“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн З.Ган-Очиртой ярилцлаа. Тус компанийн ТУЗ-өөс Монголын талыг төлөөлсөн хоёр, “Рио тинто”-г төлөөлсөн хоёр гишүүнийг багтаасан тусгай хороо байгуулж, төслийн зардлын хэтрэлтийн шалтгааныг шалгахаар ажиллаж байгаа билээ.
-“Оюутолгой” компанийн ТУЗ-өөс байгуулсан тусгай хорооноос гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал ямар нөхцөл байдлын улмаас нэмэгдсэнийг хөндлөнгийн байгууллагаар шинжлүүлэн, дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа. Хөндлөнгийн шинжилгээ хийж, хараат бус дүгнэлт гаргах компаниа сонгон шалгаруулсан уу?
-Сонгон шалгаруулалтыг эцэслээгүй байна. Уул уурхайн салбарт инженерийн болон техникийн зөвлөгөө өгдөг гадаадын томоохон компаниудад хандсан. Сонгон шалгаруулалт төвөгтэй байдалд байгаа гэж ойлгож болно. Оюутолгойн гүний уурхайн хэмжээний бүтээн байгуулалтын шатандаа явж буй зэсийн далд уурхайн төсөл дэлхийд ганц хоёрхон л бий.
…Надад ч тийм мэдрэмж төрж байгаа. Улстөрчид ч ойлгож, өөрөөр ханддаг болжээ. Манай салбарынхан ч бодит байдлыг бас ойлгож хандаж байгаа байх. Хэлэлцээрийг амжилттай болгоход нийтээр зөв ойлголттой байх хэрэгтэй. Дотоод улс төрийн тэмцэл дунд хэлэлцээр хийх нь хэцүү байх. Ялангуяа хэлэлцээр хийж байгаа хүмүүстээ бүр ч хэцүү биз. Монголчууд хэрсүүжсэн гэдэгтэй санал нэг байна…
Далд уурхайн инженеринг, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг уул уурхайн компаниуд сүүлийн 10 жилд цөөрсөн. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зөвлөх инженерингийн олон компани оролцсон. Тэгэхээр цөөн компани дундаас сонирхлын зөрчилтэй, эсэхийг нь анхаарах, хараат бус байж чадахыг нь нягтлах шаардлага тусгай хорооныхонд бий болсон. Энэ нь сонгон шалгаруулалтыг удаашруулж байгаа. Юутай ч товлосон хугацаанд дүгнэлт гаргуулж, ТУЗ-д танилцуулах үүрэг тусгай хороо авчихсан ажиллаж байна. Үйл явцын дунд бас нэг хүндрэл гарч ирлээ. Тусгай хорооны нэг гишүүн өнгөрсөн долоо хоногт ажлаа өгсөн. Тодруулбал, ТУЗ-д хамт ажиллаж байсан, “Туркойз хилл ресурс” компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлманныг албан тушаалаас нь огцрууллаа. Тусгай хорооны нэг гишүүн солигдож байгаа учраас бага зэрэг хугацаа алдах нөхцөл үүслээ гэж бодож байна.
-Цөөн компани л далд уурхайн бүтээн байгуулалтын зөвлөгөө өгдөг гэлээ. Тэгэхээр сонголт хийх гэхээсээ илүү өөрсдийн шалгуурт нийцэж байгаа компанийг уриад ажиллуулчих юм биш үү?
