Олон улсын шүүгч Л.Одгэрэл Токиогийн олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг шүүх гурван бүсгүйн нэг нь. Тэрбээр Бээжин хотод биеийн тамирын их сургуульд багш, дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж, шүүгч болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Тамирчин байхдаа дасгалжуулагч С.Хөхөө багшийн удирдлагад хүндийг өргөлтөөр хичээллэн, БНХАУ-ын Хэбэй мужийн Циньхуандао хотод 2003 онд болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголын эмэгтэй туйванчдын амжилтын салхийг мөнгөн медалиар хагалж, спорт сонирхогчдыг баярлуулсан түүхтэй. 2013 онд олон улсын II зэргийн шүүгч болж, “Тяньжинь-2013”, “Тайпей-2017” оюутны зуны 29 дүгээр универсиад, “Жакарта-2018” Азийн наадам, “Буэнос-Айрес-2018 ” залуучуудын олимпын тэмцээнийг дэнсэлсэн. Тэрбээр АНУ-ын Калифорни муж улсын Анахайм хотод 2017 онд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалтад тэнцэж, олимпын наадмын тэмцээнийг шүүх эрхтэй болсон юм. Олон улсын хүндийг өргөлтийн холбооны гишүүн 198 орноос сонгосон 35 шилдэг шүүгчийн нэгээр шалгарч, Токиог зорих болсон түүнийг “Таван цагариг”- ийн зочноор урилаа.
-Токиогийн олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнийг шүүх томилолт өвөртөлсөн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Ийм боломж шүүгчдэд ховорхон тохиох завшаан байх.
-Баярлалаа, өнгөрсөн жилийн хоёрдугаар сард урилга хүлээж аваад их баярласан. Олон хүн тэр үед намайг шүүгээсэй гэж дэмжсэн болохоор итгэл, найдвар нь талаар өнгөрөөгүйд сэтгэл уужирч билээ. Харин одоо догдлохоос илүү ажлаа амжилттай гүйцэтгэх бодол төрж байна. Монголд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг 2012 онд зохион байгуулахад шүүгчээр ажиллаж, дараа жил нь олон улсын II зэргийн шүүгч болсон. Ийм зэрэгтэй шүүгч тивдээ болсон тэмцээнийг шүүх эрхтэй. 2015 он хүртэл Азид зохион байгуулсан тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж, 2017 онд олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалтад тэнцсэн. Ингээд I зэрэгтэй болсон юм. Олимпын наадмын тэмцээнийг шүүх эрх авахын тулд ДАШТ, спортын наадмуудыг шүүсэн байх шаардлагатай. Миний хувьд спортын таван наадамд шүүгчээр ажиллаж, олимпын тэмцээнийг дэнслэх болзлыг биелүүлсэн. Олон улсын хүндийг өргөлтийн холбоо 198 гишүүн оронтой. Улс бүр олон улсын I зэргийн шүүгчтэй, тэднээс зөвхөн 35-ыг сонгодог. Шилдэг шүүгчдийн нэгээр шалгарч, Токиог зорих болсондоо сэтгэл өндөр байгаа.
-Олон улсын хүндийг өргөлтийн холбоо тэмцээний өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнээ олонд зарладаггүй нь ямар учиртай юм бол?
-Олимп гэлтгүй ДАШТ, олон улсын тэмцээнд сонгогдсон 35 шүүгч л ажилладаг. Тус холбоо шүүгчдийн бүрэлдэхүүнийг томоохон тэмцээний өмнө олонд нээлттэй зарладаггүйн учир нь ямар нэгэн лобби орохоос сэргийлж буй бодлого юм. Шүүгчдийн чансааны оноог ч ил гаргадаггүй.
-Ойрын өдрүүдэд хэнтэй ямар сэдвээр яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцав?
-Шүүгч хүн өөрийгөө байнга хөгжүүлж, спортын ертөнцөд өрнөж буй шинэ содон бүхэнтэй хөл нийлүүлж алхдаг. Өнөө үед холбооныхоо болон энэ спорттой холбоотой мэдээллүүдийг нийгмийн сүлжээнээс авч, эргэн тойрныхонтойгоо хуваалцахад илүү амар болжээ. Би олон улсын эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй саяхан цахим уулзалт зохион байгуулж, санал бодлоо хуваалцсан. Тус зөвлөлд тивээ төлөөлсөн таван эмэгтэй байдаг юм. Миний хувьд нэг гишүүн нь. Бид энэ удаа эмэгтэй тамирчдынхаа эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгарч буй асуудлыг хөндөж, ажлынхаа төлөвлөгөөг ярилцлаа. Шүүгчид шинэ дүрэм, өөрчлөлтийн талаар хуралдахад нэг их хүндрэлтэй бус. Харин гадаадад болсон тэмцээнийг цахимаар шүүхэд цагийн зөрүүнээс үүдэж шөнө ажиллах хэрэг гарч байлаа.
