Бахрейнд үргэлжилж буй жагсаалаас үүдэн тус улсын төр удирдах системд өөрчлөлт хийх бодолтой байгаагаа Ван Хамад бин Исса аль-Халифа мэдэгдсэн билээ. Тэрбээр эхний ээлжинд дөрвөн сайд, төрийн алба хааж буй хамаатныхаа хоёр хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ тухай мэдэгдэхдээ “Вангийн шийдвэрийг дэмжиж байна. Төрийн удирдлагын системд өөрчлөлт хийх нь ардчилсан дэглэмд шилжихийн эхлэл. Шашны үзлээс болж ард түмэн хагаралд хүрэх ёсгүй” гэсэн байна. Хоёр долоо хоног үргэлжилж буй цуглааныг лалын шашны шиит урсгалыг дэмжигчид зохион байгуулсан юм.
Тус улсын хүн амын 70 хувь нь шиитүүд бөгөөд үлдсэн нь суннит урсгалыг шүтдэг байна. Жагсагчид 40 гаруй жил Ерөнхий сайдын албыг хашиж буй Халифа ибн Салман аль-Халифыг (Вангийн ах) огцруулахыг шаардаж байгаа. Эх орноосоо хөөгдөн гараад байсан, сөрөг хүчний “Хак” хөдөлгөөний тэргүүн Хасан Мушайма өнгөрсөн бямба гаригт Бахрейнд эргэж иржээ.
Х.ОДНОО