Ливийн Засгийн газрыг огцруулахыг шаардан жагсаж буй хүмүүсийг тараахын тулд хүч хэрэглэж эхэллээ. Энэ сарын 17-ноос хойш үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөний талаар тус улсын Ерөнхийлөгч М.Каддафи ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
40 жил төр барьж буй түүнийг албан тушаалаасаа буухыг жагсагчид шаардаж байгаа юм. АР болон Хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллага “Амь үрэгдэгсдийн тоо 100 гараад байна” хэмээн мэдээлсэн бол “Аль-Жазира” телевиз томоохон хотуудад нийт 200 гаруй хүн нас барж, 800 орчим хүн шархадсан хэмээжээ.
Өнгөрсөн бямба гаригт Бенгази хотод болсон цуглааныг тараахын тулд нисдэг тэрэгнээс хүмүүс рүү буудсан аж. Тус улсын зэвсэгт хүчнийхэн иргэд рүү буудахаас татгалзсан учир эрх баригчид Тунис, Египет, Судан, Сири, Туркээс хөлсний алуурчид авчирч байгаа тухай “Аль-Арабия” телевиз мэдээлж байсан юм.
Ливийн нийслэл болон томоохон хотын эмнэлгүүд шархадсан, гэмтэж, бэртсэн хүмүүсээр дүүрч, эмч, сувилагч нар 24 цагаар ажиллаж байгаа аж. Мөн тус улсад интернэтийг хааж, үүрэн телефоны сүлжээ доголдсон байна.
Х.Одончимэг