-Цар тахлын хүндхэн үеийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж байгаагаа сонирхуулаач?
-Би өөртөө зорилго тавьж ажилладаг. Өмнө нь ирсэн урилгын дагуу тэмцээнүүдийг амжилттай шүүхийг хичээж, цаг заваа зарцуулдаг, гэртээ тухлах зав ховор байв. Харин одоо гэр бүл, үр хүүхдүүддээ санаа тавих боломж гарлаа. Манайх өнгөрсөн жил бүл нэмж, хүүтэй болсон. Токиог зорих хүртэл хүү минь овоо торничихно. Миний хувьд энх тунх амьдрал дунд айлын эзэгтэй, ээжийн үүргээ гүйцэтгэж, цаг хугацааг өрнүүн өнгөрүүлж сууна даа.
-Хэр гэр амьтай хүн бэ. Хилийн дээс алхаад л хүүхдүүдээ санадаг уу?
-Би гэр амьтай. Сарын хоёр долоо хоногт нь тэмцээн шүүхээр гадаад руу явчихна. Монголд ирээд гадуур гарч амжаагүй байтал дараагийн тэмцээн шүүх урилга ирдэг. Найз нөхөдтэйгөө уулзахаас илүү гэртээ тухлахыг хичээнэ. Намайг ирэхээр найзууд минь манайд зочилдог юм. Нөхрийг ажилтай үед хоёр ээж минь хүүхдүүдийг ээлжлэн харж, асарна. Миний ажлыг гэрийнхэн минь ойлгож, түшиг тулгуур болдог тул сэтгэл тайван явдаг. Нас өндөр ээжүүддээ сэтгэл зовниж, хоёр охиндоо “Эмээ нарынхаа үгэнд орж, хичээл номоо сайн давтаарай. Гэрийнхээ ажлыг амжуулахын хажуугаар аавыгаа ч халамжлаарай” гэж захидаг. Охид минь гэрийн ажлын ихэнхийг нугална. Намайг тэмцээн шүүхээр явахад ээж Сүхбаатар аймгаас ирж, аав гэрийнхээ ажлыг амжуулахаар үлддэг.
-Улс бүрт тэмцээн зохион байгуулах уур амьсгал, спорт сонирхогчдынх нь хүлээж авах сэтгэлгээ өөр. Хамгийн сонирхолтой, эсвэл этгээд байдлаараа ямар орон сэтгэлийг тань татав?
-Миний хувьд 40 гаруй тэмцээнд шүүгчээр ажиллажээ. Ираны Тегеранд 2016 онд зохион байгуулсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг шүүсэн нь сэтгэлээс ер гардаггүй. Исламын шашинтай улсад уригдсан анхны эмэгтэй шүүгч нь би байлаа. Дүрмийн дагуу эмэгтэй шүүгч байх ёстой гэж үзээд урьсан нь тэр. Тэмцээн шүүсний дараа ариун цэврийн өрөө орох гэтэл эмэгтэйчүүдийнх байсангүй. Тэнд эмэгтэй хүн ордоггүй байж. Зохион байгуулах хорооныхонд учраа хэлэхэд надад зориулж, нэгдүгээр давхарт тусгайлан ариун цэврийн өрөө гарган өгч билээ. Тэр тэмцээнийг шүүснээрээ олон улсад эмэгтэй шүүгч хүн ямар байх ёстойг харуулж, өөрийгөө таниулах боломж гарсан гэж боддог. Тус улсын Ерөнхийлөгч надад илгээсэн талархлын захидалдаа “Бид танаас үлгэр дуурайл авч, эмэгтэй тамирчдаа бэлдэж эхэлсэн. Таныг манай улсад ирсэнд талархсанаа илэрхийлье” гэсэн байв. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос шүүгч нарт урилга илгээхэд би таарч шүүсэн нь исламын шашинтай эмэгтэйчүүдийг энэ спортоор хичээллэхэд нөлөөлж, түлхэц болсон гэдэг. Саудын Арабд тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сар хүртэл зохион байгуулах залуучуудын ДАШТ-д хүндийг өргөгч эмэгтэй тамирчид анх удаа өрсөлдөнө. Надад тус улсын Хүндийг өргөлтийн холбооноос тусгайлан хүндэтгэлийн урилга илгээсэн.
