Удахгүй болох Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн хүн нэр дэвшиж байгаа тухай тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдэгдэв. Өмнө нь 12 хүн нэрээ дэвшүүлж байгаа тухай мэдээлж байсан юм. Тунаж үлдсэн дөрвөөс бусад нь ямар нэг шалтгаанаар нэрээ татсан аж.
Сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Коммунист намын гишүүн Жамбыл Ахметбеков, сенатч Гани Касымов, экологич Мэлс Елеусизов өрсөлдөх гэнэ. Г.Касымов, М.Елеусизов нар өмнөх сонгуулиудад нэр дэвшиж байсан юм.
Экологич мэргэжилтэй Мэлс Елеусизов “Би ялалт байгуулахын төлөө бус байгаль орчны асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулах гэж оролцож байгаа” гэсэн байна.
20 жил тус улсыг захирч буй Нурсултан Назарбаевыг хүн амын 91.15 хувь нь дэмжиж байгааг урьдчилсан санал асуулгаар тогтоосон юм. Санал хураалт дөрөвдүгээр сарын 3-нд болно.
Х.Одончимэг