Зэвсэгт хүчний 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Хэдийгээр 100 жил гэж буй ч монгол цэргийн түүхэн уламжлал хэдэн мянганаар хэмжигдэх билээ. ҮБХИС-ийн зөвлөх профессор, бэлтгэл хошууч генерал Я.Чойжамцтай Монгол Улсын зэвсэгт хүчний 100 жилийн ой, өчигдөр, өнөөдөр, маргаашийн талаар ярилцлаа. Тэрбээр ҮБХИС, ОХУ-ын М.Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, АНУ-ын ҮБХИС-ийг төгссөн, команд штаб, оператив-стратегийн мэргэжилтэй нэгэн. Зэвсэгт хүчний анги, нэгтгэлд салаа, салбар, мотобуудлагын батальон, мотобуудлагын хорооны захирагч, ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, газрын дарга, ЗХЖШ-ын дэд дарга, Цэргийн их сургуулийн факультетийн орлогч дарга, дарга, ЦИС-ийн тэргүүн дэд захирал, БХЯ-ны газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, ҮБХИС-ийн захирлаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж буй юм.
-Монголын ард түмэн өнөөдөр зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Магадгүй өнөөгийн залуус түүний хөгжлийн эхлэл, өрнөл, үр дүнгийн талаар тийм ч сайн мэдээлэлгүй байгаа болов уу. Үүнээс ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
-Монгол Улсын шинэ үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг энэ өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Юуны өмнө улс орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах эрхэм хариуцлагатай үүргийг үе үед биелүүлж ирсэн ахмадууд, цэргийнхэндээ Монгол Улсын зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол цэрэг, Монгол Улсын зэвсэгт хүчний түүх бол монгол үндэстэн, улсын түүхийн салшгүй хэсэг байж, үндэсний сэргэн мандалт, уналтын үе шат болгонд эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үнэт зүйлсийг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн түүхэн замнал нь болж ирсэн юм. Монголчууд бид нэгэн цаг үед дэлхийг эрхшээж байсан арвин их түүхийг өөртөө тээн явдаг үндэстэн. Энэхүү түүхэн өнгөрсөн цаг хугацаанд Монгол эх орон, элгэн түмнээ үе дамжин хамгаалж ирсэн монгол цэргийн хөгжлийн бартаат түүх, элээсэн замнал, эгшээсэн үйлийн эерэг, сөрөг тал бүр нь өнөөгийн үеийнхэнд сургамж болж, бидний сэхээрэл, ухаарлыг сэдрээн байдаг.
-Ер нь Монголын цэрэг армийн түүхийг хэдийнээс тоолж болох бол?
-Монголын цэргийн түүх хэдийнээс эхтэй вэ гэдэг асуултад түүхчид, судлаачид олон гаргалгаагаар хариулах оролдлого хийж ирсэн. Хүн төрөлхтний түүхийн сүүлийн 5500 жилд 15 000 дайн болж, түүнд 3.5 тэрбум хүн амиа алдсан байдаг нь аливаа улс үндэстний өөрийн газар нутаг, ард түмнээ хамгаалах үйл хэрэг ямар их үнэ цэнээр хэрэгждэгийг харж болно. Монгол үндэстэн ч ялгаагүй бусдын л адил үүсэн бий болсон цагаасаа л төрөлх газар нутгаа, ард түмнийхээ язгуур ашиг сонирхлыг хамгаалах зорилгодоо цэргийг ашиглаж ирсэн юм. Судлаачдын үзэж байгаагаар Монголын цэргийн талаарх Хятадын сурвалжид тэмдэглэгдсэн хамгийн эртний мэдээ нь цаг хугацааны хувьд одоогоос 5000 орчим жилийн өмнөх үетэй холбогдож буйг тодорхойлж байгаа бол 2500 гаруй жилийн өмнө Монголд төрт ёс тогтсоноор Монгол цэргийн үүслийг авч үзэх ёстой ч гэсэн хандлага бий.
Тэгвэл XIII-XIV зууныг дамнасан монголчуудын сэргэн мандалт нь гарцаагүй монгол цэргийн гайхалтай амжилтын үр дүн болж, дэлхийн хоёр дахь эзэнт гүрнийг байгуулан, Ази, Европыг дамнасан хуурай газрын аравны зургааг эзэгнэсэн дэлхийн хэмжээний тоглогчийг бий болгосноор илэрхийлэгддэгийг түүх бичигт хадгалан үлдээжээ. Энэ цаг хугацаа бол яах аргагүй монгол цэргийн хөгжлийн оргил үе байсан билээ.
