“...Хүмүүс намайг уулын мухарт бүгсэн алуурчин гэж боддог. Өчнөөн хүний аминд хүрсэн нүгэлтэн гэх. Гэхдээ надад өөр арга алга. Нэг цустай, нэг хэлтэй ах дүүс минь хүртэл урваж байхад би ёс зүй, хүний эрх яриад яах юм бэ? Надад ганцхан зам бий. Ингэж яваад л дуусна. Надад хоргодох хүн ч байхгүй...”.
Орос, Чеченийн харилцаа хурцдаж, дайн болон даамжирсан нь өнгөрсөн зуунд хамаарах үйл явдал бус юм. Эхлэл нь эрт тавигдсан. XIX зуунд Кавказын дайны дараа одоогийн Чеченийн газар нутгийн дийлэнх нь Оросын эзэнт гүрний хэсэг болсон байв. 1860 онд II Александрын зарлигаар Умард Кавказын өмнөд хэсгийг Терийн муж болгон зарлахад тэнд нь ичкер, чечень, ингуш үндэстэн амьдарч байж. Хожмоо ЗХУ-ын үед ч, М.Горбаёчвын шинэчлэлтийн дараа ч орос, чеченьчүүдийн хооронд үзэл бодлын дайн байсаар л байлаа.
БАРИЛГАЧИН ЯВЛАА, БАЙЛДАГЧ БОЛНО ОО
Грозныйг тойрсон жижиг үндэстнүүдийн дийлэнх нь Зөвлөлт засагт дагаар орчихоод байхад ч чеченьчүүд л гэдийгээд байж. Дараа нь 1994 онд Борис Ельцин ү з э г н и й х э э үзүүрээр Чеченийн нэгдүгээр дайны эхлүүлчихжээ. Ставрополь, Ингушет, Дагестаны нутаг дэвсгэрээс Орос Чечень рүү цэргээ оруулж, Грозныйд гарсан үймээнийг “дарах” ёстой байж. Истанбулын лалын шашны их сургуульд суралцаж асан, хожмоо Чеченийн бүгд найрамдах Ичкер улсыг үндэслэсэн Шамиль Басаев гуч гаруй залуутай хамтран Оросуудын эсрэг босчээ. “Эрх чөлөө гэдэг цусаараа төлөх ёстой үнэт зүйл” хэмээсэн түүний үйл хэргийг одоо долоон голтой Докка үргэлжлүүлж явна.
Докка (Доку) Хаматович Умаров, Абу Усман 1964 онд Чечень-Ингушийн бүгд найрамдах улсад төржээ. Грозныйгийн нефтийн их сургуулийг инженер-барилгачин мэргэжлээр дүүргэн, ОХУ-д ажиллаж байлаа. Тюмень, Волгоград хотод ажиллаж байхдаа санамсаргүй хүн алсан хэмээн ял сонсчээ. Энэ хэргээс зугтаж, Чеченьд ирэн “Борз” хэмээх хорооны байлдагч болжээ. Чеченийн I дайны үед тэрбээр тусгай отряд удирдаж байв. Кремлийн даалгавраар Грозныйг бүслэн хамгаалж байсан цэргийн 30 ажилтныг цаазалсан хүмүүсийн нэг нь Доку байжээ.
Цэргийн нөлөө бүхий эрхтнүүдийг хулгайлан оронд нь мөнгө нэхдэг, зэвсэг наймаалах гээд дайны үеэр цэцэглэдэг бизнест ч тэрбээр хөл тавьж, бас ч үгүй “амжилт олов”. Чечень-Ингушийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Аслан Масхадовыг оросуудад өөрийгөө худалдаж эх орноосоо урвабал буудаж хороохоо ил тод зарлаж байсан зоригтон бол Доку. Чеченийн II дайн эхлэв. Өмнөх дайнд тэрбээр оросуудтай тэмцэж байсан бол одоо дайснуудад эх орноо худалдсан чеченьчүүдтэй тооцоо бодлоо. Салан тусгаарлагчдын тэргүүн Абдул-Халим Абусаламович Садулаевын үндэслэсэн Чеченийн бүгд найрамдах Ичкер улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр Доку Умаров сонгогджээ.
УУЛЫНХНЫ ЦУСАН ӨШӨӨ
Кавказынхны ертөнцийг үзэх үзэл өвөрмөц. Өөрийн өвөг дээдэс, уул усаа дээдлэх үзэл тэдний цусанд шингээстэй. Эр хүний нэр төр, гал голомт тэдний амьдралд Аллахын дараах байрыг эзэлнэ. Гэрт нь халдсан, ураг төрлийг нь дорд үзсэн хэнийг ч зүгээр орхихгүй. Тэдний эрхэмлэж явдаг бүхэнд хэн нэгэн халдаж гэмээнэ удмаар нь хүйс тэмтрэх нь ч бий. Үүнийгээ тэд цусан өшөө гэж нэрлэн, ариун хэмээн дээдэлдэг. Энэ бол тэдний хувьд нүгэл биш. Доку Умаров ч тэдний нэг.
