“Friends” клубийн тамирчин, Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 5е ангийн сурагч Б.Мөнхүүжин ширээний теннисээр хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж яваа. Түүний авьяасыг хөгжүүлж, ур чадварыг нь ахиулахад дасгалжуулагч Ж.Болд, Ш.Оюун багш нарын хичээл зүтгэл их. Тэрбээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Баянгол дүүрэгт зохион байгуулсан өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Энэ шагнал нь ширээний теннисний тэмцээнээс хүртсэн түүний найм дахь медаль нь. Түүнийг “Шинэ танил” буландаа онцоллоо.
-Хэдэн настайдаа ширээний теннис сонирхож, бөмбөг, цохиуртай нөхөрлөв?
-Найман настай байхдаа ширээний теннис сонирхон тоглож сурсан. Тууштай хичээллээд хоёр жил байна. Би Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 5е ангийн сурагч. Манай хамаатны нэг эгч намайг энэ спортоор хичээллэхийг зөвлөсөн юм. Өнгөрсөн жилээс тус клубийн тамирчин болж, тэмцээнд оролцож эхэлсэн.
-Тэмцээнд түрүүлж, медаль зүүх ямар санагддаг вэ?
-Оролцсон тэмцээн болгоноосоо медаль хүртчихээд сэтгэл догдолж баярладаг. Би найм дахь медалиа өнгөрсөн жилийн аравдугаар сард Баянгол дүүрэгт зохион байгуулсан өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн. Үүнээс дөрөв нь алт, дөрвөн нь мөнгөн медаль. Шагнал авах бүртээ амжилтад хөтөлсөн багшаараа их бахархдаг. Миний ур чадвар богино хугацаанд ахисан нь дасгалжуулагч Ш.Оюун, Ж.Болд багшийн минь хичээл зүтгэлтэй холбоотой. Манай гэрийнхэн намайг сайн дэмждэг. Ангийнхаа нөхдөөсөө би ганцаараа ширээний теннис тоглодог. Сургуулийн удирдлага, ангийн багш нар минь намайг ойлгож, тэмцээнтэй үед хичээлээс чөлөөлдөг юм.
-Теннис тоглохын гайхамшгаас сонирхуулаач?
-Теннис тоглох үнэхээр гоё. Цохиураа бариад ширээ рүү алхахад өөрийн эрхгүй догдолдог.
-Өөрийг тань энэ спорт өөрчилж чадсан уу?
-Ширээний теннис намайг тэсвэр хатуужилтай болгосон. Тэр ч хэрээрээ дасгалжуулагч багшийнхаа хэлсэн шүүмжлэлийг дааж, өрсөлдөгчийнхөө давуу талыг судалж, суралцдаг боллоо. Тамирчин хүн өрсөлдөгчөө ялж, шагналын тавцанд зогссоныхоо дараа л өөртөө итгэлтэй болох хэрэгтэй. Харин амжилт гаргах бүртээ даруу байх ёстой гэж боддог.