-Шинэ үеийн зэвсэгт хүчний түүхийг 1911 оноос гэж дүгнэх үү, эсвэл 1921 оноос гэж тооцох юм болов уу?
-Олон түүхч Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний дараах үеэс буюу 1911 онд Монголын автономит засаг тогтсоноор шинэ үеийн зэвсэгт хүчний түүхийг эхлүүлэх учиртай хэмээн үзэх нь ч бий. XX зууны эхэн үе бол Монголын түүхийн хамгийн эмзэг атлаа ард түмнийг эрх чөлөө, тусгаар тогтнохын төлөөх хүсэл эрмэлзлийг далайцтай өдөөсөн үе байв. 1920-иод оны эхээр харийн түрэмгийлэгчдийн талхин дор шаналан зовж байсан ард түмнээ аврах, эх орноо чөлөөлөх үйл явц эхэлж, бүтэц, зохион байгуулалт, хангалтын тогтолцоогоороо монгол цэргийн уламжлалыг хадгалсан, үндсэн бүрэлдэхүүн нь морьт цэрэгт тулгуурласан, цэргийн хүчин байгуулагдсан нь Ардын журамт цэрэг байсан бөгөөд иргэдийн сайн дурын үндсэн дээр бий болсноороо өмнөх үеийн цэргийн хүчнээс ялгаатай байв. Ардын журамт цэргийн анхны сорилт нь Хиагт хотыг чөлөөлөх байлдаан байсан юм. Энэ байлдаанд хүч тэнцвэргүй дайсантай тулалдан анхны ялалт байгуулсан. Ингэснээр цаашид улс орноо гадаадын харгис дайсны савраас ангижруулахад цэргийн хүчнийг богино хугацаанд өргөтгөн бэхжүүлэхгүйгээр эцсийн зорилгодоо хүрэхэд бэрх нь тодорхой болж, ардын журамт цэргийг бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл, сургалтын бэлтгэлийн оновчтой тогтолцоотойгоор хөгжүүлэх эхлэл болсон билээ. Ийнхүү орчин цагийн байнгын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхтэй.
-Өнгөрсөн зуунд байгуулагдсан зэвсэгт хүчин нь монголчуудын хувьд нийгмийн шинэ үзэгдэл байсан байх. Гэхдээ түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, манлайлал нь улс орны хөгжил дэвшилд ч багагүй нөлөөг үзүүлсэн гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз.
-Өнгөрсөн XX зууны Монголын түүхэнд зэвсэгт хүчин онцгой үүрэг гүйцэтгэсэн нь яах аргагүй үнэн билээ. 1920-иод оны эхэн үе бол гамин цэргүүд улс орны үндсэн хэсгүүдийг хяналтдаа байлгаж, Оросын цагаантны үлдэгдэл цэрэг хууль бусаар улс орны хэд хэдэн хэсгээр нэвтрэн ард иргэдийг тонож дээрэмдэх, тэднийг албадан цэрэгтээ татах зэрэг харгислал хэрээс хэтэрсэн. Ийм хүнд хэцүү цаг үед ардын журамт цэргийг байгуулан байнгын цэргийн хүчин болгох, улс орноо гадаадын түрэмгийлэгчдээс чөлөөлөх гэсэн хоёр үүргийг зэрэг хэрэгжүүлж байв. Ардын журамт цэргийн анхны ялалтын дараа Нийслэл хүрээг чөлөөлөн Ардын засаг, төрийг байгуулах, баруун, зүүн хязгаар нутагт үүрлэсэн гадаадын эзлэн түрэмгийлэгчдийг устган эх орноо чөлөөлсөн нь журамт цэргийн гүйцэтгэсэн томоохон амжилт байсан юм.
