Модон бөмбөгийн үндэсний шигшээ баг, “Залуу од” клубийн тамирчин, ОУХМ Б.Оюунтуяа энэ спортод амжилт гаргаж яваа тамирчдын нэг. Тэрбээр УАШТ-ий ганцаарчилсан төрөлд тав, хосынход дөрөв, багынхад зургаан удаа тэргүүлж, аваргаар шалгарсан амжилтаараа 2013 онд дэлхийн шилдэг 30 тамирчнаас 22 дугаарт жагссан удаатай. БНСУ-ын Чэжүд 2016 онд болсон ДАШТ-ий багийн, олон улсын нээлттэй тэмцээнээс хосын төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн түүнийг “Залуус” буланд урилаа.
-Тайваниас гаралтай модон бөмбөг Монголд нутагшихад олон залуу авьяас, ур чадвараа хөгжүүлэн мэргэжлийн тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Та тэдний нэг. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөж энэ спортод хөл тавив уу?
-ХААИС-ийн оюутан болж Улаанбаатар хотод ирээд дасгалжуулагч Ж.Загас багшийн удирдлагад энэ спортоор хичээллэсэн. Модон бөмбөгийн талаар өмнө нь мэддэггүй байсан тул бэлтгэл хийхээр анх очихдоо бөмбөг цохиж үзээд тухайн тамирчнаас мэдрэмж, сэтгэл зүйгээ тайван байлгахыг шаарддаг спорт болохыг ойлгож билээ. Хөгжиж буй шинэ спорт гэдгээрээ сонирхлыг минь их татсан юм. Багадаа энгэртээ олон медаль зүүсэн хүмүүсийг хараад хэзээ нэгэн цагт тэдэн шиг болох сон гэж мөрөөддөг байсан хүслээ уйгагүй хичээллэсний үр дүнд биелүүлсэн.
-Багануур дүүрэгт өнгөрсөн жилийн намар модон бөмбөгийн УАШТ болоход та эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөн л тэргүүлж, аваргын цом гардсан. Хүчтэй өрсөлдөгчдөө хожихын тул ямар тактик боловсруулав?
-Өнгөрсөн жилийн УАШТ-д өрсөлдөгчдөөсөө хэдхэн онооны зөрүүтэй түрүүлсэн. Эхний 12 дугаар замын нийлбэр дүнгээс харахад түрүүлэх боломжтой байсан тул дараагийн замаа эхний замын нийлбэр дүнгээс илүү гаргахгүй, бага цохилтоор цохих арга боловсруулснаар хожиж, аваргын цом гардсан даа.
-Та модон бөмбөгийн спортыг өнгөлж яваа. Энэ спортод хичээл зүтгэл гаргаж, урагшилснаа амжилтаараа ч харуулсан. Бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн он жилүүд юуг хамгийн их мэдрүүлэв?
-Их сургуулиа төгсөх жил улсын шалгалт, оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн нэг өдөр болсон. Өглөө нь “Монгол шилтгээн”-д болсон тэмцээнд оролцохоор явлаа. Тэмцээнд түрүүлж ирчихээд улсын шалгалтад ороход өмнө уншсан асуултууд ирж, амжилттай өгсөн. Хүн аливаа зүйлд сэтгэл зүрхээ зориулж, тууштай зүтгэвэл амжилт ирдгийг тэр үед илүү мэдэрсэн.
-Спортын талбар дахь тэмцэл дунд саадтай тулгардаггүй тамирчин ховор. Болих, эсвэл үлдэх сонголт өмнө тань ирэхэд өөрийгөө хэрхэн дайчилсан бэ?
-Хичээлдээ гүйх, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох гээд оюутан үеийн амьдрал завгүй өнгөрсөн. Цаг агаарын хүнд нөхцөлд өдөр бүр бэлтгэл хийхэд шантрах зүйл бишгүй гардаг ч зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хичээсэн. Гэр бүлийнхний минь урам хайрласан үг, багшийн маань дэмжлэг хэцүү бүхнийг даван туулахад хамгийн их тусалсан гэж боддог.
