МАНАЙХ ШИГ МАЖОРИТАР ТОГТОЛЦОО ИРГЭНИЙ ДАЙН ДЭГДЭЭЖ БАЙВ
Сонгуулийн шинэчлэлийн төлөвлөгөө бүтэлгүйтэж мэдэхээр болов. Өнөөгийн тогтолцоог өөрчилсөн байх хуулийн хугацаанд нэг жил л үлдлээ. Намрын чуулган удахгүй завсарлаж, зургаа, долдугаар сард гишүүд алжаал ядаргаагаа тайлахаар амралт сувилал бараадад явчихна гэж тооцохоор сонгуулийн хуулийг хугацаанд нь батлах янзгүй харагдана. Энэ байдлаас харвал сонгуулийн шинэчлэл явахгүй болж байх шиг.
Өөрчлөхийн тулд тогтолцооны нөлөө, давуу болон сул талыг сайтар судалж улс орныхоо нийгэм, улс төрийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвт тохирох эсэхийг тооцох гээд судалгаа, мэдээлэл, мэдлэгийг хууль тогтоогчдоос ихээр шаарддаг учраас нэг жил ахар богино хугацаа юм.
Монголчуудыг 76 хуваасан одоогийн мажоритар тогтолцоо сонгуулийн олон хувилбар дундаас хамгийн “хөгийн” нь гэнэ. Энэ тогтолцоог улс төрийн нам огт байхгүй, маш сул хөгжилтэй улс орнууд ихэнхдээ сонгож авдаг тухай Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэнгээс онцгойлон дурджээ.
Улс төрийн намын институцийг хөгжүүлэхээр эрмэлзэж буй орнууд Монголын сонгосон өдгөөгийн тогтолцооноос татгалзсан орноор Филиппин, Тайландыг хамгийн сүүлд нэрлэсэн байна. Монголчуудтай үзэл суртлын галын нэг шугамд зогсож байсан Төв болон Дорнод Европын орнууд өнөөдөр биднээс хөгжлөөрөө яагаад түрүүлээд явчихав гэж бодоод үзье. Эдгээр орнын ардчилал, эдийн засгийн хөгжлийн суурь нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгосон явдал билээ.
Монголын Парламентын сонгуульд хэрэглэж буй хувилбар ардчилалд шилжиж буй орны улс төрийн намын төлөвшилд сайнаар нөлөөлдөггүй гэж судлаачид үздэг юм байна. УИХ-ын сонгуулийн одоогийн систем зөвхөн МАН, АН-д ашигтай гэдэг нь болж өнгөрсөн сонгууль, түүний үр дүнгээр маш тодорхой нотлогдож ирсэн.
Энэ нь жижиг намуудыг улс төрийн тавцангаас шахах гол хүчин зүйл болж ирсэн бөгөөд ийм байдал даамжирч цагаандаа хүрвэл иргэний дайн ч дэгдэхэд хүрч байсан гашуун түүх байна. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэргийн “буруутан” нь сонгуулийн өнөөгийн тогтолцоо юм. Харин буруутны буруутан нь МАН, АН болох нь маргах зүйлгүй үнэн. Одоогийн УИХ улс орноо нийгмийн хямрал, иргэний дайны хөлд түйвээхгүй гэсэн чин хүсэлтэй нь үнэн юм бол сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх ажлыг яаравчлмаар байна. Монголд үйлчилж буй сонгуулийн яг энэ тогтолцооноос үүдэж Лесотод иргэний дайн гарсан.
МАХН 1992 оны сонгуульд 50 гаруйхан хувийн санал авсан хэрнээ УИХ-ын 76 суудлын 71-ийг авсан яг тэр маргаан тус улсыг эгээтэй л ертөнцийн хөрснөөс арчаад хаячихаагүй юм билээ. Тэгэхэд энэ улсын эрх баригч нам 60 гаруйхан хувийн санал авсан хэрнээ Парламентынхаа 65 суудлын 64-ийг нь нэг мэдэхэд “хулгайлчихсан” гэдэг юм, 1993 онд. Түүнээс үүдэлтэйгээр хэдэн жил үргэлжилсэн иргэний дайнаас гарахын тулд хувь тэнцүүлсэн системийг улс төрийн намуудын зөвшилцлийн үр дүнд нэвтрүүлсэн. Энэ орныг яагаад жишээ болгож сонгов гэж асуу. Монгол Улс яг тэр зам руу хальтирч орох дээрээ ирээд байгаа учраас л зориуд Лесотог сонгож харсан хэрэг.