Шинэ тулгар эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан Монгол Улсын гадаад, дотоод орчин таатай байгаагүй 1920-1930-аад онд улс орныхаа батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, ардын хувьсгалт цэргийн чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч байсны дотор тухайн үедээ дэвшилтэт технологид тулгуурласан их буу, пулемёт, холбооны хэрэгсэл, нисэх онгоц зэрэг олон төрлийн зэвсэглэл, техникээр хангасан. Үүний зэрэгцээ даргалах бүрэлдэхүүнээ дотооддоо, Зөвлөлт Орос Улсад олноор нь бэлтгэсний дүнд морьт цэрэгт суурилсан европ маягийн цэргийн томоохон хүчин болж чадсан билээ. Харамсалтай нь, 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт Монгол ардын хувьсгалт цэрэг (МАХЦ) мөн л хүндээр өртсөн шүү дээ. Халхын голын дайны өмнө гэхэд МАХЦ-ийн удирдах бүрэлдэхүүний 93.5 хувь нь хэлмэгдсэн нь түүний байлдах чадварт маш том хохирол учруулсан байдаг.
1939 оны Халхын голын байлдаан бол МАХЦ-ийн хувьд томоохон шалгуур болсон. Тэр үеийн дэлхийн шилдэг цэргийн нэг болох Японы цэргийн хүчний эсрэг Зөвлөлтийн Улаан армийн анги, нэгтгэлүүдийн хамт гурван сар гаруй үргэлжилсэн газар, агаарын томоохон тулаанд амжилттай оролцож, ялалтад хувь нэмрээ оруулснаар МАХЦ өөрийн улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэх чадвартай гэдгээ харуулсны дээр томоохон улсын цэргийн хүчинтэй хамтран ажиллаж чадах болсноо үзүүлснээрээ онцгой ач холбогдолтой байв. Нөгөө талаар энэ дайн МАХЦ-т цаашид анхаарах олон асуудал байгааг харуулснаараа түүний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж үзэж болно. Дайны дараах жилүүдэд Монголын төр, засаг МАХЦ-ийг хөгжүүлэн бэхжүүлэх чиглэлээр дэс дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шинэ төрлийн зэвсэглэлээр хангах, анги, нэгтгэл шинээр байгуулан батлан хамгаалах хүчин чадлаа зузаатгасаар байсан билээ.
1945 онд дэлхийн II дайны төгсгөл хэсэгт Зүүн хойд Хятадыг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд МАХЦ-ийн 20 гаруй мянган хүнтэй томоохон цэргийн хүчин оролцон, Зөвлөлтийн Улаан армийн нэгтгэл, нэгдлүүдтэй нягт харилцан ажиллаж, 1000 гаруй км зам туулан байлдаж, ялалтад хувь нэмрээ оруулан өөрийн алдрын замналаа дуурсгасан юм. Чөлөөлөх дайнд МАХЦ оролцсоноороо анх удаа хилийн чанадад бусдын эрх чөлөөний төлөө, нийтийн дайсны эсрэг тэмцэлд ихээхэн хувь нэмэр оруулсан ач холбогдолтойн дээр монгол цэрэг байгаль, цаг уурын амаргүй нөхцөлд богино хугацаанд тэвчээр заан холын марш үйлдэн, байлдааны ихээхэн дарамт дор Зөвлөлтийн цэргийн нэгтгэлүүдтэй хамт эцсийн зорилгоо хангаж чадсан зэрэг нэлээд онцлогтой байсныг дурдах нь зүйтэй. Чөлөөлөх дайнд МАХЦ-ийн оролцоо, ялалтад оруулсан хувь нэмэр нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг гадаад ертөнц хүлээн зөвшөөрөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн хөшүүрэг болсон юм.
XX зууны эхэн, дунд үед МАХЦ Монголын нийгэмд олон шинэлэг уур амьсгал бий болгох, шинэ үйл хэрэг эхлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Ардын ардчилсан хувьсгал ялсан эхний өдрөөс европ эмнэлэг байгуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх анхны сургуулийг Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр эхлүүлж, анхны холбооны, тээврийн салбарыг бий болгосон нь эдгээр салбарын хөгжлийн эхлэл болсон билээ. 1925 онд МАХЦ-т анхны нисэх онгоц хүлээн авч цэргийн нисэх хүчин байгуулагдсан нь өнөөгийн иргэний нисэхийн суурь болж, тухайн үедээ залуу үеийг бичиг үсэгт сургах үйл хэргийг эрчимтэй хэрэгжүүлж байснаар ард түмнээ соён гэгээрүүлэх үйл явцыг эхлүүлсэн гээд олон зүйлээр МАХЦ тухайн үедээ манлайлж, нийгмийн хөгжилд асар их түлхэц өгсөн байдаг.
