Монголын үндэсний шигшээ баг, Орхон аймгийн “Хангарьд” клубийн тамирчин, спортын мастер Д.Дашнамжил амжилтаараа тэргүүлж яваа сайн харваачдын нэг. Тэрбээр Тайланд улсад 2015 онд болсон Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, Монголд зохион байгуулсан хүүхдийн спортын V их наадмын байт харвааны ганцаарчилсан, хосын төрөлд тус бүр алтан медаль авч, спорт сонирхогчдыг баярлуулж байв. Монголд 2018 онд болсон залуучуудын УАШТ-д түрүүлсэн бол өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийнхэд удаалсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Улсын мэргэн Д.Оюунханд үндэсний сур, байт харваагаар хичээллэдэг. Өөрийнхөө дуртай спортод таныг урвуулсан гэв үү?
-Тийм ээ, намайг энэ спортод урвуулж, амжилтын замд хөтөлсөн ачтан тул багшаараа их бахархдаг. Байт харваагаар хичээллэхэд тамирчдынх нь төлөв даруу зан чанарт татагдаж билээ. Тамирчин болох хүсэлдээ хөтлөгдөн ирсэн надад тэдний хандлага, нэгнээ хүндлэх соёл, биеэ авч яваа байдал нь бэлтгэл хийсэн эхний өдрөөс л таатай сэтгэгдэл төрүүлсэн. Спортын өндөр босгоор алхаж, хэдэн жил хичээллэсний эцэст тамирчин гэж дуудуулсан тэр өдөр маш их догдолсноо мартдаггүй. Түүнээс хойш гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө итгэлийг алдахгүйг хичээж явна. Би тамирчин болохоосоо өмнө цахилгааны инженерийн мэргэжил эзэмшинэ гэж боддог байлаа.
-Тамирчид аз, амжилт дагуулсан анхны медальдаа хайртай байдаг. Танд ч гэсэн тийм шагнал бий байх.
-ОУХМ Ц.Базарсүрэнгийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын УАШТ-ий багийн төрөлд өрсөлдөж, шагналынхаа салхийг хүрэл медалиар хагалсан. Олон тэмцээнд амжилт гаргах урам зориг, эрч хүч хайрласан болохоор энэ медальдаа их хайртай. Түүнээс хойш оролцсон олон тэмцээнээс медаль хүртжээ.
-Тамирчин хүний амжилт гэр бүл, найз нөхөд, хамт олных нь дэм тусаас ихээхэн шалтгаалдаг юм билээ.
-Байт харваа өртөг өндөртэй спорт. Миний хувьд эхний жилүүдэд харвааныхаа хэрэгслүүдийг худалдаж авдаг байсан бол одоо улсаас хангадаг боллоо. Хэчнээн хэцүү байсан ч гэр бүл, дасгалжуулагч багш, баг хамт олон минь дэмждэг болохоор саад бэрхшээлтэй бага тулгардаг. Мөрөөдлийнхөө оргилд хараахан гараагүй ч тэднийхээ итгэл найдвар, сайхан сэтгэлийн хүчинд урагшилж байгаа. Хааяа нэг сэтгэлээр унах үедээ “Өдий хүртэл явчихаад энд хүрээд зогсохгүй шүү” гэж өөртөө хэлдэг. Энэ үг минь намайг халширч шантрах, сөхөрч буцахаас авардаг. Гэрийнхэн минь миний баатар. Би айлын ганц хүү болохоор ч тэр үү, манайхан надад сайн ханддаг юм. Дэмждэг хүмүүсээсээ урмын үг сонсож, өөрийнхөө хүндэлдэг нөхөдтэй мөр зэрэгцэн алхаж яваадаа баярладаг.
-Өөрийг тань хэр тамирчин бэ гэдгийг олон зүйлээр сорьсон тэмцээнийхээ тухай сонирхуулаач.
-Намайг хэр тамирчин бэ гэдгийг оролцон тэмцээн болгон тодорхойлох байх. Тамирчид өөрийнхөө хэр хөдөлмөрлөснийг хичээл зүтгэлээрээ харуулж, амжилтаас атгадаг шүү дээ. Тиймээс спортын талбарт үнэ цэнгүй олддог шагнал, амархан тэмцээн гэж байдаггүй. Амрах завгүй зүтгэсний эцэст баяр, бахархал төрүүлж ирсэн шагнал, өөрийгөө сорьсон тэмцээн надад цөөнгүй бий.
-Өрсөлдөгчөө ялж, өөрийгөө тамирчин болжээ гэдгийг хэзээ мэдрэв?
-Өрсөлдөгчдөө маш их хүндэлдэг. “Дайсныхаа” давуу талаас суралцана гэдэг сайн чанар. Надад олон өрсөлдөгч бий. Чадварлаг тамирчдыг хараад өөрийгөө өөрчилж, хөгжүүлж чадсан авьяас, ухаан, туршлагаар нь бахархдаг. Би тийм тамирчидтай хамт бэлтгэл хийж байгаа.
-Азийн туршлагатай харваачдаас танд хамгийн их бахархал төрүүлсэн тамирчин хэн бэ?