-Тэмцээний шүүлтэн дээр тохиолдож байсан хөгжилтэй хүндхэн түүхээс хуваалцаач?
Малайзад зохион байгуулсан өсвөрийн ДАШТ-ий 85 кг-ын жинд би дэвжээний голын шүүгчээр ажилласан юм. Оманы Султант Улсын тамирчин туйвангаа өргөтөл трико нь урагдаж, дотуур хувцас нь гараад ирэв. Түүний өөдөөс хараад шүүж байсан би инээх, суудлаасаа босох зэрэг ямар нэгэн үйл хөдлөл, нүүрний хувирал гаргах эрхгүй. Тиймээс тэр тамирчинд сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүйг хичээж, юу ч болоогүй мэт царай гаргасан. Тэрбээр хүрэл медаль хүртэж, тэмцээний дараа над руу харж инээмсэглээд гараа даллаж билээ. Дараа нь залуучуудын Азийн АШТ-ий үеэр нөгөө тамирчин “Миний трико ямар ч асуудалгүй шүү” гээд инээж билээ. Тэр тэмцээний дараа шүүгч нар хуралдаж эрэгтэй тамирчдын тэмцээнд эмэгтэй хүнийг дэвжээний голын шүүгчээр ажиллуулах нь зөв үү, өөрчлөх үү гэсэн санал гаргахад “Бид олон улсын шүүгч. Сэтгэл зүйн тэнцвэрийг хадгалж, шилдэг гэдгээ харуулах ёстой. Үүнд жендерийн ялгаа гаргаж болохгүй” гэж үзээд хэвээр нь үлдээсэн.
-Үзэгчид тэмцээнийг сонирхож үзэхээс бус, алдаа, оноог нь төдийлөн хардаггүй. Тамирчдын амжилт, карьер, амьдрал шүүгчийн шүүлтээс их шалтгаалдаг юм билээ. Ажил тань танаас үүрэг, хариуцлага өндөртэй байхыг үргэлж шаарддаг биз?
-Шүүгч хүн нэг талыг баримтлахгүй, тэмцээний үед сэтгэл хөдлөл гаргахгүй, шударга шүүх дүрэмтэй. Ажилласан туршлагаасаа хуваалцахад шүүгчид олон улсын харилцааг давхар үүрч явах өндөр үүрэгтэй. Тухайн тамирчны ард ард түмнийх нь итгэл найдвар, улсынх нь Төрийн далбаа нь мандах, эсэх асуудал байдаг. Тиймээс алдаатай шүүх эрхгүй. Цаашлаад улс орны харилцаанд ч таагүй уур амьсгал бүрдэнэ. АНУ-ын Калифорни муж улсын Анахайм хотод 2017 онд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон “Лондон 2012” олимпын аварга Ираны Бехдад Салимины өргөлтийг дэвжээний гурван шүүгч 2:1-ээр тооцлоо. Тэгтэл ерөнхий шүүгчээс (Жүри) амжилтгүй өргөлт гэсэн шийдвэр гарч, өргөлтийг тооцсонгүй. Ерөнхий шүүгч бүх талаас нь харж, олон камераар харуулсан болохоор түүний өргөлтийн нарийн алдаа харагдсан байж таарна. Гэтэл тэр ерөнхий шүүгчийн ахлах нь Америк хүн байв. Тухайн үед Иран, АНУ-ын харилцаа тааламжгүй байсан үе. Тэмцээн үзэж суусан Ираны үзэгчид тамирчных нь өргөлтийг тооцоогүйд бухимдаж, орилоод л босоод ирсэн. Тэмцээний нөхцөл байдал эвгүй болж эхлэхэд бүх хамгаалагч ирж зогссон. Дүрмийн дагуу түүний өргөлт алдаатай байсан нь нотлогдсон тул шийдвэр хэвээр үлдэж, чимээ шуугиан ч намжсан. Тиймээс тамирчдын амжилт, карьер, амьдрал, хувь заяа шүүгчийн шүүлтээс хамаарах болохоор алдаатай шүүх эрхгүй. Хэрвээ тэмцээнийг буруу шүүвэл миний нэр бус, Монголын шүүгч алдаа гаргасан гэж ярина. Тиймээс эх орныхоо нэрийг өргөж явах үүрэгтэйгээс гадна олон улсын харилцаанд ч хариуцлагатай ханддаг.
