БНАСАУ-ын Синыйжу хотын иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсноос дөрөв, эсвэл таван хүн амь үрэгдсэн байж болзошгүй тухай БНСУ-ын “Чосан ильбо” сонинд мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр эсэргүүцлийн цуглаанд хэдэн зуун хүн оролцсон байна. Тус улсын Ерөнхийлөгч Ким Чен Ирийн төрсөн өдрийн баяраар олгодог хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнүүдийг хотын оршин суугчдад одоо хүртэл өгөөгүй байгаа аж.
Үүнийг эсэргүүцсэн хүмүүс гудамжинд гарч жагссаныг хууль сахиулагчид тараахыг оролдсон гэнэ. Жагсагчдын дундаас хамгийн идэвхтэй байсан нэг залууг цагдаа нар зодож гэмтээснээр үймээн үүссэн байна. Тус хотод болсон үймээнийг дарахаар Пхеньянаас цэрэг илгээсэн гэх мэдээлэл ч гадаадын хэвлэлүүдэд гарчээ.
Энэ сарын 16-нд болсон Ким Чен Ирийн төрсөн өдрийн баярын өмнөхөн ч Чонжу, Йончон, Сончон мужид эсэргүүцлийн жагсаал болсон юм. БНХАУ-тай хил залгаа орших Синыйжу хот худалдааны гол бүс учир гэмт хэрэг их гардаг аж. Болж өнгөрсөн үймээнийг ч гэмт хэргийн сэдэлтэй хэмээн БНАСАУ-ын цагдаа нар үзэж буй юм байна.
Х.ОДОНЧИМЭГ