Газрын тосоор баялаг, үр өгөөжтэй хөрстэй Умард Кавказыг (өөрийнхөө гэрийг) Оросоос салгаж, тусгаар улс байгуулах хүсэл Докуд байсан нь мэдээж. Харин “Кавказын Эмират” гэсэн улс байгуулж, зөвхөн оросуудтай ч бус, дарангуйлагч бусад оронтой тэмцэнэ гэж мэдэгдсэн нь зөөлөн хэлэхэд туйлшрал байлаа. Лалын шашинтнууд руу халдсан Америк, Их Британи, Израилийг ч хүйс тэмтэрнэ, үүний тулд л дайтах хэрэгтэй гэж тэрбээр хэсэг хүнд ухуулж амжлаа.
Салан тусгаарлагчдын зарим нь үүнийг эсэргүүцэв Хэсэг чечень тайван амьдарч, улс орноо хөгжүүлье гэнэ. Оросуудын эсрэг тэмцэж байсан чеченьчүүд ийнхүү гурав хуваагдлаа. Европт дүрвэн гарсан Ахмед Закаев Докуг солиорсон хэмээн шүүмжилсэн бол Чеченийн Ерөнхийлөгч Р.Кадыров түүнийг “Ардын дайсан”-аар тодруулж, харин Доку өөрөө ууланд бүгжээ.
КАДЫРОВ БА УМАРОВ
Чеченийн муфтий (лалын шашны тэргүүн) Ахмат Кадыров шинэ Үндсэн хууль баталж, тус улс ОХУ-ын нэг нэгж гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хорин жил цусаа урсган тэмцэж, аавыгаа, ахыгаа, дүүгээ, хүүгээ алдсан ард түмэн үүнийг “урвалт” гэж нэрлэв. Үүний дараа Ахмат халдлагад өртөн нас барлаа. Хоёр дахь Ерөнхийлөгч Алу Алхановын дараа 2007 онд Ахматын хүү Рамзан Кадыров Төрийн тэргүүн болов. Кадыровынхныг үзэн ядсан хүмүүсийг Доку толгойлж байлаа.
Рамзан ч одоог хүртэл Умаровыг хайж, бууж өгөхийг шаардаж байгаа. “Р.Кадыров болон түүний хамсаатнууд бол судсаар нь чечень цус гүйж байгаа оросууд” хэмээсэн Докуг үхүүлэхийг хүсэгчид “олон”. Р.Кадыров “Д.Умаров үхсэн” гэж долоон удаа мэдэгдэж байсан. Тэр болгоных нь дараа Докугийн мэдэгдэл бүхий дүрс бичлэг интернэтээр цацагдаж байсан нь даажинтай ч юм шиг. “Умаров ууланд бүгснээс олон жилийн өмнө авсан шарх нь сэдэрсэн.
Уушгины хурц үрэвсэлтэй, хөл нь идээлсэн” гэж хамгийн сүүлд “оношилж” байна лээ. Энэ бүхэн үнэн байсан ч тэр бууж өгөх нь юу л бол. Эрүүгийн хуулийн бараг бүх зүйл ангид хамаарах гэмт хэрэгт буруутгагдаж буй Доку Умаров нэг бодлын “цөхөрчихсөн” нөхөр болохоор тэр л дээ.
УМАРОВЫН УДМЫН СҮҮЛЧИЙНХ
Доку Умаров эхнэртэй, зургаан хүүхэдтэй байв. 2005 онд түүний 70 настай эцэг, эхнэр, 6 хүүхдийг нь “үл таних” этгээдүүд хулгайлжээ. Энэ явдал болохоос гурван сарын өмнө түүний ах Ахмад, дөрвөн хүүхдийнхээ хамт халдлагад өртөн нас барсан аж. Докугийн эгчийнх нь хүүхдүүд ч бас учир битүүлэг шалтгаанаар нөгөө ертөнц рүү одсон.
Зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр Умаровын удмын 35 хүн Грозныйгоос холгүй орших нууц шоронд байгаа гэх. Түүний Муса, Иса нэртэй хоёр дүү нь харин тулалдаанд амиа өргөсөн юм. Өнгөрсөн онд Истанбулд Умаровын нэг дүү нь амьдарч байгаа гэсэн сураг сонстоод өнгөрлөө. Ингээд тэр гав ганцаараа. Дайнд цэргүүдээ удирдаж яваад гурван ч удаа шархадсан. “Kavkazcenter.com” цахим хууд санд тавьсан дүрс бичлэгүүдээс харахад аманд нь лав шүд үзэгдээгүй.
Долоон голтой Доккагийн үйл хэргийг үргэлжлүүлэх хүсэлтэй хүн цөөнгүй. Тэдний дунд эмэгтэйчүүд ч бий. Өнгөрсөн онд л гэхэд амиа золиослогчид Докугийн даалгавраар Москвад гурван ч удаа томоохон халдлага үйлдэв. “Невский экспресс”, “Лубянка”, “Парк культуры”, “Домодедово”-гийн аллагууд. Грозныйд бол харин үүнээс арав дахин олон дэлбэрэлт болсон. Мөнөөх л уулынхны цусан өшөө, мөнөөх л үндсэрхэг үзэл энэ бүхнээс үнэртэнэ.
Х.ОДОН