-Шүүгч сэтгэл зүйн хувьд сайн зөвлөгч байх ёстой юу?
-Тэмцээнд медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг шүүгчид байдаг. Туркменистаны Ашхабадад болсон ДАШТ-д “Рио-2016” олимпын аварга, Ираны тамирчин Киануш Ростамигийн хөл бэртэж, нийлбэр оноогоор хүрэл медаль хүртсэн. Эл амжилт сэтгэлд нь хүрээгүй тул тэрбээр “Миний хөл гэмтсэн учраас шагналын тавцанд гарч медаль авч чадахгүй нь” гээд гардаггүй ээ. Гэтэл медаль гардуулах ёслол болох гээд байдаг. Хэрвээ тухайн тамирчин медалиа гарч авахгүй бол улсыг нь төлөөлөх өөр орны хүнийг гаргадаг дүрэмтэй. Тэгтэл эрэгтэй шүүгч “Яах вэ, Киануш Ростами гарахгүй гэнэ. Медаль гардуулах ёслол эхлэхэд ганцхан минут үлдлээ” гэв. Түүний хувьд хүрэл медаль хүртэх нь ялагдал байсан юм. Би эмэгтэй шүүгчийн хувьд түүнтэй ярилцахаар очтол уйлчихсан сууна. Холбооных нь ерөнхийлөгч хажууд нь аргадаж харагдлаа. Би түүнд “Та энэ спортод домог болсон тамирчин. Олимпын аварга болсныг тань эх орон, ард түмэн тань мэдэж байгаа. Таныг зааланд байгаа хүмүүс харахаар хүлээж байна. Тиймээс гарах хэрэгтэй, медаль гардуулах ёслолын ажиллагаа эхлэхэд нэг минут үлдлээ” гэхэд нүднийх нь гуниг арилж, гэрэлтээд ирсэн. Тэрбээр “За гаръя, намайг нэг минут хүлээгээч, би бэлдье” гэв. Түүнийг шагналаа авахаар гарч ирэхийг харсан хүмүүс алга ташиж, алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид тохойноос нь өргөж, медалийн тавцанд гарахад нь тусалж байлаа. Тэрбээр өмнө нь Риогийн олимпын наадмын тэмцээнд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон удаатай. Энэ спорт эв нэгдэл, хүн чанарыг харуулахыг зорьдог юм.
-Одоо таны тамирчин болохоор гараагаа эхэлсэн дурсамжаар аялъя. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд төрж, өссөн охины сэтгэлийг жүдогийн дэвжээ “дуудаж”, дараа нь хүндийг өргөлт соронз шиг татсан тухай яривал сонин түүх өгүүлэх байх?
-Улаанбаатарт оюутан болж ирснийхээ дараахан 2002 онд аавыгаа дагаж Спортын төв ордонд очоод дасгалжуулагч Б.Буядаа багшийн удирдлагад жүдо бөхөөр хичээллэсэн. Дараа жил нь залуучуудын УАШТ-ээс алт, самбо бөхийнхөөс хүрэл медаль хүртэж байв. Тэр үед хүндийг өргөлтийн дасгалжуулагч С.Хөхөө багш тааралдаж “Чи голын бяртай, хүчтэй хүүхэд байна. Хүндийг өргөлтийн зааланд ороод ирээч” гээд надад хүчний техникийн бэлтгэл хийж харууллаа. Миний хувьд хурдан сурсан санагдана. Энэ спортын босгоор алхаж орсон анхны өдрөөс л сэтгэл өөрийн эрхгүй татагдсан. Түүнээс хойш багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн.
-Токиогийн олимпын наадмын тэмцээнийг дэнслэх Т.Энхцэцэг та хоёр Б.Буядаа багшийн шавь. Хүндийг өргөлт рүү хөл тавихад багш тань дуртай байгаагүй гэдэг.
