БНАСАУ-ын хил рүү ухуулга хуудас бүхий агаарын бөмбөлөг илгээсэн БНСУ-ын иргэдийг шийтгэнэ хэмээн Умард Солонгосын эрх баригчид мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д болсон жагсаал, цуглааны талаар БНСУ-ын хэвлэлүүдэд мэдээлж, мөн эрх баригчдын эсрэг тэмцэлд уриалсан бичиг бүхий бөмбөлөгүүдийг Умард Солонгосын хилийн ойролцоох хотууд руу илгээж байгаа билээ.
Ухуулах хуудсанд Араб, Ойрхи Дорнодын улсуудад болж буй үйл явдлын талаар бичсэн байжээ. Иймээс БНАСАУ-ын эрх баригчид “Ухуулах хуудсыг тарааж буй хүмүүсийг олж, толгой дараалан шийтгэнэ” хэмээн мэдэгдсэн аж. Мөн БНСУ АНУ-тай хамтарч цэргийн сургуулилалт хийвэл агаарын цохилт үзүүлнэ гэдгээ ч албан ёсоор илэрхийлэв. “Хоёр улсын эл сургуулилалт манай орны аюулгүй байдалд заналхийлж байгаагийн илрэл.
Хэрэв ийнхүү өдөөн хатгавал бид Сөүлийг бөмбөгдөнө” гэсэн аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Пак засгийн эрхэнд гарснаас хойш хоёр улсын хилийн заагт орших Имжинган голын эргээс ухуулга бүхий агаарын бөмбөлөг хөөргөх нь ихэссэн билээ.
Х.ОДОНЧИМЭГ