганыг өөд болоход Каддафи “1986 онд Ливийн хүүхдүүдийн эсрэг хийсэн аймшигт гэмт үйлдлийнхээ төлөө тэрбээр шүүхийн хаалга татаж амжилгүй амьсгал хураасанд харамсаж байна” гэж хэлсэн гэдэг. 1988 оны арванхоёрдугаар сарын 21-нд Лондонгоос Нью-Йорк руу нисэж явсан Америкийн зорчигч тээврийн Боинг-747 онгоц Шотландын Локерби гэдэг жижиг хотын дээр дэлбэрч, 270 хүний амь сүйдэв. Эхлээд Палестиныг чөлөөлөх Ардын фронтын алан хядагчдыг хардав. Ираныг ч сэрдэв. Гэвч Ливийн тусгай алба энэ хэргийн эзэн болсон юм.
1989 оны есдүгээр сарын 19-нд Конгоос Франц руу нисэж явсан DC-10 гэдэг онгоц Нигерийн агаарын орон зайд дэлбэрч 170 хүн амь үрэгдлээ. Энэ хэргийг үйлдсэн гэж Францын шүүх үзэж зургаан ливи хүнийг, түүний дотор Каддафигийн хүргэнийг насаар нь хорих ял оноов.
Ливи улс амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд 200 сая франк (31 сая доллар) төллөө. Каддафи Францын Le Fiqaro сонины сурвалжлагчтай ярилцахдаа “ийн мөнгө төлж буй нь уг хэрэгт Ливи улс оролцсон гэсэн үг биш хэмээн хэлсэн юм. Харин Локербийн тэнгэрт болсон “явдалд” буруутайгаа Ливийн албаны хүмүүс 2003 онд хүлээсэн билээ. Локербийн тухай тушаалыг Каддафи өөрийн биеэр өгснийг нотлох баримт надад бий гэж Ливийн Хууль зүйн ардын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга байсан Мустафа Абдель 2011 оны хоёрдугаар сарын 23-нд Шведийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдлээ. Ливи ганцаардаж, Каддафи ч Өрнөдтэй илэрхий сөргөлдөөд байхыг хүсэхгүй болсноос тус улсын эдийн засаг, улс төрийн амьдралд зарим нааштай өөрчлөлт гарч байв.
Гадаадын компаниуд орж ирж, Итали руу хий дамжуулах хоолой тавихаар гэрээ байгууллаа. Эдийн засаг, улс төрийн бодлогод нь өөрчлөлт гарч, түүнийгээ сайн сурталчилсаны дүнд Анвар Садат, Саддам Хусейн нарт оногдсон тавилангаас Каддафи зайлсхийж, эрх мэдэлтэйгээ байх хувь тохиож байлаа. Үй олноор хөнөөх аливаа төрлийн зэвсгээс татгалзаж буйгаа 2003 оны арванхоёрдугаар сард Ливи зарлав.
Ливид тавьсан эдийн засгийн хоригоо хэсэгчлэн цуцалж буйгаа 2004 оны дөрөвд үгээр сард АНУ мэдэгдлээ. Дэлхийн шатрын аварга шалгаруулах XVII тэмцээнийг анх удаа Африкт зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлсэний учир Муаммар Каддафид 2004 оны долдугаар сарын 14-нд их мастер цол хүртээлээ. Инфляцийн төвшин хамгийн бага байснаас Ливи улс Гиннесийн номд оров.
Африкийн 200 гаруй хаан, султан, эмир, шейх хийгээд Каддафигийн омгийн удирдагч нар 2008 оны наймдугаар сард уулзаад түүнийг “Африкийн хаадын хаан” хэмээн өргөмжиллөө. Дараа жил нь Африкийн холбооны даргаар сонгогдлоо. Муаммар Каддафи 2009 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулган дээр үг хэлэв. Тэрбээр үгээ 15 минутад багтаах ёстой байсан ч 75 минут ярьжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шүүмжилснээр үл барам “алан хядах ажиллагааны зөвлөл гэж нэрлэв. НҮБ-ын дүрмийг гартаа барьж байгаад, түүнд зааснаар зөвхөн НҮБ-ын шийдвэрээр л цэргийн хүч хэрэглэх ёстой атал “том улсууд жижгүүдийнхээ эсрэг 64 удаа дайн өдөөсөн” гэтэл “эдгээр дайнаас зайлсхийх талаар НҮБ юу ч хийгээгүй” гэж зэмлэлээ. НҮБ-ын төв байрыг Өрнөдөөс Дорнод руу “тухайлбал Ливи рүү” шилжүүлэхийг Каддафи санал болгов. Бүр “давраад” Сомалийн далайн дээрэмчдийг өмөөрл өө.
