Ливид өнгөрсөн сарын 15-наас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал иргэний дайнаар үргэлжилж байна. Муаммар Каддафигийн дэглэмийг эсэргүүцэгчид Триполи хотоос 50 км зайд орших Аль-Завия хот руу дайрч, ойролцоогоор 30 хүн амь үрэгдсэн тухай BBC мэдээлэв.
Эрх барих хүчнийхэн тус хотоос хөөгдөн, хүчээ сэлбэн дахин дайрахаар бэлдэж байгаа гэх мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарсаар байна. Томоохон хотуудыг эзэлсэн босогчид Их Британийн найман цэргийг барьцаалсан аж. Амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй ч томоохон хотуудад арми, эсэргүүцэгчдийн хоорондын тулаан үргэлжилсээр байгаа юм.
Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсын Бенгази хотод зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас 26 хүн нас баржээ. М.Каддафигийн дэглэмийг эсэргүүцэгчид 30 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл байгуулж, өөрсдийгөө эрх барих хүчнээр зарлав. Үүний хажуугаар тус улсын 140 мянга гаруй иргэн Египет рүү дүрвэсэн байна. Зэвсгийн олон агуулахтай, өмнөд, умардыг холбосон төв замын уулзварт орших Эз-Завии хотын төлөөх тулаан үргэлжилсээр.
М.Каддафигийн цэргүүд хотыг бүсэлж, босогчдыг хот руу оруулахгүй байхыг эрмэлзэж байгаа бөгөөд танк, их буугаар зэвсэглэсэн армийн эсрэг тулалдаж буй босогчид ухрах бодолгүй байгаа гэнэ. Их Британийн Засгийн газар хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Black Watch” цэргийн хороог Ливи рүү илгээх тухай хэлэлцэж байна.
НҮБ болон Европын холбоо М.Каддафигийн эсрэг хориг арга хэмжээ авч, түүний цэргийнхэнд зэвсэг худалдахыг хориглосон билээ.
Х.ОДОНЧИМЭГ