-Дийлэнх инженерингийн компани далд уурхайн бүтээн байгуулалтын аль нэг хэсэгт мэргэшсэн байдаг. Жишээ нь, зураг төслийг нь гаргах, босоо амны төлөвлөлт, хэвтээ нэвтрэлт, барилга угсралт, агааржуулалтын системийн төлөвлөлт, төслийн менежмент, геотехникийн судалгаа хийх, эсвэл зөвхөн тодорхой аргачлалаар гэх мэтээр төрөлжөөд мэргэшчихсэн байдаг юм. Тиймээс уурхайн сүүлийн 5-6 жилийн ажлыг бүхэлд нь харж чадах компани цөөн. Яагаад гэвэл далд уурхайн геотехникийн нөхцөлийн судалгаа, блокоор нураан олборох уулын төлөвлөлт, төслийн менежмент, барилгын инженерчлэлийн гэх мэт олон талын мэдлэг шаардлагатай болно. Үүнээс гадна том төслийн гүйцэтгэлийг хийж байсан туршлагатай хүмүүс багт байх ёстой. Сонгон шалгаруулалт бидний анх бодож байснаас ярвигтай байна. Ийм том төслийг 5-6 жил хэрэгжүүлсний дараа шалгалт хийх нь нүсэр ажил. Ер нь техникийн ажлын өөрчлөлт, төлөвлөлт, гүйцэтгэлийг жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө дүгнэж байя гэсэн саналтай байгаа. “Эрдэнэс Оюутолгой” компани, дотоодын зөвлөхүүд болон нөгөө талын төлөөллөөс бүрдсэн техникийн баг жил бүр хамтарч дүгнээд байх хэрэгтэй. Ингэвэл нэгдүгээрт, хоорондын итгэлцлийн түвшин сайжирна. Хоёрдугаарт, мэдээллээс хоцорчихсон юм шиг байдал үүсэхгүй. Гуравдугаарт, бидний хувьд зардлын хэтрэлт, хугацааны хоцролт зэрэг асуудалд хяналт тавих боломжбүрдсэн.
-Таны энэ саналыг дэмжиж байна уу?
-“Эрдэнэс Оюутолгой” компани, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хүрээнд ярьж байна. Минийх гэхээсээ илүү Монголын уул уурхайн салбарынхны санал гэж хэлбэл зохино. Зөвхөн техникийн тал дээр ч биш, ер нь Монголын талын хувьцаа эзэмшигчдийн төсөлд оролцох оролцоог хангах талаар байнга ярьж явна. ТУЗ-ийн гишүүд ч энэ талаар тодорхой алхам хийх, арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн.
-Таны ярианаас Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтэд дүгнэлт гаргах компанийг сонгох хугацаа сунжирсан гэж ойлголоо. Хэзээ компаниа сонгоод, тэр нь хэдэн сард дүгнэлтээ танилцуулах үүрэг хүлээх юм бэ. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээр эхэлсэн. Хэлэлцээрийн эцсийн үр дүн гаргахад хөндлөнгийн шинжээчийн хараат бус дүгнэлт нэг өгөгдөл нь болно гэж ойлгосон.
-Тогтоосон хугацааны хувьд мэдээж шахуу. Гэхдээ чухал дүгнэлт гаргах учраас чанартай байх ёстой. Ямар ч хамаагүй дүгнэлт гаргуулахын тулд биш, учир шалтгааныг олж тогтоохын төлөө дүгнэлт гаргаж байгаа болохоор хугацаанд баригдахаасаа илүү чанарт анхаарах хэрэгтэй гэсэн хувийн байр суурьтай байна. “Оюутолгой” компанийн удирдлага энэ тал дээр ТУЗ-ийн тусгай хороог сайн дэмжиж цаг алдалгүй ажлыг эхлүүлж дуусгах нь чухал.
-Тусгай хорооноос гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн шалтгааныг тодруулах компанид өгөх техникийн даалгавар боловсруулж байгаа гэсэн. Ямар даалгаврын дагуу ажиллуулах юм бэ?