ЭНЭ ТОГТОЛЦОО МОНГОЛД ЮУ АВЧРАВ. ЦААШИД ЯМАР ГАМШИГТ ХҮРГЭХ ВЭ
1992 оноос хойш мажоритар буюу олонх-дийлэнхийн гэх энэ тогтолцоонд Монгол Улс шилжсэн. Түүнээс хойш, зөвхөн жижиг, нэр төдий засвар хийж ирэв. Энэ систем Монголд сайнаасаа илүү саар зүйл ихийг авчирчээ. Сонгогчдын санал хоёр том намын хооронд савлах, санал гээгдэх, луйвардах, улс төрийн авлига, төрийн албан хаагчид намчирхах олон сөрөг үр дагавар энэ тогтолцооны гажгаар бий болж, МАН, АН-ыг дамжсан улс төрийн авлигын сүлжээ одоогийн нийгмийн хөрснөөс ховхлох аргагүйгээр бэхжив.
Бизнесменүүд шударгаар хөдөлмөрлөх боломжгүй болсон, тансаг, айдасгүй байхын тулд улс төрийн хоёр том намд хандив буюу улс төрийн авлига өгөхөөс аргагүй шахааны дор амьдарч байна. Одоогийн хэрэглэж буй тогтолцоо уг нь Ерөнхийлөгчийн засаглалтай орны Парламентад илүү зохимжтой аж. Түүнээс бус манайх шиг Парламентын засаглалтай улсад огтоос хэрэггүй эд юмсанж. Хэрэглэсэн орнуудын Пар - ламентад хэт тэнцвэргүй байдал үүсэж, нэг хүний гарт эрх мэдэл шилждэг юм байна.
Ялсан намын дарга Ерөнхий сайд болно. Улсын хамаг хөрөнгийг атгадаг Ерөнхий сайд олонхиороо дамжуулан Парламентаа атгана. Иргэний дайнд хүргэдэг зам эндээс эхэлдэг юм байна. Вестминстерийн ардчилал гэж үүнийг хэлдэг бөгөөд эрх мэдлийн хуваарилалтын эсрэг зарчим гэж үздэг.
Ялсан намын дарга Ерөнхий сайд болж, УИХ дахь олонхиороо дамжуулан УИХын ажиллагааг хянах болсон зэргээр ямар ч байсан гамшигт хөтөлсөн эхний үзэгдлүүд өнгөрсөн түүхээр нэгэнт нотлогдоод байгаа. 2008 оноос хойших МАН, АН-ын хамтарч гаргасан хөгжлийн томоохон шийдвэр, улс төрийн зөвшилцлийг эс тооцвол харилцан сөргөлдсөн хоёр том намын тогтолцоо Монголд бий болсон юм.
Энэ нь улс төрийн намын төлөвшилд сөргөөр нөлөөлж буйг судлаачид сануулсаар буй. Зөвшилцөх, буулт хийх явдал нь улс төрийн ардчиллын нэг гол үзүүлэлт, намын төлөвшлийн үндсэн шалгуур. Гэтэл ах хоёр намын тэмцэл заримдаа харгис ширүүндээ хүрэх нь бий.
Хэрвээ нийгэмд гуравдагч намуудын оролцоо байвал тэнцвэр бий болно. Ийм орон зай байхгүйгээс биенесменүүд бизнесээ аврахын тулд том намуудын харцаар хөдөлж, хүссэн хэмжээний улс төрийн авлига өгөлцөж, авалцаж байна. Зарим нь нам байгуулж арьсаа хоохойлох арга саам хайдгийг “Буян” Б.Жаргалсайхан, “Эрэл” Б.Эрдэнэбат, “XLTA” Б.Батболд нарын жишээгээр харж болох юм.
Улс төрийн авлига нийгмийн хөрсөнд гүн шигдсэнээс улсын эдийн засгийн хөгжлийг боомилж, төрийн алба, улсын үйлдвэрийн газрууд хоёр гол намыг санхүүжүүлэх хэрэгсэл болж хувираад уджээ. Хяналтгүй нам хүчирхэгжих хэрээр нөлөө, эрх мэдэл бүхий этгээдүүдийг тойрсон, долдойдсон хиймэл бүлэглэл бий болж байна. Энэ нь нийгмийн давхаргын ялгааг хөндийрүүлж, хөрөнгөтөн, гуйлгачин гэсэн туйл бий болгож ирлээ.
