Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан хүмүүсийг шийтгэхээ тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад мэдэгджээ. Тэрбээр “Энэ цуглааны дүнд тэд юу ч хожихгүй. Хэсэг бүлэг хүмүүс нийлж үймээн дэгдээгээд Засгийн газрыг унагачих на гэж байхгүй. Харин жагсаалыг зохион байгуулж буй хүмүүсийг олж, заавал шийтгэнэ” хэмээсэн байна.
Өнгөрсөн даваа гаригт Тегеранд хэдэн мянган хүн эрх баригчдыг огцрохыг шаардан жагссан юм. Цагдаагийн ажилтнууд хүч хэрэглэн жагсагчдыг тараах гэсний улмаас мөргөлдөөн үүсч, хоёр хүний амь эрсэдсэн юм. Ираны эрх баригчид нийслэл болон томоохон хотуудад цуглаан хийхийг хоригложээ.
Египетэд болсон жагсаалыг дэмжин сайшааж байсан Махмуд Ахмединежад өөрийн улсад болж буй энэ хэргийг эрс шүүмжлэн, хүч хэрэглэж байгаа нь иранчуудын эгдүүцлийг төрүүлж буй юм.