-Гүнийн уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 онд батлуулаад түүний дагуу ажилласан байдаг. Хэдийгээр уулын ажлын тайлан, төлөвлөгөөнд тусгаад байсан ч зардал хэтэрч, хугацаа хоцорсон мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд нэлээд хожуу өгч эхэлсэн. Зардал 1.4 тэрбум ам.доллароор гэнэт хэтрэхгүй шүү дээ. Монголын тал зардлын өсөлтөөс илүү хугацааны хоцролтыг маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ төслийг 11 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Үүний жилийн хүү хэдийгээр мөнгөн хэлбэрээр төлөгдөхгүй ч 700-800 сая ам.доллар тус компанийн баланс дээр нэмэгдээд явна гэж бодож болно. Төслийн бүтээн байгуулалт хоёр жилээр хоцорч буй нь 1.4 тэрбум орчим ам.долларын хүүгийн хэмжээгээр “Оюутолгой” ХХК-ийн зээл нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хугацааны хоцрогдолд яагаад өндөр ач холбогдол өгөх ёстойг эндээс харж болно. Оюутолгойн ил уурхайг 2013 онд ашиглалтад оруулсан. Зардал нь хэтэрсэн ч хугацаандаа ашиглалтад орсон юм. Тэгвэл энэ удаад зардал нь өсөж, хугацаа хэтэрлээ. Далд уурхай бол нэлээд ярвигтай хүнд бүтээн байгуулалт гэдэг нь ойлгомжтой. Хөрөнгө оруулагчийн яриад байгаа геотехникийн буюу байгалийн өгөгдлүүд нь хүнд, төлөвлөснөөс өөр байсан нь зардал өсөхөд нөлөөлсөн үү. Зардлын хэтрэлт бүгд энэ хүчин зүйлээс хамаарсан уу. Эсвэл анхны зураг төсөл, дизайныг зөв төлөвлөсөн байсан уу. Төслийн гүйцэтгэлийн явцад зөв менежмент хийсэн үү. Ханган нийлүүлэлт хангалттай түвшинд байсан уу. Туслан гүйцэтгэгч компаниудын ажил графикаасаа хоцорсон уу. Иймэрхүү зүйлсийг тодорхой болгоно. Нэлээн олон хүчин зүйлийг судалж бодит шалтгааныг нь гаргана гэсэн үг.
-“Оюутолгой” төслийн зардал өмнө нь хэтрэхэд монголчууд сүйдтэй хардаагүй. Харин энэ удаад “Рио тинто”-г худал төлөвлөгөө гаргасан гэж хардах боллоо. Уул уурхайн шинжээчид “Рио тинто” менежментийн төлбөрт манай улсын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс их мөнгө авсан гэж ярьж байгаа. Энэ мэт мэдээллүүд хөрөнгө оруулагч талд эргэлзэх бодитой шалтгаан болов. Хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт хийлгэснээр хардлагад хариулт өгнө гэж харж байна.
-Дүгнэлт бодит байдлыг тодруулна, үр дүн нь аль нэг талд таалагдах албагүй. Хардах нь зүй ёсны хэрэг. Түрүүн хугацааны хоцрогдлоос үүдэж, зээлийн хүү 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж байгааг хэлсэн. Зардлынх нь бодит өсөлт 1.4 тэрбум ам.долларт хүрсэн. Зардал нэмэгдэж буй нь Монголын талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон холбогдох гэрээг өөрчилж шинээр хийх хэлэлцээр үргэлжилж байна. Гэрээг өөрчилж Монголын талын хүртэх өгөөжийг сайжруулах нь зүйтэй. Би хувийн зүгээс ТУЗ-ийн түвшинд, “Рио тинто” монголчуудын алдарсан итгэлийг буцааж авахаар ажиллах ёстой гэсэн байр сууртай байгаа. Одоо бол төслийн бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд нь, төлөвлөсөн хөрөнгө оруулалтынхаа хэмжээнд дуусгах ёстой. Гүйцэтгэлийг хянах оролцоог Монголын талд гаргаж өгөх шаардлагатай. “Оюутолгой” бол хамтарсан компани. Нэр төдий хамтарч ажиллаж болохгүй. Үнэхээр хамтарсан компанийн түвшинд ажиллах гэж байгаа бол “Рио тинто” Монголын Засгийн газрыг олон жилийн түншээ гэж ойлгох хэрэгтэй. Олон жилийн түншлэлийн харилцааг зохицуулсан гэрээ хэлцэл хийх шаардлагатай. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад зохицуулалтыг аваад үзвэл хамгийн анхны бизнес эхлэх явцын зохицуулалтын шинж чанартай заалтууд их бий ч уул уурхайн үйл ажиллагааны зохицуулалт тун сул. Уул уурхайн компанид хөрөнгө оруулсан л юм бол өдөр тутамд нь биш юм гэхэд тодорхой хугацаанд хянаад явах механизмыг бид суулгаж өгөх ёстой. Тэгэхгүй бол зардал өссөн, хугацаа хойшилсон гэх нөхцөл дахиад үүсэхгүй байх баталгаагүй. Энэ чинь уул уурхайн төсөл шүү дээ, өөрийн гэсэн олон эрсдэлтэй, гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарсан төсөл гэдгийг ойлгож байна. Гэхдээ монголчууд бас хэд хэдэн хамтарсан компани үйлдвэрийн төсөлд оролцдог туршлагатай шүү дээ. Мэдээж Монголын тал ч санаачилгатай ажиллах ёстой. “Эрдэнэс Оюутолгой” ХХК нь цаашдаа бас ямар бизнес төлөвлөгөөтэй, зорилготой ажиллах нь тодорхой, урт хугацаанд төлөвлөлттэй чадалтай, амбицтай компани болж хөгжих байх. Залуучуудаас тийм эрч хүч мэдрэгддэг.
