Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээл багтсан. Тус зээлийг энэ сарын 10-наас олгож эхэлсэн бөгөөд одоогоор иргэн, аж ахуйн нэгжүүд 41.8 тэрбум төгрөг гар дээрээ аваад байна. “Ажлын байрыг дэмжих” зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээл олголт богино хугацаанд харьцангуй сайн гарч байна гэсэн үзүүлэлт юм.