“Тэд далайн дээрэмчид биш. Энэтхэг, Япон, Австрали улсууд харин дээрэмчид. Сомалийн газар нутагт хамаарах уснаас та нар агнуур хийдэг. Сомали өөрийнхөө нөөцийг, хүүхдүүдийнхээ хоолыг хамгаалж байна. Тэр далайн дээрэмчид гээд байгаа хүмүүстэй би уулзсан, ярилцаж ч үзсэн” гэлээ.
Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейныг цаазлахад АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Английн Ерөнхий сайд Тони Блэр нар биечлэн оролцсон хэмээн Каддафи энд зарлав. Жон Кеннеди, Мартин Лютер Кинг нарын амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахыг шаардаж, Барак Обамаг насаар нь Америкийн Ерөнхийлөгчөөр ажиллуулахыг санал болгоод “Та нар ядарч, бүгд унтаж байна” гэснээ “Гитлерийг бид биш та нар төрүүлсэн. Еврейчүүдийг та нар мөрдөж мөшгисөн” гээд индрээс буув.
Муаммар Каддафи сургуульд хамт сурч байсан, офицерийн охин Фатхиа Нури Халедтай 1969 оны арванхоёрдугаар сарын 25-нд гэрлэв. Тэднээс хүү төрснийг Мухаммед гэж нэрлэжээ. Харамсалтай нь энэ гэр бүл салсан юм. Хоёр дахиа 1970 онд гэрлэж эмнэлгийн сувилагч Сафи Фаркаштай суув.
Тэд зургаан хүү, нэг охинтой боллоо. Нэг хүү Саади нь мэргэжлийн хөлбөмбөгчин, Италийн “Перужа”, “|Удинезе” клубт тоглож байсан. Охин Айша нь Саддам Хусейнийг хамгаалах тэмцэлд оролцдог. 2004-2011 онд НҮБ-д сайн санааны элчээр ажиллаж, хүний дархлал хомсдолын вирусийг тархаахын эсрэг тэмцдэг. Каддафиг улс орнхоо захирч байх хугацаанд түүний амь насанд халдах оролдлого нэг бус удаа гарч байв. 1975 оны зургадугаар сард цэргийн парадын үед Каддафийн зогсож байсан индэр рүү буудсан.
1989 онд Сирийн Ерөнхийлөгч Хафез Асадыг Ливид айлчилж байхад жадаар зэвсэглэсэн нэг этгээд хурандаа руу дайрахад хамгаалагч нь буудчихсан. 1996 онд Каддафиг Сирт хотын гудамжаар харуул хамгаалалттайгаа явж байтал нэг машин дэлбэрч зургаан хүн амь үрэгдсэн.
Каддафи зүгээр. Үүнийг английн “МИ-6” гэдэг нууц алба зохион байгуулжээ. 1998 онд Ливи, Египетийн хил дээр үл мэдэгдэх хүмүүс Каддафи руу буудсан ч бие хамгаалагч Айша нь биеэрээ халхалж амиа алдсан. ...Каддафиг огцрохыг шаардсан жагсаал энэ сарын 15-наас эхлэв.
Каддафи төрийн эрхэнд 42 жил болж байгаа юм. Тэрбээр 22- ны орой улсынхаа телевизээр ард түмэндээ хандахдаа “Надад огцрох албан тушаал байхгүй. Каддафи Ерөнхийлөгч биш, хувьсгалын удирдагч. Каддафи энэ л газар шороон дээрээ байх болно. Би цусныхаа сүүлчийн дуслыг хүртэл үзэлцэнэ. Би өвөг дээдэстэйгээ хамт энд амьсгал хураана” гэж хэлсэн…
Р.Жаргалант