Арабын орнуудад өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн Марокког тойрсонгүй. Тус улсын нийслэл Рабатед хэдэн мянган хүн жагсаж, Ван VI Мохаммедийн эрх мэдлийг хязгаарлахыг шаардаж байна. Тэд хотын төв талбайд цуглан, парламентын байрыг тойрон зогсож, эсэргүүцлээ илэрхийлж буй аж. Мөн Касабланка, Марракешад ч ийм цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
“Вангийн дэглэмийг унагая”, “Боолчлолыг зогсоо” гэсэн лоозон барьж жагссан хүмүүс “Facebook” сүлжээгээр дараагийн цуглаанаа хаана, хэзээ зохион байгуулахаа тохиролцсон байна. “Бид Үндсэн хуулийг өөрчлөх, Вангийн хязгааргүй эрхийг хязгаарлах шаардлага тавьж, тайван жагсаал хийж байна. Хэрэв бидний санал хүсэлтийг харгалзан үзэж, өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлбэл бид үймээн дэгдээхгүй” гэж жагсагчид мэдэгджээ.
Тус улсын Сангийн сайд Салахеддин Мезуар “Бусдыг дуурайн үймээн дэгдээх хэрэггүй. Бид хэдэн арван жилийн турш хөлс, цусаа урсган байж бүтээсэн бүхнээ нураах эрхгүй. Бусад орны жишээг харахад иймэрхүү тэмцэл эдийн засгийн ихээхэн хохирол дагуулж байна” гэсэн байна. Араб, Ойрхи Дорнодын бусад улстай харьцуулахад Марокко хөгжиж буй орон.
Ван VI Мохаммед албан ёсоор төр удирддаг ч Парламентыг бүх нийтийн сонгуулиар бүрдүүлдэг. Тус улсад одоогоор байдал хурцадмал биш байгаа бөгөөд энэ нь Засгийн газар жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй, харин ч хүлээцтэй, тайван байхыг ард түмэндээ уриалж байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.