-Дэлхийн II дайны дараа зэвсэгт хүчний хувь заяанд ямар өөрчлөлт гарав. Тэр нь Монголын нийгэмд, улс орны аюулгүй байдлын баталгааг хангахад хэрхэн нөлөөлсөн бол?
-Дайны дараа Монгол Улсын гадаад орчинд гарсан эерэг өөрчлөлтүүд, улс орныг хөгжүүлэх шинэ шаардлага зэргээс үүдээд Зэвсэгт хүчнийг цомхотгон, маш бага хэмжээнд үлдээсэн билээ. Дэлхийн II дайны дараа армиас цомхотгосон офицер, ахлагч нар хөдөө аж ахуйн нэгдэл, үйлдвэр аж ахуйн газруудын удирдлага, ажилтнаар томилогдон амжилттай ажиллаж, олон зуун техникийг улс ардын аж ахуйн салбарт шилжүүлэн иргэний зориулалтаар ашиглуулсан нь улс орны хөгжилд маш том хөрөнгө оруулалт болсон юм. Нөгөө талаар 1950-иад оны дундуур Барилгын цэргийг байгуулж, улс ардын аж ахуйн хөгжлийн хүрээнд барилга байгууламж, сум, сангийн аж ахуй барих ажилд дайчлан оролцуулснаар 1990 он хүртэл олон арван үйлдвэр аж ахуйн газрууд, сум сангийн аж ахуйг барьж, улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан түүхтэй. Дээрх цомхотгол төр, засгийн дээд удирдлага улс орны гадаад орчны нөхцөл байдлыг бодитойгоор дунд, урт хугацаанд төлөвлөх чадвар муутай, алсын хараагүй байсантай болон хөрш орны дарамт шахалттай ч холбоотой болох нь өнгөрсөн түүхээс харагддаг. Энэ харалган бодлогынхоо үр дагаврыг 10 гаруйхан жилийн дараа мэдрэн, алдаагаа залруулахын тулд олон жилийг зарцуулсан боловч эцсийн үр дүнгээ харж чадаагүй гашуун туршлага бидэнд нэгэнт түүх болон үлджээ. Ийм алдааг төр, засаг маань дахин бүү давтаасай хэмээн хүсэх юм даа.
-Гэхдээ армийг дахин өргөтгөн зохион байгуулсан байдаг шүү дээ.
-1960-аад оноос эхлэн улс орны гадаад орчинд гарсан эрс сөрөг өөрчлөлтүүдийн улмаас Монгол Улс өөрийнхөө батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх шаардлагатай тулгарсан юм. Иймд орчин үеийн мотобуудлагын цэрэгт тулгуурласан шинэ үеийн зэвсэгт хүчнийг ЗХУ-ын тусламжтайгаар байгуулан, хөнөөлийн өндөр чадавхтай зэвсэглэл, удирдлагын систем бүхий нэгтгэл ангиуд бүхий Ерөнхий зориулалт, Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүчнийг байгуулж эхэлсэн. Зэвсэгт хүчний хөгжил 1980-аад онд оргил үедээ хүрсэн төдийгүй байлдааны чадавхын хувьд ч, туршлагаараа ч эх орон, ард түмнээ баталгаатай хангах хэмжээнд хүрсэн байлаа.
-Монгол Улс нийгмийн байгуулалтаа өөрчилж, цомхон чадварлаг армитай байхаар хуульчилсан. Үүний дагуу өнөөгийн зэвсэгт хүчин өөрийн онцлогтой хөгжиж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүйтэн дайн дуусаж, хоёр системт дэлхийн дэг журам өөрчлөгдсөнөөр Монгол Улс өөрийгөө хамгаалах стратегийг тунхаглаж, тайван цагт эвсэлд үл нэгдэх, хоёр хөрштэйгөө тэнцвэртэй найрсаг харилцах, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого баримтлахаа зарласнаар салбарын бодлогыг шинэчлэн, цомхон чадварлаг зэвсэгт хүчинтэй байх, энэ хүрээндээ түүний бүтэц, зохион байгуулалт, тайван цагийн чиг үүрэгт өөрчлөлт оруулсан. Энэ бодлогын хүрээнд Монголын зэвсэгт хүчин шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байгаа. Улс үндэстний аюулгүй байдлыг хамгаалах, өөрийнхөө дайны үед гүйцэтгэх чиг үүрэгт бэлтгэх, байгалийн гамшгийн үед иргэдэд туслах зэрэг олон үүргийн нэг нь олон улсын энхийн үйл явцад дэмжлэг үзүүлэхэд оролцох болсон. Монгол Улсын зэвсэгт хүчин энэ үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Зэвсэгт хүчин өнөөдөр бүс нутгийн хүрээнд явагддаг цэргийнхэн хоорондын аюулгүй байдлыг хангах яриа хэлэлцээний үйл явцад идэвхтэй оролцож, энхийг сахиулах ажиллагааны шилдэг туршлагыг хуваалцах олон улсын сургалт, дадлагад манлайлагч байсаар буй нь бахархууштай. Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн өнөөгийн байдлаар дэлхийн 20 гаруй улсад урт, богино хугацааны төрөл бүрийн сургалтад хамрагдан мэдлэг, боловсролоо дээшлүүлж, хүний нөөцийн өрсөлдөх чадвараа улам дээшлүүлсээр байна.
