Эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр эдийн засгийг сэргээх төлөвлөгөө, хүлээлтийг хэрхэн удирдах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэв.
-Засгийн газар, Монголбанк хамтраад гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө баталсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлээд эхэллээ. Санхүүжилтийн загвар нь зөв эсэх, хэрэгжилтийн үр дүн нь хэр байх талаар танд ямар төсөөлөл байна вэ?
-Эдийн засгийг энгийнээр тодорхойлоход хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах тухай л юм. Ингэхдээ бид ирээдүйг төсөөлж, өнөөдөр шийдвэр гаргадаг. Гэтэл энэ цаг үед тодорхой бус байдал их буй тул дараа жил байтугай ирэх саруудын нөхцөлийг ч төсөөлөхөд бэрх байна. Ийм нөхцөлд төрийн бодлого, чиглэл, дэмжлэг чухал. Энэ ч агуулгаараа шинэ Засгийн газар байгуулагдаад 14 хоногийн дотор гаргасан уг бодлого, төлөвлөгөө нийгэмд өндөр хүлээлттэй байсан. Миний хувьд уг төлөвлөгөөний хамгийн чухал мессеж нь вакцин хийх хугацаа, шат дарааллыг тодорхой болгосон явдал гэж харсан. Дараагийн мессеж нь Зээлийн батлан даалтын сангийн ажлыг эрчимжүүлэх юм байна гэж ойлгосон. Цар тахал, хөл хориотой холбоотойгоор бизнесийн орчны эрсдэл нэмэгдэж, банкууд зээлээ багасган Төвбанкны үнэт цаас их хэмжээгээр худалдаж авсан.
Монголбанк бодлогын хүүгээ бууруулан, зах зээл рүү мөнгө нийлүүлэх нөхцөл бүрдүүлсэн ч зээл чанаргүйдэх эрсдэл нь хүүгийн алдагдал хүлээхээс ч өндөр болсон. Тиймээс бизнесийн зээл төдийлөн нэмэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засагт мөнгө байхгүй биш, эрсдэл өндөр болсон хэрэг. Ийм нөхцөлд төрөөс эрсдэлийг хуваалцах нь зөв бодлого. Хэрэгжүүлэх механизм нь төрөөс үүсгэн байгуулсан Зээлийн батлан даалтын сан юм. Өнгөрсөн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байсан энэ сангийн бизнес моделийг шинэчлэх, мэдээллийн технологийн шийдэл нэвтрүүлэх, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон өөрчлөлт хийх шаардлагатай.
Тэгэхээр энэ гурван зорилтыг хэрхэн гүйцэтгэхээс 10 их наядын төлөвлөгөөний үр дүн шууд хамаарна. Одоо эхний сарын үр дүнгээс харахад вакцинжуулалт төсөөлснөөс удаан байна. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэг эхлэх, үйлчилгээний салбарын сэргэх хугацаа хойшилж, цаашид хөл хорио үргэлжилж ч магадгүй нь. Төрийн банкны дэд захирлын ярилцлагаас харахад “Ажлын байрыг дэмжих зээл” авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн 1.5 хувьд хүссэн зээлийн дүнгийн 0.4 хувийг л олгосон байна. Тэгэхээр зорилго нь зөв ч хэрэгжүүлэх механизм, зохион байгуулалтаа оновчтой болгон, зарим арга хэмжээгээ өөрчлөхгүй бол бодлогын үр дүн хүлээлтэд хүрэхгүй байж болзошгүй.
-Зээл авах шаардлагагүй, хүндрэлд ороогүй аж ахуйн нэгж хүртэл таны сая хэлсэн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авах гэж хөөцөлдөж байна. Дэмжлэгийн зээл эзэндээ очихгүй тарамдах гажуудал гарах вий гэсэн болгоомжлол төрөх боллоо. Зээл эзнээ олохгүй бол эдийн засагт өндөр өгөөж өгөхгүй байх. Та ямар бодолтой байна вэ?
-Төлөвлөгөөг танилцуулах үеэс л энэ болгоомжлол байсан. Учир нь бодлогын энэ арга хэмжээ нэгдүгээрт, хямд бүтээгдэхүүн тул хэрэгцээнээс давсан эрэлт бий болгож, хэрэгтэй нь авч чадахгүйд хүргэх, хоёрдугаарт, хүүгийн зөрүүгээр арбитраж хийх хийдэл байгаа, гуравдугаарт, хэрэв халдварын тархалт хумигдахгүй бол ихэнх аж ахуйн нэгж өмнөх зээлээ дахин санхүүжүүлснээр бизнест бодитоор нөлөөлөхгүй байх магадлалтай. Иймд энэ зээлтэй зэрэгцүүлээд банкуудын энгийн нөхцөлтэй зээлийн эрсдэлд төрөөс давхар батлан даалт үзүүлэх бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдэд хоёр сонголт өгнө гэсэн үг. Засгийн газрын нэн хөнгөлөлттэй, эрэлт ихтэй зээлийг дарааллаа хүлээж байгаад авах уу, эсвэл тодорхой хувь, баталгааг нь Засгийн газар гаргасан банкны энгийн нөхцөлтэй зээлийг шуурхай авах уу гэсэн сонголт гарч ирнэ. Миний хувьд энэ хоёр хувилбарыг хослуулснаар зээл олгохыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсөвт үзүүлэх дарамт буурна гэж харж байна.