Тартагтаа тулсан орон, түүний иргэдийн ялзарсан нийгмээ эрүүлжүүлэх тэмцлийн эцсийн арга нь зэвсэглэсэн бослого байдаг аж. Эрхэм УИХ-ын гишүүдээ! Долдугаар сарын 1-ний хэрэг явдал тохиолдол биш шүү дээ. Сануулга. Муу амлахыг хүсэхгүй байна.
Гэхдээ сануулах нь, яг ийм тогтолцооны гажиг, цөөнгүй оронд иргэний дайн дэгдээснийг анхааруулах нь зөв биз ээ. Гэтэл Монголтой нэг зэрэглэлд байсан Европын социалист орнууд бидний дэргэд гэрлийн хурдаар хөгжиж байгаагийн үндэс, суурь нь сонгуу - лийн тогтолцоогоо зөв сонгосон буюу хувь тэнцүүлсэн хувилбараас хамгийн оновчтойг нь авч чадсанд байгаа юм.
ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТОГТОЛЦОО СӨРГӨЛӨӨНӨӨС ЗӨВШИЛЦӨЛ БИЙ БОЛГОНО
Сөргөлдсөн хоёр том намын системээс зөвшилцлийн улс төрийг бий болгоё. МАН, АН сөргөлдөж байхдаа 2008 оныхоос хойших шиг хөгжлийн томоохон шийдвэрүүдийг хэзээ гаргаж байлаа. Зөвшилцөл бол ардчиллын гол шинж чанар, улс төрийн намын хөгжлийн гол шалгуур гэдгийг дахин сануулъя. Хувь тэнцүүлсэн тогтолцоо руу шилжих иргэний эр зориг гаргаж чадвал Монголд нүүрлэсэн улс төрийн авлига, эдийн засгийн томоохон гэмт хэрэг, түүний сүлжээ, зохион байгуулалттай бусад гэмт бүлэглэл, доромжлогдсон ардчиллаа, эх орноо монголчууд аварч чадна. УИХ-ын сонгуульд хэрэглэж буй мажоритар системийг хувь тэнцүүлсэн хувилбараар сольж чадвал улс төрийн ардчилалд үсрэлт болох нь дамжиггүй.
Түүний жишээ нь коммунист дэглэмийг монголчуудтай хамт нэг цаг үед халсан Европын ихэнх орон юм. Бидэнтэй ижил хувь заяа туулсан зарим орны сонгуулийн тогтолцоог уншигч Та хүснэгтээс харж байна. Мажоритарыг сонгосон нь алга. Тэдгээр оронд ардчилал баталгаажиж, ил тод, нээлттэй байдал бэхжиж, сайн засаглал тогтож, намууд төлөвшсөн үндэс суурь нь хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгосных хэмээн судлаачид тайлбарлаж байна.
БОСГО
Хувь тэнцүүлсэн системийн илэрхий давуу тал юу вэ?
Улс төрийн намын төлөвшил, Парламентын зөвшилцлийн соёл нэвтэрнэ. Зөвшилцөл гэдэг бол маш том чадвар. Сонгогчийн санал гээгдэхгүй. Босгын хувьд таван хувийг Монголд боломжийн гэж үздэг юм байна. Энэ нь хэт олон нам Парламентад орж ирэхийг хаахаас гадна сонгогчдын төлөөллийг бүрэн хангахад ойртсон хувилбар байж болох талтай. Бас хяналтын механизм төлөвшихөд хэрэгтэй.
Дэлхийн улсуудын тогтоосон дундаж босгын хувь 3-5 хувь байдаг аж. Орос, Туркт 7-10 хувийн босго байдаг нь үндэсний эрх ашигтай нь холбоотой гэх юм билээ.
Туркийн хувьд шашны салан тусгаарлагчдыг төрийн эрх мэдлээс шахах бодлогоор 10 хувь тогтоосон байдаг бол оросууд долоон хувиа багасгах бодлого баримталж байгаа гэсэн. Таван хувийн босго бол зөвшлийн ардчиллыг хөгжүүлэхэд боломжийн гэж судлаачид үзэж байна.