-Жүдо бөхийн олон улсын шүүгч Т.Энхцэцэг бид хоёр нэг багшийн шавь болж, дэвжээнд хамдаа бэлтгэл хийдэг байлаа. Намайг жүдогийн дэвжээнээс явахад Б.Буядаа багш дуртай байгаагүй. Тэрбээр “Чамд жүдо бөхөөр хичээллэхэд амжилт өмнө тань байна. Хүндийг өргөлт рүү орох хэрэг байна уу, эмэгтэй хүнд амаргүй спорт шүү дээ” гэв. Багшид санаа бодлоо ойлгуулахад хүсэл сонирхлыг хүндлээд зөвшөөрсөн. “Нарантуул” спорт клубт хүндийг өргөлтийн бэлтгэл базааж, БНХАУ-ын Хэбэй мужийн Циньхуандао хотод 2003 онд болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медальтай ирсэн. Тухайн үед эмэгтэй тамирчдаас медалийн салхийг хагалж, багшийг болон холбооныхоо хүмүүсийг баярлуулж байлаа.
-Тамирчны карьераа арай л эрт өндөрлүүлж, шүүгч болсон санагддаг юм.
-Тамирчин байхдаа энэ спортод эмэгтэй дасгалжуулагч, шүүгч байх шаардлагатайг олж харсан. Тэгээд л 2004 онд Бээжингийн их сургуулийн биеийн тамирын их сургуульд багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцсан юм. Т.Энхцэцэг бид хоёр хожим “Наньжин-2013” Азийн хүүхдийн спортын II наадмын тэмцээнд жүдо, хүндийг өргөлтөөр хичээллэдэг багийнхаа хүүхдүүдтэй очиж оролцсон. Би тухайн үед баг ахалж, ахлагчаар нь явсан юм. Байт харвааны олон улсын шүүгч Э.Саруултай Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод 2018 онд болсон залуучуудын олимпын наадмын тэмцээнийг шүүсэн. Тэмцээний цагийн зөрүүнээс болоод уулзаж амжаагүй. Харин одоо бид Токиог хамтдаа зорьж, олимпын наадмын тэмцээнийг шүүх боллоо. Энэ ташрамд, олон улсын шүүгч Т.Энхцэцэг, Э.Саруул нартаа ажлын өндөр амжилт хүсье. Монгол эмэгтэйчүүд зөвхөн спортод гэлтгүй олон салбарт манлайлж яваа. Зорьж, хичээж чадвал амжилт гаргадгийг манай бүсгүйчүүд харуулж байна. Хүндийг өргөлтийн спортын гайхамшгийг өөрөө хичээллэж мэдэрсэн, мөн арын албыг нь хариуцаж яваагийн хувьд олонд түгээх нь шүүгч миний үүрэг. Бид гадаадад болсон тэмцээнүүдээс туршлага хуримтлуулж, Монголдоо болсон тэмцээнүүдэд хэрэгжүүлдэг.
-Ингэхэд танд шүүгч болох саналыг хэн тавив?
-Олон улсын шүүгч Б.Гансүх агсан “Чи олон улсын шүүгч бол. Хүндийг өргөлтийн спортод эмэгтэй шүүгч байх нь зүйтэй. Чамд ирээдүй байна, зан чанар тань шүүгч болоход тохирно” гэж хэлсэн. Багшийнхаа зөвлөснийг бодож үзээд шийдвэр гаргаж байлаа. Түүний Монголын хүндийг өргөлтийн спортод оруулсан хувь нэмрийг дурсахгүй байхын аргагүй. Эх орондоо энэ спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл харамгүй зүтгэсэн. Сайн зохион байгуулагч, удирдагч, Азийн болон олон улсад нэр хүндтэй шүүгч байв. Хэлж, зөвлөх, аргадаж зэмлэх, урам хайрлаж зоригжуулах багштай байх сайхан. Би өөрийгөө азтай гэж боддог. Надад багшийн минь нөмөр нөөлөг их байсан. Гадаадын томоохон тэмцээнийг шүүхээр очиход мэдэхгүй, чадахгүй зүйл бишгүй гарна. Тэр бүхнийг заан, зөвлөснийх нь ачаар амжилттай шүүдэг байв. Багш “Рио-2016” олимпын наадмын тэмцээнийг шүүх эрх авсан ч харамсалтай нь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Намайг шүүгч болж, амжилт гаргана гэж итгэсэн багшийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, Токиогийн олимпын наадмыг шүүх эрх авчихаад тайвширсан даа.
-Тэмцээн шүүхээр очихдоо тухайн орны түүх, соёлыг хэр судалдаг вэ?