-Эдийн засагт хүлээлт гэж чухал ойлголт бий. 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засгийн хүлээлт өөрчлөгдсөн. Тухайлбал, та судлаач хүний хувьд ямар хүлээлттэй байна вэ. Хүлээлтийг хэрхэн удирдах талаар санал бодлоо хуваалцаач?
-Энэ оны сүүлийн хагасыг өөдрөгөөр төсөөлж байна. Гадаад худалдааны нөхцөл сайжрахын зэрэгцээ “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, төлбөрийн тэнцэл сайжрах төлөв ажиглагдсан. Эхний хоёр сард гадаад худалдааны тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 20 дахин өсөж, 412 сая ам.долларт хүрсэн байна. Вакцинжуулахтай холбоотойгоор бизнесийн орчин сайжирч, бодит сектор сэргэх хандлагатай. Гэхдээ энэ төсөөлөлд сөргөөр нөлөөлж болзошгүй гурван асуудал бий. Нэгдүгээрт, долдугаар сарын 1-нээс эхлэн өрх гэр, аж ахуйн нэгжид зориулсан төрийн дэмжлэг, зохицуулалт зогсоно. Энэ нь өрх гэр, бизнес, санхүүгийн салбарт хүндээр тусаж болзошгүй. Хоёрдугаарт, цар тахалтай холбоотойгоор голлох түүхий эдийн экспортын тээвэр, ложистикт эрсдэл учрах магадлалтай, гуравдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль, “Оюутолгой” төслийн хэлэлцээр гээд хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалд нөлөөлж болзошгүй үйл явдал болно. Тэгэхээр хүлээлтийг удирдана гэдэг маань эрсдэлийг харж, бодлогын хариу үйлдлийг өнөөдрөөс хийнэ л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлын үнэлгээ, бодлогын арга хэмжээг олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулбал зөв шийдвэр гаргахад нь тусална гэж бодож байна.
-Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралаас бид ямар сургамж авсан бэ?
-Өмнө нь бид төлбөрийн тэнцлийн, банкны, гадаад өрийн хямралтай нүүр тулж байсан. Тэгвэл өнөөдөр цар тахлын хямралтай тулгарлаа. Эндээс тоймлон хэлэхэд гурван сургамж байж болох юм. Нэгдүгээрт, макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж, бодлогын орон зай үлдээж байх нь чухал. Сүүлийн жилүүдэд төсвийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, алдагдлыг нь багасган, Засгийн газрын хуримтлагдсан өрийн хэмжээг буурууллаа. Батлагдсан төсөвтөө тодотгол хийж зардлаа нэмэгдүүлэхгүй сахилга батыг дээшлүүлсний зэрэгцээ төсвийн ил тод байдлыг сайжруулсан. Гэхдээ олон жил хуримтлагдсан төсвийн асуудал хэвээр тул энэ хямралд бодлогын орон зайтай байж чадсангүй. Ийм учраас 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсвийн бус буюу Төвбанкны санхүүжилтийг дайчилж байна. Иймд төсвийн одоогийн амжилтыг бататган төсвийн дүрмээ мөрдөн, мөчлөг сөрж чадвал макро орчин тогтвортой байж, зээлжих зэрэглэл сайжирна. Түүнчлэн Засгийн газраас том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж өрөө нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх нь оновчтой. Хоёрдугаарт, төрийн институц, зах зээлийн зохицуулалтаа илүү үр ашигтай болгож, хувийн хэвшлээ бэхжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дүрэм, журам нь ойлгомжтой, тогтвортой байхад анхаарах хэрэгтэй.