-Дэлхийн том компани хамтарч ажиллаж байгаа учраас гээд “Рио тинто”-д итгээд давуу тал олгоод байсан нь ийм нөхцөлд хүргэсэн юм биш үү?
-Тийм тал байсныг үгүйсгэх аргагүй. Далд уурхайн блоклон нурааж олборлох нь арга их өвөрмөц. Гүний уурхайгаас их хэмжээний нөөц олборлож, газрын гадаргад гаргадаг их төвөгтэй арга юм. Дэлхийд энэ аргаар мэргэшиж олборлолт хийдэг компани цөөн. Барууны компаниудаас АНУ-ын “Ньюмонт”, Австралийн “Ньюкрест”, Английн “Рио тинто”, Чилийн “Коделко” ийм аргаар олборлолт хийдэг. Хятадын ганц хоёр компани бий. Өөр том төслийн хэмжээнд мэргэшсэн компани цөөн. Тиймээс бидэнд “Рио тинто”-г тэвчээртэй сонсох шаардлага гарсан байж магадгүй, ийм төрлийн олборлолтыг, эрсдэлийг ойлгоогүй байж мэднэ. Гэхдээ бид уул уурхайн ерөнхий туршлага арвинтай улс. Энэ салбарыг 100 жил хөгжүүллээ. Зөв бодлого баримтлаад, техникийг нь хянаад, технологиос нь суралцаад явах бааз суурь бий. Монголчууд сүүлийн 10 жил Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй “ноцолдлоо”. Тэгэхээр төрийн түшээдээсээ эхлээд, ард түмэн нь хүртэл энэ гэрээний талаар тодорхой мэдээлэл, туршлагатай болсон гэсэн үг. Энэ туршлагадаа үндэслээд гэрээг сайжруулах нөхцөл бэлхнээ харагдаж байна. Санхүүжилтийн бүтцээсээ хамаараад “Оюутолгой” компаниас эзэмшиж буй Монгол Улсын 34 хувийн хувьцаа эдийн засгийн өгөөж өгөх боломжгүй болсон. Хэлэлцээрийн явцад Монголын Засгийн газар үүнийг засаж чадна гэж итгэж байна. Ер нь манай улс нэгэнт дараагийн 40, 60, 90 жил энэ уурхайг ажиллуулах юм бол “Оюутолгой” ХХК-иас үл хамаарсан энэ талын боловсон хүчнүүдийг бэлдэж байх ёстой. Мөн инженерийн, технологийн, эрдэм шинжилгээ, туршилтын төв байгуулж уул уурхайн, инженерингийн талаар Азидаа тэргүүлэх хэмжээнд очих боломж бий. Өнөөдөр технологи, чадалтай боловсон хүчинтэй байх нь стратегийн давуу тал болдог цаг үед бид амьдарч байна шүү дээ.