Нөгөө талаар өнөөгийн Зэвсэгт хүчин төр, засгийн шийдвэрийн дагуу НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих нэлээд олон ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын ажилтан, цэргийн баг, цэргийн хүчин илгээн амжилттай оролцож байгаа нь яах аргагүй мэргэжлийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний илэрхийлэл гэж үзэхээс өөр аргагүй. Анх НҮБ-ын энхийн ажиллагаанд цэргийн офицероо илгээснээс хойших 20 орчим жилд бараг 20-иод мянган цэргийн алба хаагчийг түүнд оролцуулаад байна. Үүний дотор НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төв байгууллагад монгол хүн ажиллаж, бүсийн болон секторын командлагчаар манай офицер ажиллах болсон нь том амжилт юм. Манайх НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын эхний 20-д байгаа нь манай цэрэг эл байгууллагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, сайн биелүүлж ирсний илрэл төдийгүй Монгол Улсыг дэлхий дахинаа энхийг эрхэмлэгч орон гэдгийг батлан харуулж буй хэрэг юм даа.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчин зарим төрлийн зэвсэглэлийнхээ системийг шинэчилж байгаа ч яах аргагүй бидний зэвсэглэл, техник, технологийн хувьд маш их хоцорч буйг анхаарахгүй бол болохгүй үед ирснийг энэ ташрамд хэлэх нь зүйтэй болов уу. Манай үндсэн төрлийн зэвсэглэл 30-аас дээш жилийн насжилттай, I, II үеийнх байгаа бол ихэнх улс орон авто, хуягт танкийнхыг 15-25, артиллерийг 15-18, агаарын довтолгооноос хамгаалах системээ 15-20, нисэх хэрэгслээ 18-25 жил тутамд сольж, одоо IV, V, зарим нь бүр V, VI үеийн зэвсэглэл ашиглаж байгаатай харьцуулбал бид хаана яваагаа мэдэж болно.
-Тэгвэл та зэвсэгт хүчний цаашдын хөгжлийн талаар юу хэлэх вэ. Манайх цаг үеэ дагаж төрлийн цэргийг шинээр нэмж байгуулах болсон шүү дээ.