-Монголчуудын түүхийг дэлхийн түүх гэж ярьдаг шүү дээ. Хань минь энэ тал дээр тусалж “Чи энэ улсад очно, ийм хөгжилтэй, тийм түүх, соёлтой” гээд хэлж өгдөг юм. Тэмцээн зохион байгуулсан улс бүрт Монголын түүхийн талаар мэддэг шүүгчтэй таарна. Тэд надтай эх орон, эцэг өвгөдийн минь талаар яриа өрнүүлэхийг хүсдэг. Миний хувьд эх түүхээ мэдэхгүй бол тэдэнд дэндүү харамсалтай санагдана. Сонирхуулахад, Ираны Тегеранд 2016 онд зохион байгуулсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг шүүсэн тухайгаа дээр өгүүлсэн дээ. Тэр тэмцээний завсарлагаанаар шүүгч нар түр амарч, сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Тэгсэн нэг шүүгч надаас “Танай Монголын Чингис хаан манай улс руу довтолсон түүх бий. Чи эмэгтэй шүүгчдээс ганцаараа манайд ирлээ, ямар санагдаж байна вэ” гээд хошин өнгө аястай асуулаа. Түүнд “Танай өвөг дээдэс Монголын 400 худалдаачныг егүүтгээгүй бол манай Чингис хаан улс руу тань зорьж ирэхгүй байлаа. Тэр үеийг бодвол танайд одоо хөл тавихад амар болжээ” гэхэд шүүгчид инээлдэж билээ. Энэ мэтчилэн хошигнож асуухад наргиа маягаар хариулдаг тал бий. Би тухайн улсын түүх соёл, ахуй, хөгжлийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс авчрах дуртай. Одоо нэлээд цуглуулгатай болжээ.
-Аав тань шагайн харваагаар хичээллэдэг, Монгол Улсын харьшгүй мэргэн. Ээж тань волейбол тоглодог, ах Л.Ганбаатар тань аймгийн начин цолтой. Дүү Л.Одсайхан өнгөрсөн жилийн наадмаар Монгол Улсын мэргэн цол хүртлээ. Спортод хөл тавихад өссөн орчин тань их нөлөөлжээ.
-Би спортын гэр бүлд өссөндөө бахархдаг. Аавыг минь Г.Лхагвасүрэн, ээжийг Ө.Хандсүрэн гэдэг. Хүүхэд байхдаа ахтайгаа хамт аав, ээжийнхээ волейбол тоглохыг харахаар зааланд ирдэг байв. Аав минь үндэсний спортоос шагай харваагаар олон жил хичээллэсэн, Монгол Улсын харьшгүй мэргэн цолтой. Ах Л.Ганбаатар аймгийн начин, өнгөрсөн жилийн наадмаар дүү Л.Одсайханыгаа үндэсний сурын харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэхэд бахархаж, баярласан. Эрэгтэй дүү аавыг дагаж шагай харваагаар хичээллээд аймгийн мэргэн цол хүртсэн. Манай хүргэн, бэрүүд мөн л спортоор хичээллэдэг. Л.Одсайханы нөхөр үндэсний бөхөөр барилдахын зэрэгцээ бөхийн барилдааныг тайлбарлана. Өдгөө шавь нараа бэлтгэж, бэлтгэл хийлгэдэг. Бага дүүгийн эхнэр хөнгөн атлетикийн тамирчин. Миний хань Д.Гансүрэн “Хөх Монгол” ТББ-ын тэргүүн, олон улсын таэквондогийн VI, монгол тулааны урлагийн VII дантай. Бид хувь тавилангаар спорттой амьдралаа холбож, гэр бүл зохиосон.
-Хүүхдүүд тань спортоор хичээллэдэг үү?
-Манайх хоёр охин, нэг хүүтэй. Том охин сагсан бөмбөг, бага нь таэквондогоор хичээллэж байгаа. Бид охидоо спортоор дамжуулан эерэг хандлагатай, зөв хүн болгож төлөвшүүлэхийг боддог. Ёс заншил, уламжлалт ахуй, соёлыг ойлгуулж, байгальтай ойр байлгахыг хичээж, зун гэр бүлээрээ эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах дуртай. Эцэг, эхийн хувьд эрүүл чийрэг, хүнлэг сэтгэлтэй иргэнийг бэлтгэх нь бидний үүрэг. Аав, ээж минь ч гэсэн биднийг ингэж л өсгөсөн. Тэднийхээ хэлж, захидаг үгнээс хариуцсан ажилдаа эзэн, эх орондоо хэрэгтэй хүн болж хүмүүжих нь чухал гэдгийг ойлгосон юм. Энэ ташрамд, Токиогийн олимпын тэнгэрт Монголын төрийн дуулал олон эгшиглэх болтугай гэж ерөөе.