ӨРСӨЛДӨГЧӨӨ ХОЖИХЫН ТУЛД СУЛ ТАЛАА ХАРУУЛАХГҮЙГ ХИЧЭЭДЭГ
-Амжилтаас атгахын тулд тамирчид алдаа, оноотой зам туулдаг. Танд ч бас өөрийгөө ялж, зорилго руу тэмүүлсэн зам байсан л байх?
-Багаараа УАШТ-д оролцож, хүрэл медаль анх хүртээд их баярласан. Түүнээс хойш бэлтгэлээ сайтар базааж, оролцсон тэмцээнүүдээсээ медальтай ирдэг боллоо. Тайвань, Тайланд, Малайз, Хонконгод зохион байгуулсан тэмцээнд оролцохоор хилийн дээс алхахдаа дэлхийн шилдэг тамирчдын тоглохыг дэргэдээс нь харж, туршлага хуримтлуулсан. Тайланд, Малайзын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийснээр тоглолтын маань арга барил, техник илт сайжирсан. Тэднээс өөрт хэрэг болох олон зүйл сурсан маань хожим амжилт гаргахад нөлөөлсөн байх. 2013 онд дэлхийн шилдэг 30 тамирчнаас би 22 дугаарт шалгарч, дараа жил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртсэн. БНСУ-ын Чэжүд 2016 онд болсон ДАШТ-ээс багийн, олон улсын нээлттэй тэмцээнээс хосын төрөлд тус бүр хүрэл медаль хүртэж, ОУХМ цолны болзол биелүүлж байв.
-Одоо ямар ажил эрхэлдэг вэ. Амьдралд хөл тавихад энэ спортоор хичээллэсэн тань сайнаар нөлөөлөв үү?
-Би Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ХААН банканд ахлах теллерээр ажилладаг. Спортын амжилт маань ажил, амьдралд хөл тавихад их хэрэг болсон. Хамт олныхоо дунд зөв төлөвших, ямар ч нөхцөлд ажлын ачаалал даахад энэ спортоор хичээллэж байсан минь нөлөөлсөн шүү.
-Өөрийгөө ч мартах нь холгүй явсан он жилүүдэд хэн таныг дэмжиж, амжилт руу хөтөлсөн бэ?
-Оюутан байхдаа гадаадад болсон тэмцээнд хувиасаа зардал гаргаж оролцдог байлаа. Тэр болгонд аав, ээж минь тусалж дэмжсээр ирсэн. Миний амжилтын ард сургуулийн удирдлага, ангийн багш, анд нөхөд, дасгалжуулагч гээд олон хүний тус дэм их бий. ХААИС-ийн найман тамирчнаас бүрдсэн модон бөмбөгийн баг Дархан-Уулын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, чамлахааргүй туршлага хуримтлуулснаар багаараа УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэр медаль миний амжилтын анхны гараа байсан юм.
-Монголын модон бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид Азийн АШТ, ДАШТ-д амжилттай өрсөлддөг болсон нь дасгалжуулагч Ж.Загас багшийн хичээл, зүтгэлтэй холбоотой байх.