-Дэлхий дахинд даяаршлын, их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлийн нөлөө, бүс нутагт байр сууриа эзлэхийн төлөөх зөрчлийн улбаагаар улс орнууд батлан хамгаалах салбараа илт бэхжүүлж, хөнөөлийн өндөр чадавхтай, автомат удирдлага бүхий зэвсэглэлийн системүүдээр өөрийн цэргийн хүчнээ хангаж байна. Нөгөө талаар дайны тухай ойлголт өөрчлөгдөн эрлийз буюу гибрид дайны онол гарч мэдээллийн, кибер, сэтгэл зүйн, эдийн засаг, улс төрийн нөлөөллийн зэрэг олон арга хэрэгслээр өрсөлдөгч талаа кибер, агаар сансрын орон зай, хуурай газар, тэнгис далайн гадаргуу дээр илт дарамтлан бодлогоо тулгах замаар давуу байдал олж авах өрсөлдөөн хүчтэй өрнөх болсныг өнгөт хувьсгалууд, Арабын хавар, Украин, Уулын Карабахад болсон үйл явдлууд гэрчилж байна. Энэ нөхцөл байдал нь ирээдүйд улс орны аюулгүй байдлыг хангах, түүний дотор Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх асуудалд төр, засгийн удирдлага онцгой анхаарах цаг болсныг харуулсаар байгаа юм. Зэвсэгт хүчин нь тагнуул мэдээллийн найдвартай хангалт авах боломжтой, кибер орон зайд аливаа халдлагыг няцаан, мэдээллийн довтолгоог сөрөх, электрон тэмцлийн хэрэгслийг шуурхай хөгжүүлэх хэрэгцээ байгаа нь харагддаг. Цэргийн хүчнийг шинэ нөхцөлд үүрэг гүйцэтгэх онол, практикийн судалгаанд тулгуурласан үзэл баримтлалыг урт хугацааны хөгжлийн стратегитэй хамт хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Одоогоор дэлхийд 230 орчим улс орон, газар нутаг байгаагийн ихэнх нь Зэвсэгт хүчинтэй байна. Тэд хөгжлөө 20-30 жилээр төлөвлөж, урт хугацаанд өөрийнхөө улс оронд учирч болох аюулгүй байдлын эрсдэл, технологийн хөгжлийн хандлага зэргийг нарийн тооцдог туршлагыг ч бид тусган авах нь зүйтэй мэт санагдана.
-Цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааны талаар ямар үзэл бодолтой байдаг бол?
-Цэргийн алба хаагчид бол хуулиар өөрийнхөө эрхийг хязгаарлуулсан, албан ажлынхаа хажуугаар амьдралаа сайжруулах бизнес эрхлэх эрхгүй, оршин суух газраа сонгох ч эрхгүй гэдэг юм уу, онцгой хариуцлага хүлээсэн иргэд шүү дээ. Тийм болохоор аль ч улс цэргийн албан хаагчдынхаа цалин хангамж, эрүүл мэнд, амьдрах бололцоо, гэр бүлийнхний нийгмийн хамгаалалд төрийн бусад албан хаагчдаас илүүтэй анхаарч байдаг.
Өнөөдрийн зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид ч төр, засгаас тогтоож өгсөн нийгмийн халамж, хамгааллыг эдэлдэг. Цалингийн хувьд төрийн бусад албан хаагчийн адил сүлжээгээр цалинжиж байгаа болохоор дунд зэргийн л орлоготой байдаг нь дамжиггүй. Харин энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчид Засгийн газраас тогтоосон нэмэгдлийг цалин дээрээ нэмж авдаг. Бусад нийгмийн халамж, хамгааллын хувьд иргэдтэй бараг ижил түвшинд байгаа. Харин цэргийнхний гэр бүлийн хувьд нэлээд хүндрэлтэй шүү. Гэр бүлээ даган аль нэг газар шилжин очиход ажил олдохгүйгээс гэртээ сууна. Энэ нь гэр бүлийн орлого буурах нөхцөл болдог. Офицер, ахлагч нар дунджаар 25 жил алба хаахдаа 4-5 удаа шилжин томилогдоно гэж тооцвол хүүхдүүд нь 2-3 сургууль дамжин сурч байж бүрэн дунд сургуулиа төгсөх болдог нь тэдний сурлагын чанарт сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Орон байрын хувьд цэргийн алба хаагчид бусдын л адил зээлээр худалдан авч байгаа шүү дээ.
-Цэргийн албанд ирсэн залуусыг дэглэсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд нэлээд хэл ам дагуулсан. Хугацаат цэргийн албаны талаар юу хэлэх вэ?
