Кыргызын Ош мужийн Ноокат хотод эсэргүүцлийн жагсаал болжээ. Тус хотын Татварын албаны даргын орлогчийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөх ажил удааширч байна хэмээн нутгийн оршин суугчид үзэж буй юм. Жагсаалыг тараах гэсэн цагдаагийн ажилтнуудын өмнөөс иргэд эсэргүүцэл үзүүлснээр үймээн болж, нэг хүн бэртсэн аж. Энэ үймээнийг зохион байгуулсан гэх 20 гаруй хүнийг баривчилсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлжээ.
Кыргызын Дотоод хэргийн сайд Зарылбек Рысалиев “Баривчилсан хүмүүсийн дийлэнх нь согтуу байсан. Тэд олон нийтийн хэв журам зөрчсөн юм” гэж мэдэгдсэн байна. Цуглаанд 700 орчим хүн оролцсон аж. Тус хотын Татварын албаны ажилтан Сагынбек Алимбаев өнгөрсөн сарын 23-нд алагдсан юм. Түүний аллагыг захиалсан хүн хотын захиргаанд алба хашдаг, нөлөө бүхий бизнесмэн, тийм ч учраас энэ хэргийг нэг тийш нь шийдэхгүй удаашруулж байна гэх мэдээлэл Кыргызын хэвлэлүүдэд гарсаар байна.
Одоогийн байдлаар тус хотод нэмэлт хамгаалалт гаргаж, ямар нэгэн цуглаан зохион байгуулахыг хоригложээ.
Х.ОДОНЧИМЭГ