-Ж.Загас багш 2011 онд ХААИС-ийн модон бөмбөгийн багийг найман тамирчинтай бүрдүүлсэн бол өдгөө 60 гаруй гишүүнтэй, клуб болж өргөжжээ. Багаа богино хугацаанд амжилтад хөтөлснөөр чансаа нь жил ирэх тусам ахиж, Азийн орнуудын тамирчидтай эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Манай “Залуу од” клубээс олон шилдэг тамирчин төрсөн нь багшийн минь сэтгэл, зүтгэлтэй холбоотой. Багш минь шавь нарынхаа авьяас, ур чадварыг хөгжүүлж, мэргэжлийн тамирчин болгосон. Биднийг өөрийнхөө хүүхдээс ялгаагүй хайрлаж, тэмцээнд явахад ар талын бүх ажлыг зохицуулдаг юм. Бид хичээлээ тараад бэлтгэл хийхээр Богд уулын Их тэнгэрийн ам руу алхана. Бэлтгэлээ дуусаад буцаад ирэхэд багш өрөөндөө хоол, цай зэхчихсэн хүлээж суудаг. Шавь нарынхаа сургуулилалт, хичээл сурлага, эрүүл мэнд, ар гэрийнх нь байдалд сэтгэл гарган, санаа тавьж ирсэн багшаа хараад урам зориг, эрч хүч авдаг байлаа, бид. Багшийнхаа уйгагүй бэлтгэл хийлгэсний ачаар манай эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид дэлхийд чансаагаараа VI байрт жагссан шүү дээ.
-Танд ялагдал тань сургамж болж, дараагийн тэмцээнд ялах зорилго өвөртлүүлдэг биз?
-Тамирчин хүн туршлагатай өрсөлдөгчдөөсөө суралцаж, ур чадвараа ахиулдаг. Өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчөө ялж, аварга болох үнэхээр амаргүй. Тэднийг хожихын тулд өөрийн сул талаа харуулахгүйг хичээдэг. Тиймээс сэтгэл зүйгээ аль болох тайван байлгаж, талбайд тоглолт өрнөхөөс эхлээд техник, тактикаа зөв тооцоолж өрсөлддөг.
ТЭМЦЭЭНИЙ ДАРАА ТАРААД ЯВСАН НӨХДӨӨ САНАЖ, ҮГҮЙЛДЭГ
-ДАШТ-д шилдгүүд л өрсөлддөг. Азиас ямар улсын тамирчид сонирхолтой тоглолт өрнүүлдэг вэ. Монголчуудыг эн тэнцүү өрсөлдөгч болсныг хараад тэд хэрхэн хүлээж авдаг бол?
-Тайланд, Индонез, Вьетнам улсын баг тамирчид ур чадвартай, тоглолтын шилдэг техниктэй. Тэд манай тамирчдыг дуртайяа хүлээн авч, өөрийн тоглолтын техник, арга барилаас харамгүй зааж өгдөг.
-Багийнхаа тамирчдыг хааяа санадаг уу?
-Багийн нэг гишүүн болж тоглоход харилцаа, хандлага, уур амьсгал маш чухал. Би нэгнээ хүндэлж харилцдаг хамт олноороо үргэлж бахархдаг. Тэмцээний үеэр олуулаа байж байгаад тараад явахад нь нөхдөө санаж, үгүйлдэг тал бий.
-Ажиллахын зэрэгцээ гадаад, дотоодын тэмцээнд оролцож завгүй гүйх заримдаа амаргүй санагддаг уу?
-Ажиллахын зэрэгцээ тэмцээнд оролцох хааяа хэцүү байдаг. Гэхдээ ямар ч завгүй байсан ажлаа амжуулж, тэмцээндээ оролцдог. Хүн дуртай зүйлдээ цаг гаргадаг шүү дээ.
-Спортоор хичээллэхийн давуу тал олон зүйл дээр харагддаг. Энэ спортоор сонирхож хичээллэдэг залууст тамирчин болж үлдэхэд юу хамгийн их нөлөөлдөг талаар туршлагаасаа хуваалцаач?
-Модон бөмбөг байгаль, дэлхийд хамгийн ээлтэй спорт. Хичээллэхэд эрүүл мэндэд тустай. Тамирчдыг багаар ажиллах, цаг заваа зөв хуваарилах чадварт сургадаг. Энэ спорттой нөхөрлөснөөр нэгнээ хүндлэх, бусадтай нээлттэй харилцаж сурах гээд өөрийгөө олон талаар хөгжүүлдэг.