-“Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж буй Э.Баясгалан 2050 он гэхэд “Рио тинто” Монголын тал 22 тэрбум ам.долларын өртөй үлдэх санхүүгийн тооцоолол ирүүлсэн гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ нь олон нийтийн эргэлзээг улам лавшрууллаа. “Рио тинто”-гийн нэр хүнд Монголд их унасан. Яагаад ийм маягаар хандаад байгааг олон нийт ойлгохгүй байна.
-Хоёр зүйлээс хамаарч байгаа юм. Нэгдүгээрт, бидний 2009 онд харж байсан, бүр 2015 онд харж байсан дүр зургаас нөхцөл байдал өөрчлөгдсөн. Анх 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, ил уурхайгаа ашиглалтад оруулаад, тэндээс олсон орлогоороо гүний уурхайн бүтээн байгуулалтаа санхүүжүүлнэ гэж тооцож байв. Тухайн үед анхны хөрөнгө оруулалтыг Монголын Засгийн газар “Рио тинто”-гоос зээлж хийсэн. Гэтэл энэ төлөвлөгөө нь хэрэгжсэнгүй. Нэмж 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гүний уурхайг бүтээн байгуулъя гэсэн төлөвлөгөөг “Дубайн гэрээ”-гээр байгуулсан. Одоо дахиад зардлын хэтрэлт яригдаж байна. Ингэхээр суурь эдийн засаг, санхүүгийн нөхцөл нь бидний бодож байснаас өөр болсон гэсэн үг.
Хоёрдугаарт, техник, эдийн засгийн үндэслэлийг нь шинэчилж, ирээдүйгээ харсан тооцоолол хийдэг. Тооцоолол хийхдээ 2020 оны зэс, алтны урт хугацааны үнийн төсөөллийг авч хийсэн. ТЭЗҮ-дээ бусад компанийнхтай ойролцоо үнэ ашигласан. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр төслийн нийт өгөөж буурсан нь харагдаж байгаа. Гэвч Монголын талын хувьцаа эзэмшигчийн хувьд авах өгөөж нь байхгүй болсон. Анх зээлээр авсан 34 хувийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр 2.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Зэс, алтны урт хугацааны үнийн дүн авсан тооцооллоор 2.2 тэрбум ам.долларын зээлээ төлж чадахгүй нь харагдаж байгаа. Урт хугацааны үнийн төсөөлөл ашигласан ТЭЗҮ-ээр ийм үр дүн гарч байна гэсэн үг. Засгийн газрын олон байгууллага, компанийн мэргэжилтнүүд хэлэлцээрийн бэлтгэлийг хангаж байна. Тэд олон янзын тооцоолол хийж, өрийн ачааллыг багасгах, өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа. Олон шийдэл бий, судалсаар байна.
-Монголчуудын Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хандах хандлага 10 жилийн өмнөхөөс илүү хэрсүү болсон нь анзаарагдаж байх шиг. Олон нийт “поп” сэдэвт хөтлөгдөхөө больжээ. Хэрсүүжсэнийхээ хэрээр амжилттай хэлэлцээр хийх болов уу гэсэн найдвар төрж байна. Танд тийм мэдрэмж төрж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Надад ч тийм мэдрэмж төрж байгаа. Улстөрчид ч ойлгож, өөрөөр ханддаг болжээ. Манай салбарынхан ч бодит байдлыг бас ойлгож хандаж байгаа байх. Хэлэлцээрийг амжилттай болгоход нийтээр зөв ойлголттой байх хэрэгтэй. Дотоод улс төрийн тэмцэл дунд хэлэлцээр хийх нь хэцүү байх. Ялангуяа хэлэлцээр хийж байгаа хүмүүстээ бүр ч хэцүү биз. Монголчууд хэрсүүжсэн гэдэгтэй санал нэг байна. Уул уурхай, геологийн талаар ч, санхүү, эдийн засгийн тухайд ч хууль, эрх зүйн асуудлаар нэгдмэл ойлголттой болчихвол чухал. Ер нь энэ удаа нэлээд нэгдмэл байдал ажиглагдаад байна, нам эвслээсээ үл хамаараад, мэтгэлцээнүүд нь илүү ажил хэрэгч шинжтэй. Итгэл үнэмшил төрж байгаа шүү.