-Монгол Улсын иргэн хуулийн дагуу эх орноо батлан хамгаалах үүрэгтэй. Тиймээс жил бүр тодорхой тооны залуусыг хугацаат цэргийн албанд татан, нэг жил алба хаалгаж байна. Цэргийн албанд ирэгсдийн байдлыг харахад нийгмийн тусгал болсон залуус л байдаг. Айлын эрх хүүхэд ч байна, олон хүүхэдтэй айлын хүүхэд ч бий, ажилгүй залуусын төлөөлөл ч байгаа, ажилтай, сургуульд сурч байсан залуус ч ирдэг. Тэдний дунд гэмт хэрэг үйлдээд шийтгэл хүлээсэн хүн ч л байдаг. Тэд бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, дүрэм журамдаа захирагдах, нийгмийн гишүүний хувьд бусад бүх хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Харин офицер, ахлагч нарын хувьд алба хаахаар ирсэн залуусыг үүргээ гүйцэтгэхэд нь шаардагддаг цэргийн мэргэжилд сургах, сэтгэл зүй, бие бялдрын төлөвшил олгох үүрэг хүлээн тэдэнд сургалт явуулж, алба хаах нөхцөлийг нь хангахын төлөө ажилладаг. Заримдаа офицер, ахлагч нар цэргийг өглөөний босохоос орой унтах хүртэл нь буюу хоногт бараг 16-17, зарим нь 24 цагаар жижүүрлэн ажиллах гээд маш их ачаалал үүрдэг. Тэгэхдээ цэрэг бүрийг нүд цавчихгүй харах үүрэг тэдэнд үгүй, суурь хүмүүжлийг нь залруулах үүрэг ч байхгүй. Цэргийн дарга бүр л цэрэгтээ эцэг, эхийг нь орлон сайн туслах, чиглүүлэхийг эрмэлзэж байдаг учраас буруу, зөв зүйл хийхэд нь ухааруулж, зэмлэж, урмын үг хэлж байх, хүнд хэцүү үед нь сэтгэлийг нь хуваалцдаг учиртай.
Харин цэргийн залуус маань нэг үеийнхэн болохоор заримдаа асуудал үүсгэх нь бий. Үүнийг зөв талаас нь тунгаахгүйгээр цэргийнхнийг хэт өрөөсгөлөөр үнэлэх хандлага иргэдийн дунд байгаа нь ажиглагддаг. Сүүлийн үед манай цэргийн дарга нар хэл амнаас нь болгоомжлоод цэргийг хэт анхаарах, ачаалалгүй болгох зэрэг буруу хандлага ч байгааг хэлэхгүй байхын аргагүй. Цэрэг хүн бол хамгийн хүнд нөхцөлд байлдааны үүрэг гүйцэтгэх, шаардлагатай бол үүргээ биелүүлэхийн төлөө амь насаа ч зориулахад бэлэн байх үүрэгтэй. Энэ шаардлага бол цэрэг, бага дарга, ахлагч, офицер, генерал ялгаагүй цэргийн бүх хүнд хамааралтай гэдгийг л ойлгох учиртай. Үүнд л бэлтгэх нь цэргийнхний үүрэг шүү дээ.
-Манай төр, засгийн тэргүүнүүд гадаадад айлчлахдаа тухайн орны дайчдын хөшөөнд цэцэг өргөж байгаа харагддаг. Олон мянган жилийн түүхтэй манай дайчдад зориулсан хөшөө дурсгал байдаггүй юм болов уу гэсэн бодол төрдөг л дөө. Та энэ талаар ямар бодол тээж явдаг бол?
-Тийм шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг албан тушаалтнууд ОХУ, Польш, Австрали гэх зэрэг оронд айлчлахдаа тухайн орны дайчдын дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөхийг харж байлаа. Харин олон мянган жилийн түүхтэй монгол цэргүүдэд зориулсан хөшөө манайд байхгүй гэхэд хилсдэхгүй. Л.Дандар баатар, Ж.Лхагвасүрэн жанжны хөшөөг үр хойчис нь бариулсныг эс тооцвол монгол дайчдад зориулсан хөшөө алга. Гэтэл манай нийслэлд Орос, зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор Зайсан толгойд ч байна. Офицеруудын ордны уулзварт ч бий. Өдгөө дахиад Оросын соёл, шинжлэх ухааны төв (РЦНК)-ийн хашаанд бас хөшөө барихаар төлөвлөж. Төр, засаг яагаад 5000 биш юм гэхэд 2000 гаруй жилийн түүхтэй монгол дайчдадаа зориулж хөшөөт цогцолбор барьж болдоггүй юм бол гэсэн бодол төрдөг. Уг нь 1971 онд Тасганы овооны орчимд тийм цогцолбор барихаар төлөвлөсөн ч ажил хэрэг болоогүй юм билээ. Гадаадын зарим оронд тэгэхэд монгол цэргийн цусаа урсгаж, тулалдаж явсан газрын шороо гээд гэртээ залж аваачин тахиж байх жишээтэй. Тэгэхээр монгол дайчдад зориулсан хөшөө дурсгал Улаанбаатар хотод яагаад байгуулж болохгүй гэж. Үүнийг төр, засгийнхан бодолцох ёстой болов уу.