-БНСУ-ын шигшээ багийн тамирчин Ли Ву Сукийн (Lee Woo Seok) харвах техник тун сонирхолтой болохоор анхааралтай үздэг. Түүнийг шилдэг харваач гэдгээр нь бахархдаг. Миний үеийн тамирчдаас амжилтаараа цойлж яваа. Дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилт гаргаж, 2019 оноос байт харвааны тамирчдыг ур чадвараараа тэргүүлж эхэлсэн. Энэ спортоор хичээллэдэг тамирчид аюулгүй байдлын дүрмээ маш сайн баримталдаг. Тиймээс тэмцээний үед техникээ мэдэрч сурах нь хамгийн чухал.
-Найзуудаасаа байт харваа руу уруу татав уу?
-Би Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. Намайг тэмцээнд хэрхэн харвахыг минь сонирхож үзсээр байгаад байт харваанд дуртай болсон хүмүүс бий. Тэднийг энэ спортод сэтгэл татагдаж, хэзээ нэгэн цагт хичээллэнэ гэдэгт итгэдэг.
-Тэмцээнд оролцохдоо өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
Миний хэлэх дуртай үг “Саад бэршээлийн өмнө хэзээ ч сөхөрч болохгүй. Даван туулаад эцсийн үр дүнг нь заавал хар”.
-Таныг байт харваагаар хичээллээд амжилт гаргахад хэн урам хайрлаж, хамгийн сайхан үг хэлэв?
-Амжилт гаргах болгонд минь баяр хүргэж, урмын үгээр харамгүй шагнасан хүмүүст талархаж явдаг. Эмээ минь намайг элдэв чамин үгээр магтдаггүй ч тухайн үеийн нөхцөл байдалд тааруулж, голыг нь олж хэлдэг. Хэлсэн үг болгон нь ухаан хайрладаг юм.
-“Шавийн амжилт багшаас” гэдэг. Багш тань та нарыг ямар арга барилаар удирддаг бол?
-Багшийн минь магтаж, зэмлэсэн үг бүхэн сэтгэлд хүрч, мартагдахааргүй хоногшиж үлддэг. Хатуухан хэлсэн үг нь намайг хурцалж, өрсөлдөгчдөө амархан ялагдахгүй байх зан чанарт сургасан. Амжилт гаргахад шүүмжлэл, зөвлөгөө нь маш их нөлөөлдөг юм.
-БНХАУ-ын Шанхай хотод ирэх тавдугаар сард Дэлхийн цомын аварга шалгаруулах, дараа нь Францын Парист багийн төрөлд олимпын эрх олгох тэмцээн болно. Манайхан бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Үндэсний шигшээ багийн тамирчид дээрх тэмцээнүүдэд амжилттай оролцохоор харвалтын техникээ жигдрүүлэхэд анхаарал хандуулан бэлтгэлээ шаргуу хийж байгаа. Манайхан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох, дараа нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн төрөлд олимпын эрх олгох тэмцээнээс эрх авахаар зорьж байна.
-Бэлтгэлийн дараа өөртөө цаг, зав гаргадаг уу?
-Тамирчид бэлтгэлдээ цаг хугацаа их зарцуулдаг болохоор заваар хомс. Би чөлөөт цагаараа тамирчдын амьдрал, амжилтын тухай өгүүлсэн баримтат кино үзэх дуртай. Тэдний өөртөө өгч буй урам зориг, ялалтын торгон мөчүүдээс нь маш их энерги авдаг. Бэлтгэлийн дараа намуухан, уянгалаг хөгжим сонсоход сайхан амралт болдог юм. Сүүлийн үед “Flora cash-you’re somebody else” дууг байнга сонсдог болсон. NBA-ийн тоглолтуудыг аль болох цаг алдалгүй үзэхийг хичээдэг. Сонирхолтой, өрсөлдөөнтэй спорт болохоор их таалагддаг юм.
-Байт харваагаар сонирхож хичээллэхийг хүсдэг залууст өөрийнхөө зөвлөгөөг хүргээч. Уншаад зөв сонголт хийх ч юм бил үү.
-Байт харваа спортын төрлүүдээс хамгийн эрсдэл багатай. Анх хичээллэсэн өдрөөсөө давуу тал, гайхамшгийг нь мэдэрч эхэлдэг. Энэ спортоор хичээллэхээр сонирхож буй залууст “Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл хөдлөлөө сайн барьж сураарай. Тамирчин хүн саад бэрхшээлийн олон давааг хатуужил тэсвэрээр давдаг. Зорилго руугаа тэмүүлэхэд хамгийн сайн нөхөр бол өөрийн тань хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр. Өөрийнхөө төлөө юу хийнэ түүгээр чинь амьдрал чамайг шагнана. Хичээж зүтгэсэн өдрүүдийг тань үнэлж, нэг өдөр л амжилтаас атгуулдаг юм. Тиймээс итгэл найдвараа бүү алд. Зорилгодоо хүртэл зоригтой, тууштай зүтгэ. Тамирчид уйгагүй хөдөлмөрлөсний эцэст өөрийгөө өөрчилж чадсанаараа бахархдаг юм шүү” гэж хэлье.