АНУ-ын нисдэг тэрэг зөөвөрлөгч “Кирсарж” хэмээх хоёр усан онгоц Суэцийн сувгаар гарч Ливийг чиглэлээ. АР агентлагийн мэдээлж буйгаар эл хоёр хөлөг Ливийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилготой яваа аж. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсын мэдэгдэж буйгаар цэрэг дайны зориулалтаар бус зөвхөн энхийг сахиулахаар хөлгүүдээ илгээж байгаа гэнэ.
Түүнчлэн Сомалийн далайн дээрэмчидтэй тэмцэхэд ашиглаж байсан “Энтерпрайз” нисэх онгоцыг ч Ливи рүү илгээж магадгүй байна.
Өнгөрсөн сарын 24-нд ХБНГУ Ливи рүү 600 цэрэг бүхий гурван усан онгоц явуулсан билээ. Тэд тус улсад буй өөрсдийн иргэдээ эргүүлэн татах, тэдний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байсан юм.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Ливид энхийг тогтоох зорилгоор НАТО агаарын бүслэлт хийж, шаардлагатай тохиолдолд жагсагчдад зэвсэг тараах нь зүйтэй” гэж мэдэгдэж байсан юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Ливид 2000 гаруй хүн амиа алдаад байна. НҮБ М.Каддафигийн эсрэг хориг арга хэмжээ авч, Испанийн Засгийн газар Андалуз дахь түүний эдлэн газарт тусгай хамгаалалт гаргасан аж.
Түүнчлэн Ливийн удирдагчийн дансны гүйлгээг албан ёсоор зогсоосон. Ливид жамахири засаглал тогтсоны 34 жилийн ойг тохиолдуулан Муаммар Каддафи ард түмэндээ хандаж үг хэлсэн байна.
Тэрбээр “Эрх баригчийнхаа төлөө амиа өгөхөөс буцахгүй байгаа иргэддээ талархаж байна. НҮБ болон НАТО манай улс руу тусгай төлөөлөгч, мэргэжилтнүүдээ илгээж, миний үйл хэрэг шударга, үнэн зөв гэдгийг батлах ёстой” гэжээ.
Х.Одончимэг