Тухайлбал, уул уурхайн салбарын хувьд гэхэд лицензийг шударгаар олгох, бодлого гаргадаг яам, зохицуулдаг агентлаг нь хувийн хэвшилтэйгээ зэрэгцээд уг салбартаа бизнес эрхэлдэггүй байх, хөрөнгө оруулагчийнхаа эрх, өмчийг хамгаалдаг байх хэрэгтэй. Ингэж байж энэ салбарт шинэ тоглогч, хөрөнгө оруулагч орж ирнэ. Гуравдугаарт, бүтээмжийг нэмэгдүүлэхийг дэмжих хэрэгтэй байна. Эрдэс баялгийн нөлөөгөөр эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар долоон хувиар нэмэгдсэн ч энэ нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс илүү капиталын хуримтлалаар бий болжээ. Ядуурал бага зэрэг буурахад төсвийн халамжийн бодлого илүү нөлөөлсөн байх жишээтэй. Тэгэхээр эдийн засаг тооны хувьд өссөн ч чанар нь хангалттгүй байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр ур чадвартай хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байх, хувийн хэвшлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ өмнөх жилүүдийнхээс бага байх зэрэг хандлагаас ажиглагдсан. Эдгээрийг Дэлхийн банкнаас гаргасан 2020 оны Монголын эдийн засгийн талаарх тайланд маш тодорхой дурдсан байна лээ. Иймд барилга барихаас илүүтэй боловсрол, эрүүл мэнд, инновац, судалгаа шинжилгээг дэмжих хэрэгтэй.
-Эдийн засагчид “Манай эдийн засаг хурдан сэргэдэг” гэж ярьдаг. Тэгвэл хямрахдаа ч хурдан. Эдийн засгаа яаж гэнэтийн цохилтод сөхрөөд уначихдаггүй, сөрөх чадалтай болгох вэ?
-Манай улс товчхондоо, уул уурхайн салбараасаа хараат, жижиг, нээлттэй, хоёр том хөрштэй, далайд гарцгүй, хүн ам цөөнтэй эдийн засаг. Тэгэхээр энэ бүтцээсээ болоод манай эдийн засаг их эмзэг, хязгаарлагдмал. Жишээ нь, бодлогын хүүгээ буулган дотоод эрэлтийг дэмжихээр инфляцаас гадна урсгал дансны алдагдал өсөж, төлбөрийн тэнцлийн хямрал руу хөтөлдөг. Үүнийг төсвөөр, гадаад зээллэгээр нөхөхөөр төсвийн алдагдал өсөж, Засгийн газрын өрийн хямралд унах гээд байдаг. Ийм байдал удаан үргэлжилбэл банкны салбарт хямрал нүүрлэх гээд бодлогын орон зай хязгаарлагдмал байдаг. Бид өнгөрснөөс сургамж авч эрсдэл даах чадвараа тодорхой хэмжээнд сайжруулсан ч эдийн засгийн бүтцээ өөрчилж чадахгүй хэвээр л байна. Энэ эмзэг байдлаа бууруулахын тулд түрүүн хэлсэн мөчлөг сөрсөн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн дүрмээ мөрдөх, баялгийн сан байгуулан орлогоо хуримтлуулах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, валютын уян хатан ханшаар дамжуулан шокийг шингээх, санхүүгийн салбараа бэхжүүлэх, экспортод чиглэсэн хувийн хэвшлээ бодлогоор дэмжих зэрэг цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь энэ бодлогын арга хэмжээ шинэ зүйл биш, боломжгүй зүйл ч бас биш.
-Уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх дараагийн цикл ирлээ гэж ярьж байна. Бид баялгийн хараалд улам нэрвэгдээд суугаад байх уу. Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж улстөрч болгон ярилаа. Даанч юу ч хийсэнгүй. Үүнтэй та байр суурь нийлэх үү?
-Баялгийн хараалаас зайлахад амаргүй. Нийгэм, эдийн засаг уул уурхайгаас хараат болоод ирэхээр санхүү, хүний нөөц энэ салбар луу чиглэж, улс төр, эрх мэдлийн зөрчилдөөн ч үүнийг тойрч өрнөдөг. Улстөрчид нь дахин сонгогдохын төлөө иргэдээ хавтгайрсан халамжаар тэтгэх, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийх, уул уурхайг улс төрийн сэдэв болгох, иргэд нь ирээдүйн хэрэглээнээс өмнө өнөөгийн орлогыг илүүд үзэх, алхам алхмаар тасралтгүй ахихыг биш, огцом хөгжихийг хүсэж байна. Ингэснээр бид өнгөрсөн хугацаанд байрандаа эргэлдэж, улс төр, уул уурхайгаасаа улам хараат болсоор л байна. Гэхдээ бодлогын хувьд юу хийхээ бид бүгд сайн мэддэг. Олон улсын байгууллагууд ч харамгүй зөвлөмж өглөө. Гагцхүү энэ зөв бодлогыг оновчтой механизмаар үр дүнтэй, тууштай хэрэгжүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бидний бодлого зөв байгаа ч үйлдэл маань хувийн жижиг сонирхлоос хэтрэхгүй нь. Үүний суурь шийдэл нь иргэдээ сурч боловсрох, эрүүл амьдрах нөхцөл, боломжоор хангах, ур чадвар, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, цаашлаад хувийн хэвшлүүд хөгжих боломж бүрдүүлэх, сайжруулахад анхаарах юм. Бид энэ чиглэлд тууштай, тасралтгүй ахиж, байнга урагшлах хэрэгтэй.